logo
Чехийн тэргүүн Шадар сайдыг хүлээн авч уулзлаа

Чехийн тэргүүн Шадар сайдыг хүлээн авч уулзлаа

2013/04/29
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын хурлын төлөөлөгч, Чех улсын тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Карел Шварценбергийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа. Монгол, Чех улсууд олон жилийн уламжлалт, найрсаг харилцаатай. Европын холбоо, түүний дотор Чех улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг гэж Ерөнхий сайд хэллээ. 

Манай улсын 300 гаруй иргэн Чехэд дээд боловсрол эзэмшсэн. Өнөөдөр 120 гаруй монгол оюутан суралцаж байна. 2010 онд Тэргүүн шадар сайд байхдаа Чехэд очиж туршлага судалж байсан талаар Ерөнхий сайд дурдлаа. Хоёр орны эдийн засгийн харилцаанд ахиц гаргахад Монгол Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссийн хуралдаан чухал үүрэг гүйцэтгэж байгааг Засгийн газрын тэргүүн хэлээд энэ оны 8 дугаар сард энэ хуралдаан Прагад болно, энэ нь уламжлалт харилцаагаа сэргээхэд, танай орны туршлагаас суралцахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Монгол Улсын эдийн засаг хөгжиж байгаа нь илт мэдрэгдэж байна. Гэхдээ уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх нь чухал. Энэ тал дээр манай улс туршлагатай. Энэ туршлагаасаа хуваалцах, хамтран ажиллахад бэлэн гэж Чехийн тэргүүн шадар сайд хэлж байлаа. 

Тэрбээр 60 жилийн өмнө Монголын түүхийн ном уншиж, бахархан танай сайхан оронд очихыг мөрөөддөг болсон. Энэ хүсэл минь биелж байгаад баяртай байна гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш