Улаанбаатарт болж буй АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцож байгаа Йемений хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналт хатагтай Тавакул Карман, Холбооны Бүгд найрамдах Нигери улсын дэд Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Мохаммед Намади Самбо нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа.
Йемений хүний эрхийн төлөө тэмцэгч, Хил хязгааргүй эмэгтэй сэтгүүлчид олон улсын байгууллагын тэргүүн хатагтай Тавакул Карман нь хамгийн залуудаа буюу 32 насандаа Нобелийн шагнал хүртсэн хүн юм. Мөн энэ шагналыг хүртсэн анхны араб эмэгтэй, хоёр дахь Ислам шашинтан гэдгээрээ алдартай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хатагтай Тавакул Карман нар ижилхэн сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс юм. Энэ тухайгаа тэд онцлон дурдаж байлаа. Хатагтай Тавакул Карман хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцлээрээ Арабын ертөнц, дэлхий дахинд танигдсан бөгөөд Монгол Улс түүний энэ үйл ажиллагааг өндрөөр үнэлж АОХН-ийн Сайд нарын долдугаар хуралд ийнхүү уриад байгаа юм.
Хатагтай Тавакал Карман уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд, Сонгуулийн хууль дахь эмэгтэй гишүүдийн квотын сэдвийг сонирхож байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоо өмнөхөөс нэмэгдсэн, алхам алхмаар энэ үзүүлэлт дээшилнэ гэдэгт итгэлтэй байгаа. Сонгуулийн хуулиар нэр дэвшигчдийн 20 хүртэл хувийг эмэгтэйчүүд эзэлж буй талаар ярилаа. Хатагтай Тавакал Карман Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль маш сайн хууль, Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг орон гэдгийг сайн мэднэ хэмээж байв. Тэрээр Монгол Улсын хуулиудыг сонирхож буйгаа хэлж хаанаас англи хэл дээр олж уншиж болох талаар ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвлөгөө авлаа.
Зүүн Европын орнуудад 1989 онд эхэлсэн ардчилсан хөдөлгөөний буухиаг Ази тивээс Монгол Улс үргэлжлүүлж, ардчилсан хувьсгалыг тайван замаар хийж чадсан, өнгөрсөн хугацаанд ардчиллаа бататган гүнзгийрүүлж, АОХН-ийг хоёр жилийн хугацаанд амжилттай даргалан буухиагаа шилжүүлж байгаа талаар уулзалтын үеэр ярилцав. Мөн Арабын ертөнц, бүс нутгийн болон олон улсын сэдвээр санал солилцлоо.
Нигери улсын дэд Ерөнхийлөгч Мохаммед Намади Самбог бараалхах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Ерөнхийлөгч Гүүдлак Жонатантай сайн танилууд гэдгийг дурдажтөлөөлөгчдөө даргалан ирсэнэрхэмсэг ноён дэд Ерөнхийлөгчийгэх орондоо хүлээн авч уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Нигерийн дэд Ерөнхийлөгч Мохаммед Намади Самбо“Монгол Улс нь маш гайхамшигт түүхтэй, дэлхийд нэртэй орон гэдгийг мэддэг” гээд өдгөө ч ардчиллыг амжилттай хөгжүүлж, АОХН-ийг тэргүүлж ирснийг тэмдэглэлээ. Нигери улс Африк тивийн ардчиллын гол орнуудын нэг болохыг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч онцолж байв.
Монгол Улс, Нигери улсын хооронд 1971 онд дипломат харилцаа тотоосон бөгөөд өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг тэмдэглэллээ.