logo
Солирын бороо энэ сарын 12-13-ны шөнө “орно”

Солирын бороо энэ сарын 12-13-ны шөнө “орно”

2011/08/11
Манайхны хэлдэгээр од харвах үзэгдлийг солирын бороо хэмээдэг бөгөөд энэ шөнө од ганц нэгээрээ биш хэдэн зуугаараа харвах нь. Яг л салют буудаж байгаа мэт үзэгдэл бөгөөд байгаль бидэнд сонихон бэлэг барих гэж байна.
Тодруулбал, нарыг тойрон яваа манай дэлхий сансар огторгуйд шатан нисч яваа түм буман солиртой тааралдах нь. Солироор борооны үзэгдэл тэр бүр дэлхийд ажиглагдаад  байдаггүй гэнэ.
Гэхдээ та бүхэн галтай солирууд олон зуугаараа дэлхий дээр унах гэж байна гэж бүү андуураарай. Зүгээр л тэнгэрт олон зуугаараа зэрэг харвах гэж байна. 12-ны шөнөөс эхлэх энэ үзэгдэл үүр цайхаас өмнө оргил үедээ хүрэх бөгөөд энэ үед минутад 100 болоод түүнээс дээш солирын зэрэг харвах нь харагдах аж.
Одон орон, геофизик судалгааны хүрээлэнгийнхэн энэ үзэгдлийг ч мөн тандан судалж байгаа агаад байгалийн энэ сонин үзэгдэл наран дээр болдог дэлбэрэлтээс үүддэг соронзон шуурга адил хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж мэдээлж байгаа юм.
Гэхдээ хүний үйл ажиллагаанаас болон сансрын мандалд үлдсэн олон зуун хиймэл дагуулын үлдэгдэл болох сансрын хог хаягдалтай мөргөлдвөл дэлхий дээр унаж ирэх магадлал бас байгаа гэлээ. Өнгөрсөн жил болсон солирын борооны үеэр хиймэл дагуулын үлдэгдэл манай орны нутагт унаж ирж байсан аж. Түүнчлэн дутуу шатсан солирын үлдэгдэл галтайгаа эх газар дээр буух үзэгдэл ч байс байдаг болохоор тийм зүйл болохгүй гэх газаргүй хэмээн тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд хэллээ.

Г.Бурмаа
 

Сэтгэгдэлүүд

Дээш