logo
Улаанбаатарын тунхаглал /Бүрэн эхээрээ/

Улаанбаатарын тунхаглал /Бүрэн эхээрээ/

2013/04/30
ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН ОЛОЛТ АМЖИЛТУУД БА ДЭЛХИЙН СОРИЛТУУД

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2013 оны 4 дүгээр сарын 29-нд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд оролцогчид бид

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг байгуулах тухай 2000 оны 6 дугаар сарын 27-нд баталсан Варшавын тунхаглал болон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын дараагийн бага хурлуудын шийдвэрийн зорилго, зарчмуудаар авсан хатуу амлалт, хүлээсэн үүргээ дахин нотолж,

НҮБ-ын дүрмээр хүлээсэн үүрэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон олон улсын холбогдох бусад баримт бичгийн зарчим, зорилгыг нийтээрээ баримтлахыг дахин тэмдэглэн,

Ардчилал, хөгжил, хүний бүхий л эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх нь харилцан хамааралтай бөгөөд бие биенээ батжуулж байдгийг дахин нотолж,

Ардчилал нь хүний эрх, үндсэн эрх чөлөө, хуулийн засаглалыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлж хамгаалах, энх тайвныг бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах засаглалын хамгийн танигдсан хэлбэр гэсэн итгэл үнэмшлээ дахин тэмдэглэж,     

Улс орнууд бүх төрлийн ялгаварлан гадуурхах явдлыг устгахаар ажиллаж, улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн бүрэн оролцоог ханган эрэгтэйчүүдтэй адил хэмжээнд хүргэх нөхцөлд хүний эрх, ардчилал болон хуулийн засаглал бэхжинэ  гэдгийг хүлээн зөвшөөрч,

Засгийн газар нь ард түмэндээ ил тод, нээлттэй, үр нөлөөтэй бөгөөд хариуцлагатай байх, ардчилсан институцуудыг дэмжсэн, хувь хүнээ хүндэтгэсэн, аливаа ялгаа зөрүүг тэвчсэн, олон ургалч үзэл, хуулийн засаглал бүхий чөлөөтэй, нээлттэй нийгэм нь ач тусаа хүн бүрт бодитоор хүртээхийн ач холбогдлыг онцлон,

Шийдвэр гаргах, бодлого тодорхойлох, ардчиллын чанар, зүй тогтол болон үр нөлөөг сайжруулахад иргэний нийгэм чухал үүрэг гүйцэтгэж буйг дахин нотлон,

Вильнюс хотноо 2001 онд болсон сайд нарын бага хурлаас хойш чөлөөт, шударга сонгуулиудын тоо нэмэгдсэн зэргээр дэлхийн олон оронд ардчиллын нааштай хандлагууд гарч байгааг сайшаан,

Дэлхийн олон оронд ардчиллын үнэт зүйлсийг хүндэтгэх явдал өсч байгааг, тухайлбал, Хойд Африк, Ойрхи Дорнодод хийгдсэн анхны алхмууд, Мьянмарт явагдаж эхэлсэн улс төрийн шилжилт зэргийг талархан хүлээн авч,

Зарим улс оронд нийгмийн болон улс төрийн эрх, иргэний эрх чөлөөг бэхжүүлэн хамгаалах явдал буурч, иргэний нийгэм болон санал бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, шашин шүтэх, итгэн үнэмших эрх чөлөөг боймилж буйг сэтгэл зовнилтойгоор тэмдэглэж,

Улс орныхоо ардчилсан хөгжлөөс хүч түрэмгийлүүлэн гадна үлдсэн Малигийн ард түмэнд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлэн, өргөн хүрээт үндэсний яриа хэлэлцээ болон урт хугацааны эвлэрлийн замаар Мали Улсад олон ургалч үзэл, тогтвортой ардчилал бүхий хуулийн засаглалыг эргэн тогтооход дэмжлэг үзүүлэх Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн шийдвэрийг дахин тэмдэглэж,

