БОНХ-ийн Сайдын тушаалаар байгуулагдсан “Мазаалай хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг”, “Мазаалай хамгаалах сан” хамтран уран бүтээлчдийн дунд зарласан Мазаалайг олон нийтэд таниулах видео бүтээлийн уралдааны дүн гарлаа. Зөвхөн Монголд данстай Мазаалай баавгайн талаархи уралдааны видео ролик, видео бүтээлийн төрөлд “AJU”, “Залуус”, “Мичид”, “креатав тренд”, “news agency” зэрэг 9 студи 12 бүтээлээ ирүүлжээ.
Бүтээл шалгаруулах комисс хуралдаж, видео ролик төрөлд Х.Төрмөнхийн “Мазаалайг аварцгаая”, Г.Бадралын “Мазаалай” бүтээлийг шалгарууллаа. Харин таван минут хүртэлх видео бүтээлийн төрөлд Б.Лувсанхүүгийн “Говийн бор хүү”, Ц.Баатарсүрэнгийн “Азгүй баавгай”, Ц.Мөнхбаярын “Мазаалайн өчил” зэрэг бүтээлийг шалгаруулав. Комиссын гишүүд шалгарсан бүтээлүүдийг Мазаалай баавгайг олон нийтэд танин мэдүүлэх, /ховор амьтан/-г хамгаалах төрийн үүргийг чухалчлах, Мазаалай баавгайн хамгаалалд хүн бүрийн оролцоог чухалчлах, Мазаалай судлалыг хөгжүүлэх зэрэг тавигдах шаардлагад нийцсэн гэж үзэж байна.
Бүтээл шалгаруулах комисст Хэвлэл мэдээллийн албаны дарга, доктор Ч.Базар, “Мазаалай хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга А.Баясгалан, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Амгалан, “Мазаалай хамгаалах сан” –гийн менежер Д.Тэмүүлэн, “Согоот гоо марал” ТББ-ын тэргүүн, доктор О.Доржраа нар ажиллажээ.
БОНХЯАМНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА