logo
Оюутан залуусаа ажлын гараагаа эхэлж, орлоготой болцгооё

Оюутан залуусаа ажлын гараагаа эхэлж, орлоготой болцгооё

2013/06/19
МЗХ, Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа Ажилтай, орлоготой Монгол залуу хөтөлбөр аль хэдийнээ бүртгэл нь эхэлж, оюутан залуучууд эхнээсээ ажлын байрандаа очжээ. Оюутнуудыг цагийн ажилд зуучлах “Цагийн ажил”, залуучуудыг зуны 2 сарын амралтаар 4, 4-өөр нэг баг болгож 331 сумдад ажиллуулах “Сумын залуус”, мөн оюутан залуучуудыг улс эх орныхоо бүтээн байгуулалтанд татан оролцуулж 21 аймагт жишиг өвөлжөө барих, хадлан хадах, ургац хураалтанд ажиллаж өөрийн орлогоо нэмэгдүүлэх, мэргэжил ур чадвараа хөгжүүлэн туршлагажих боломжоор хангах зорилгоор хэрэгжүүлэх “Ажлын гараа” төслүүдийг тухайн хөтөлбөрийн хүрээнд эхлүүлээд байгаа юм. “Ажлын гараа” төсөлд 15 залуус нэг баг болж ажиллах бөгөөд нийт 28 баг гарах юм байна. Эдгээр 28 багуудаас 21 баг нь 21 аймагт жишиг өвөлжөө барих, харин 7 баг нь хадлан хадах, ургац хураах, авто зам, төмөр зам, барилга байгууламж зэрэг их бүтээн байгуулалтанд оролцож, зуны амралтаараа өөрийн орлоготой болох боломжтой юм байна. Энэхүү төсөлд хамрагдаж оюутан залуучууд зохион байгуулагч МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржэд бүртгүүлэн, хуваариласан компаниудад хөдөлмөрийн гурвалсан гэрээ байгуулан ажиллах юм байна. Бүртгэлийн хугацаа эхэлсэн байгаа бөгөөд энэ төсөлд бүртгүүлэх залуус МЗХ-ны төв байр 201 тоотод ирэх буюу 321814 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч болох гэнэ.

Сэтгэгдэлүүд

Дээш