logo
Түлшний үнэ буурахыг хүлээх зуурт хөдөөд хийн конденсат боловсруулж түлш гаргажээ

Түлшний үнэ буурахыг хүлээх зуурт хөдөөд хийн конденсат боловсруулж түлш гаргажээ

2011/08/11
Энэ сарын гуравнаас  АИ-92, АИ-80  түлшний үнэ 90 төгрөгөөр нэмэгдэж 1700 төгрөгт хүрсэн билээ. Өнгөрсөн мягмар гаригт  Газрын тосны газар нефть импортлогчидтой  хуралдсаны эцэст ханшийг 30 төгрөгөөр бууруулахаар болсон. Түлш импортлогчид Засгийн газартай  зөвшилцөхгүй бол импортлох эрх нь цуцлагдах учир бууруулахаас аргагүй болжээ. Өргөн хэрэглээний барааны үнэ мөн 100-150 төгрөгөөр нэмэгдсэн хэрнээ энэ шийдвэрийн дараа эргэж буураагүйг Үндэсний статистикийн хороо мэдээлж байгаа. Засгийн газар импортлогчидтойгоо түр зуур зохицсон болж аргацаасаар байна. Дээр нь Гаалийн албан татвар, Онцгой албан татвараас бүрэн чөлөөлсөн шийдвэр хүртэл гаргаж импортлогчдыг төрөл бүрээр харж үзээд байгаа. Гэтэл түлшний үнэ нэмлээ, буурууллаа гэсэн үгэн дээр  дөрөөлөгдсөөр цаана нь ард түмэн хохирсоор. Энэ сарын 18-наас түлшний Онцгой албан татварыг тонн тутамд 100 мянган төгрөг болгох үүрэг Засгийн газраас өгсөн байна. ЭБЭХЯ-ны Түлшний бодлогийн газрын дарга Н.Болдхүү “ Боловсруулах үйлдвэрийн дөрвөн компанид зөвшөөрөл олгосон. Захаасаа шаваа тавиад эхэлсэн” гэж ярьсан. Эдгээр нь  “Монгол сэкию”, “Сод Монгол” групп, “ MG OIL”,  “M OIL” аж. Өнөөдөр шаваа тавьж буй компани үйлдвэрээ барьж бэлэн бүтээгдэхүүн гаргаж эхэлтэл дор хаяж хоёр жилийн хугацаа шаардлагатай. Нөгөө талаас засаг эдгээр компанийг хэт монополь болгохоос болгоомжилсон бодлого барьж байгааг ЭБЭХ-ний сайд хэлсэн байдаг.
Гэтэл Монгол сэкию” компаниас бусад компанийг оролцуулахад дотоодын хэрэглээний  дөнгөж  арван хувийг хангаж чадна. Ийм тохиолдолд монополь болж чадах уу. Энэ асуултын хариу хөдөө орон нутагт хийн конденсат боловсруулж, А-80, дизелийн түлш, мазут туршилтаар үйлдвэрлэсэн “Петролиум продакшн” компани  дотоодын үйлдвэрлэгчдээсээ болгоомжилдог засагт бэлэг барьжээ. Тус компани 2000 онд ОХУ-ын хөрөнгө оруулалттайгаар Орхон аймгийн Баян-Өндөрт  байгууллагджээ. 2000-2005 он хүртэл үйлдвэрлэл явуулж Улаанбаатар, Хөвсгөл, Завхан аймагт түлш шатахуун нийлүүлж  байжээ. Хийн конденсат нь түүхий нефтийн хамгийн хөнгөн буюу автобензин болон дизель түлшний агууламж өндөртэй бүлэг юм. 2005-2008 он хүртэл  ОХУ-ын Гаалийн татвар, хэт өндөр үнийн дарамтаас болж  түүхий эд авах боломжгүй болж зогссон байна. Харин сүүлийн гурван жил уг үйлдвэрийг сэргээхээр хөөцөлдөж багагүй зардал гаргасан. Одоо эднийх ОХУ-аас 700 тонн хийн конденсат оруулж  А-80, дизель, мазут үйлдвэрлэж  туршсан байна. Үйлдвэр жилд 40-50 мянган тонн түлш үйлдвэрлэх чадалтай аж. Өөрөөр хэлбэл татвар, үйлдвэрлэлийн зардал нэмэгдээд эцсийн бүтээгдэхүүн гаргахад зах зээлд одоо борлуулагдаж буй бэлэн бүтээгдэхүүний үнэд очиж дүйцэх ажээ. Тиймээс Засгийн газарт импортын түүхий эдийн гаалийн татвар, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний онцгой болон НӨАТ хөнгөлөлт хүссэн албан бичгээ явуулаад байгаа аж. Үйлдвэр анх баригдахдаа ОХУ-ын хийн конденсатын чанарт тохируулан баригдсан,технологитой  учраас Монголын түүхий нефть боловсруулах боломжгүй байгаа нь асуудлын гол нь ажээ. Түлш импортлогчдод Гаалийн татварын таатай боломжийг Засгийн газар үзүүлээд байгаа. Харин тэд ард түмэнд тогтвортой үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүй байна.Тэгэхээр түлш шатахуун үйлдвэрлэгчдийн гаднаас оруулж ирэх түүхий эдийн бүтээгдэхүүнд татварын хөнгөлт үзүүлж болох талаар бодох л үлдэж байна.

Ц.Мягмарбаяр

Сэтгэгдэлүүд

Дээш