logo
“Титаник”-ын ослоос амь үлдсэн зорчигчийн яриа

“Титаник”-ын ослоос амь үлдсэн зорчигчийн яриа

2011/08/31
Титаник хөлөг онгоц осолдсоноос хойш бараг 10 жилийн дараа тус онгоцны нэгдүгээр зэрэглэлийн тасалгаанд явсан зорчигчийн мэдүүлгийг хэвлэн гаргажээ.
Лора Францателли уурын хөдөлгүүрт дэлхийн хамгийн том хөлөг онгоц живэхэд 1500 гаруй хүн орлилдон хашгирч, хүйтэн усанд живж байгааг нүдээрээ харсныгаа хар дарсан зүүдтэй адилтгажээ. Хатагтай Францателли барон /Британид баян хүнийг ингэж дууддаг/ Космо Дупп Гордоны нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд түүний даргын эхнэр Льюси Кристиана тэдэнтэй хамт Титаник хөлөг онгоцоор аялж байжээ. Энэ гурван хүнийг цөөхөн үлдсэн аврах завины нэгэнд хэрхэн суусан болон усанд сэлж буй хүмүүс дээр эргэж очих санал тавиагүй талаараа ярьсан байна. Аврах завь нь багийн долоон гишүүн, таван зорчигч л тээвэрлэх хүчин чадалтай байсан аж. Ноён Космо живж буй хөлөг онгоцноос буухын тулд бараг 300 фунт зарцуулсан бөгөөд хөлөг онгоцны гишүүн болгонд 5 фунт өгсөн байна. Баян эрийн амийг аврахыг тулд авсан энэ мөнгийг зарим хүн нь цуст мөнгө хэмээн үзэж байжээ.
1912 онд живсэн Титаник хөлгийн ослын шалтгааныг тогтоох албан ёсны байцаалтын үеэр авсан гэрчийн мэдүүлэгт хатагтай Францателли энэ талаар өгүүлсэн байна. Гэрчүүдээс авсан мэдүүлэг бүхий түүхэн баримт одоо олон нийтэд ил болж, үүнийг 15 мянган фунтээр худалдахаар төлөвлөж байгаа аж. Титаник хөлөг онгоц живэх үед Францателли 31 настай байсан бөгөөд 1912 оны дөрөвдүгээр сарын 12-нд хөлөг онгоц мөсөн уул мөргөсний дараа түүний амарч байсан өрөөнд ус орж ирэхэд Францателли хамгийн түрүүнд сэрж, өрөөнд хамт даргаа сэрээсэн байна.
«Хөлгийн нэг гишүүн хүрч ирээд надад аврах хантааз өгч, Та битгий санаа зов, бид зүгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Энэ бол түгшүүр биш гэж хэлсэн. Үүний дараа бид хөлгийн тавцан дээр гарахад далайн ус бидэнд өмнөхөөсөө илүү ойртсон мэт санагдсан. Тиймээс би ноён Космод хандан «Бид живж байна» гэж хэлэхэд тэрбээр намайг «дэмий зүйл ярихаа боль» гэж хэлсэн. Хөлөг онгоцноос эхлээд зөвхөн хүүхэд эмэгтэйчүүдийг түрүүлэн аврах завинд суулгаж байсан бөгөөд ноён Космог бидэнтэй хамт явахыг эхэндээ зөвшөөрөөгүй. Хатагтай Льюси бид хоёрыг хөлгийн ахмад завинд суухыг тушаахад нь бид ноён Космог суухаас нааш суухгүй гэж маргалдсаны эцэст түүнийг завинд суулгасан. Биднийг нилээд хол явсны дараа Титаник живсэн юм. Үүний дараа усанд олон мянган хүн сэлж, орлилдон хашгирч байсан. Тэд хэр удаан хүйтэн усанд амьд байсныг сайн мэдэхгүй байна. Хөлөг онгоц бүхэлдээ живэхэд тэнд тас харанхуй болсон. Энэ үед буцаж очин хүмүүсийг аврах талаар нэг ч хүн ярихгүй байсан. Би ч юм яриагүй» гэж Титаникийн сүйрлээс амьд үлдсэн хатагтай Францателли мэдүүлэгтээ дурджээ. Тэрбээр мөн хоёр цагийн дараа Карпатиа хөлөг онгоц ирж, тэднийг аврах хүртэл тэсгэм хүйтэнд хэрхэн амьд үлдэхийн төлөө тэмцэн жижиг завь дээр шахцалдаж байсан талаар ярьжээ. Завиар явж байхад багийн гишүүд хөлөг онгоцонд өөрсдийн эд зүйл, цүнхээ орхисон талаар ярихад ноён Космо тэдэнд мөнгө өгнө гэж хэлж байсан Энэ ослоос амьд үлдсэнийхээ дараа Космо аврах завинд байсан хөлгийн долоон гишүүн тус бүрт таван фунтын чек бичиж өгсөн надад хэлсэн гэж Францателла мэдүүлсэн байна.
«Титаникийн талаар маш олон ном, зохиол, баримт байдаг ч энэ бол уг ослыг нүдээр харсан гэрчүүдээс авсан мэдүүлэг, жинхэнэ баримт» гэж уг баримтыг худалдах дуудлага худалдааны газрын ажилтан мэдэгджээ. Титаникийн осолд аврах завь хангалттай байгаагүй гэсэн гол маргаан нь гэрчийн мэдүүлгээс харахад арай өөр байдалтай байжээ. Нэг аврах завинд хөлгийн долоон гишүүн байсан нь зорчигчоосоо илүү тоо бөгөөд энэ нь харин шинэ маргаан үүсгэж болох юм.
Хатагтай Францателли 1967 онд Лондон хотноо өөд болжээ. Тэрбээр нас барах хүртлээ энэхүү гэрчийн мэдүүлгийн хуулбараа хадгалж байсан бөгөөд үүний дараа гэр бүлийнхэн нь хадгалж байв. Хожим нь энэ баримт хувийн эд зүйл цуглуулагчийн өмч болсон аж. Гэрчийн мэдүүлгийн баримтыг 10 дугаар сарын 16-нд дуудлага худалдаанд оруулах юм.

Сэтгэгдэлүүд

Дээш