Дэлхий дахинд ардчилал, түүний үнэт зүйлийг дэмжин батжуулахад Нэгдсэн Үндэстний Байгууллага, ардчиллын хөгжлийн асуудлаарх бүс нутгийн байгууллагууд, урьд өмнө байсан болон одоо байгаа бусад санаачлагууд  чухал үүрэг гүйцэтгэхийг баталгаажуулж,

Варшавын тунхаглал болон олон улсын бусад баримт бичигт тусгагдсан зорилт, Мянганы хөгжлийн зорилтууд зэргээр хүлээсэн амлалтуудыг бэхжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны гүйцэтгэх үүргийг санан, энэ чиглэлээр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг нь туршлага солилцох, бие биедээ дэмжлэг үзүүлэх зэргээр чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэдэгт итгэн,

Хүйсийн тэнцвэртэй байдал болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан бэхжүүлэх нь  хүний эрхийн үндсэн бүрэлдэхүүн бөгөөд ардчиллын суурь шалгуур гэдгийг эргэн санаж,

Доорхийг батлав:

1. Гишүүн орнуудад болон дэлхий дахинд ардчиллыг урагшлуулах, ардчиллын зарчмууд, бодит байдал хоорондын заагт гүүр болох, үүний тулд гишүүн орнуудын үндэсний төдийгүй олон улсын холбогдох оролцогчидтой,  өөр хоорондоо, мөн  олон улсын сонирхогч бусад талуудтай ил тод, өргөн хүрээнд хамтран ажиллах шийдвэрээ бид дахин нотолж байна.

2. Литва Улс даргалах үед санаачилсан АОХН-ийн шинэчлэлийн үйл явцыг үргэлжлүүлэх үүрэг амлалтаа бид дахин нотолж, Вильнюст 2011 онд болсон Сайд нарын бага хурлаар шийдвэрлэсний дагуу анхны Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороог тус тус байгуулсан, анхны Ерөнхий нарийн бичгийн даргыг томилсон, байнгын Нарийн бичгийн дарга нарын газрыг эрх зүйн үндэстэй болгосон зэрэг Монгол Улс даргалах үед хийгдсэн байгууллагын шинэчлэлүүдийг талархан хүлээн авч байна.

3. Ардчиллын боловсролыг дэмжихэд даргалагч улсаас хэрэгжүүлсэн бодитой үйл ажиллагааг бид сайшааж, ардчилсан нийгэм, инститүцүүдийг бэхжүүлэх, хүний эрхийг хангах, Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхэд хувь нэмэр оруулах НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Ардчиллын боловсролын тухай A/RES/67/18 тоот тогтоолын бүрэн төгс хэрэгжилтийг хангахын төлөө хамтран ажиллах болно. Түүнчлэн, АОХН-ийн нийт гишүүн орнууд Боловсролоор дамжуулан ардчиллын соёлыг бий болгох тухай Олон улсын удирдах зөвлөлийн Шарлоттесвилийн тунхаглалд тусгагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд анхаарлаа хандуулахыг уриалж байна.

4. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн доорх зорилтуудыг дэмжих чиглэлээр тус нийгэмлэгийн ажлын хэсгүүд Вильнюсийн Сайд нарын бага хурлаас хойш авч хэрэгжүүлсэн дараах тодорхой үйл ажиллагаанд бид баяр хүргэж байна:

- Иргэний нийгмийн ажлыг хэт хязгаарласан хууль, журам батлахаас урьдчилан сэргийлж түүнд чиглэсэн дипломат үйл ажиллагааг зохицуула иргэний нийгмийг хамгаалах, тэдэнд боломж олгох;

- Шинэ ардчилсан орнуудын удирдагчдын сүлжээ ба түүний ажлын хэсэг болох ардчилсан шилжилтийн удирдагчидтай тэргүүн туршлага, нөхөрсөг солилцоо, шинэчлэл болон хуулийн засаглалын талаарх мэдээллээ хуваалцах цахим талбарыг байгуулах;

- Олон улсын семинар зохион байгуулах, ерөнхий бүтцийг боловсруулах, ардчиллын боловсролын сургалтын хөтөлбөр, материал бүхий шинэ цахим номын сан байгуулах зэрэг практик үйл ажиллагаанд Ардчиллын боловсролын ажлын хэсгийн үйл ажиллагааг төвлөрүүлж, сайжруулах;

5. Түүнчлэн Хамтын нийгэмлэгийн хэрэгжүүлсэн бусад үйл ажиллагааг бид сайшааж байна. Үүнд:

- Эмэгтэйчүүдийн манлайллын олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо 2012 оны 7 дугаар сард зохион байгуулсан;

- Ази Номхон далайн сайд нарын анхны албан бус уулзалтыг Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сарын 28-нд зохион байгуулж, ийм уулзалтыг АОХН-ийн Сайд нарын Бага хурлын үеэр байнаг зохион байгуулаж байхаар шийдвэрлэсэн;

- Бүс нутгийн иргэний нийгмийн үйл ажиллагааг бэхжүүлэх, Азийн орнуудад ардчиллын ололтыг бататгахад чиглэсэн Ардчиллын төлөөх Азийн сүлжээг байгуулсан;

- Ардчилсан хөгжлийн талаар бүс нутгийн болон улс хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүлсэн;

- Ардчиллын боловсрол, хуулийн засаглал болон ардчиллыг дэмжих зэрэг асуудлаар НҮБ-ын Ардчиллын бүлгийн уулзалтуудыг зохион байгуулсан,

- Тунис болон Молдавын Ардчиллын түншлэлийн сорилтын ажлын хэсгийн эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн;

- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн статустай болох өргөдөл гаргах үйл явцыг эхлүүлсэн;

- Лива Улс даргалах үед байгуулагдсан Ардчиллын төлөөх парламентын чуулган нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн харъяа бүтэц болж хүлээн зөвшөөрөгдсөн;

- Мали Улс ардчилсан тогтолцоонд эргэн шилжих үйл явцыг дэмжих зорилгоор Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Анд нөхдийн бүлгийн анхны уулзалтыг Бамако хотноо зохион байгуулсан;

- Мьянмарын ардчилсан шилжилтийг дэмжих Түр бүлгийг байгуулсан,

- Ардчилсан засгийн газруудын ил тод байдал, хариуцлага, хүлээн зөвшөөрөгдсөн байдал болон үйл ажиллагааны үр дүнг сайжруулах чиглэлээр иргэний нийгэмтэй үр дүнтэй хамтран ажиллахыг дэмжсэн.

6. Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд хуралдаж, ардчиллын шинэчлэлийг хөгжүүлж, бэхжүүлэхэд тулгарч буй сорилт, боломжууд тэр дундаа ардчиллын төлөө нээлттэй засаглалыг хөгжүүлэх арга зам, авлигатай илүү үр дүнтэй тэмцэх тухай асуудлыг хэлэлцсэн АОХН-ийн 5 тулгуур болох парламент, иргэний нийгэм, эмэгтэйчүүд, залуучууд болон бизнесийн салбарын чуулга уулзалтын тодорхой, бодитой үр дүнг бид сайшааж байна. Түүнчлэн эдгээр нь нээлттэй засаг, ил тод байдал, ардчилалд шилжиж буй улс орнуудыг дэмжих зэрэг асуудлаар харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлох боломж олгосон. Сайд нарын бага хуралд оруулсан бөгөөд энэ Тунхаглалын хавсралт болсон эдгээр чуулга уулзалтын хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Тэдгээр нь АОХН-ийн зүгээс цаашид уг тулгууруудтай хамтран хэрэгжүүлэх бодит үйл ажиллагааны үндэс болно.

7. Манай улс орнуудад илүү ардчилсан засаглалыг дэмжих, ардчилалд нь сорилт тулгарч буй орнуудад ардчилсан үнэт зүйлсийг хамгаалан хөгжүүлэхэд чиглэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бид шийдвэр төгс байна.

Энэ зорилгын үүднээс бид:

- Ил тод, хариуцлагатай, ардчилсан засаглалыг хөгжүүлэх, шаардлагатай бол үүнд тулгарч буй сорилтыг даван туулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаарх Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн тулгууруудын үйл ажиллагааг дэмжих;

-  Хүний эрх, үндсэн эрх чөлөө болон ардчилсан засаглал нь бусдад нээлттэй хөгжлийн гол бүрэлдэхүүн хэсэг мөн болохыг цохон тэмдэглэх, түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгээс  2015 оноос хойшхи хөгжлийн хөтөлбөрт туйлын ядуурлыг арилгах ажлыг тусгуулах талаар тус тус хамтран ажиллах;

- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн  19/35 дугаар тогтоолд заасны дагуу сайн засаглал, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалж хуулийн засаглалыг дээдэлдэг ардчилсан нийгэм бүрэлдэх үйл явцад тус дөхөм үзүүлэх зорилгоор ардчилалд шилжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх;

- Иргэний нийгмийн үйл ажиллагаанд үндэслэлгүй хязгаарлалт тавьдаггүй хууль тогтоомжийг батлах зэргээр иргэний нийгэмд зохистой орчныг буй болгох явдлыг бүх улс оронд дэмжин хамгаалах;

- Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайвнаар эвлэлдэн нэгдэх, шашин шүтэх, итгэн үнэмших эрхийг хамгаалан бэлжүүлэх, эрх нь зөрчигдсөн болон эрхээ эдэлж чадахгүй байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэх; чингэхдээ, хүний эрх, түүний дотор үзэл бодлоо илэрхийлэх эрх нь цахим болон цахим бус байдалд аль алинд нь хамааралтайг онцлох;

- Ард түмний хүсэл санааны жинхэнэ, ил тод байдлыг хангахын тулд сонгуулийн олон улсын ажиглалтыг сайжруулж, шаардлагатай бол сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцолгүйгээр сонгуулийн болон бусад үйл явцын шударга, үр дүнтэй байдлыг сайжруулах талаар зөвлөмж гаргаж байх;

- Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Нэгдсэн Үндэстний Байгууллага дахь үүргийг бэхжүүлэхэд дараах бадлаар дэмжлэг үзүүлнэ:

•  НҮБ-ын дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Варшавын тунхаглалын зорилуудыг  Ерөнхий Ассамблей, Хүний эрхийн зөвлөл болон НҮБ-ын бусад байгууллагад дэмжихэд НҮБ-ын Ардчиллын бүлэг тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг хөхиүлэн дэмжих;
•  Тайвнаар хуран цуглаж, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, үзэл бодолтой байж,  түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө болон хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх Тусгай илтгэгчдийн үйл ажиллагаа зэрэг ардчилалтай холбоотой асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын тусгай механизмын үйл ажиллагааг дэмжих;
•  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ардчиллын сан болон НҮБ-ын бусад холбогдох байгууллагууд, Соёл иргэншлийн холбоотой нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх.

- Эмэгтэйчүүдийг чадавхижуулах, улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралын бүх хүрээнд тэдний бүрэн оролцоог хангах, мөн хүйсийн үндсэн дээр хүчирхийлэх явдалтай тэмцэх зорилтуудыг дэмжих; (Энд санаа нэмэгдэнэ)

- Ардчилсан засаглалд бүхий л түвшинд иргэний нийгмийн үйл ажиллагааг дэмжих хүч чармайлтаа нэмэгдүүлэх

- Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг бүрэн бие даасан олон улсын байгууллага болгохын ач тусыг судлах.

8. Бид Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн шинэ Дарга болох Эль Сальвадор Улсад өөрсдийн болон бусад улс оронд ардчилал, түүний үнэт зүйлсийг бэхжүүлэн хамгаалах олон талт хүч чармайлтыг тэргүүлэх үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, талархан хүлээн авч байна.  

9. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг гарамгай сайн даргалж Ази Номхон далайн бүс болон дэлхий дахинд ардчилал, түүний үнэт зүйлсийг ахиулах хүчин чармайлт гаргасан Монгол Улсад бид дахин баяр хүргэж байна. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд нь Монгол Улсад талархал илэрхийлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш