logo
Үндэсний түүхийн музейн үзмэрийн танхимаас гэгээн цагаан өдөр эд зүйлс алдагдлаа

Үндэсний түүхийн музейн үзмэрийн танхимаас гэгээн цагаан өдөр эд зүйлс алдагдлаа

2011/08/31
Үндэсний түүхийн музейн үзмэрийн танхимаас гэгээн цагаан өдөр эд зүйлс алдагдсан байна. Энэ талаар тус музейн мэнэжер Д.Мөнхтогоогоос лавлавал "Тийм ээ. Ийм харамсалтай явдал тохиолдсон нь үнэн. Энэ сарын 25-ны өдөр буюу Хүннү гүрний үзэсгэлэн нээгдэхийн өмнөх өдөр энэ явдал тохиолоо. Шинэ томоохон хэмжээний үзэсгэлэн гаргах гээд ажил ихтэй, бужигналдсан өдрийн 12-13 цагийн хооронд ажилтнуудын цайны цагийн үеэр л дээ. Үзмэрийн танхимын үзмэр харагч нар цайндаа орох үед 4 үзмэр харагчийн хоёр нь цайндаа орсон байж. Үлдэх хоёрын нэг нь 00 руу явсан үед касснаас тасалбар худалдан авя үзэгчийн журмаар орсон хэн нэгэн этгээд үзмэрийн шилэн хоргыг хагалж хоёр ч тамга хулгайлсан байгаа. Гэхдээ эдгээр хоёр тамга нь жинхэнэ эх тамга бус, харин хуулбар үзмэр байсан. Нэг нь Тд.98-25 үзмэрийн хувийн дугаартай гипсээр хийж, шар боронзоор будсан Сэцэн хан аймгийн 1912 оны тамга юм. Үүний жинхэнэ эх тамга нь хэнтий аймгийн угсаатны зүйн музейд хадгалагдаж буй. Нөгөө нь Тд. 98-26 үзмэрийн хувийн дугаартай, гипсээр хийж, мөнгөн боронзоор будсан, бар бариултай 1911 оны  Монгол улсын төрийн тамга юм. Мөн үүний эх тамга нь Богд хааны музейд хадгалагдаж байгаа. Алдагдсан хуулбар тамганууд адилхан 4500 төгрөгөөр үнэлэгдсэн эд л дээ.
Тухайн үед ийм хэрэг гарсан даруйдаа бид цагдаагийн байгууллагад яаралтай хандаж бүртгүүлсэн. Үүний дагуу цагдаагийн шинжээчдийн баг ирж ажилласан байгаа. Иймээс гэмт этгээд тун удахгүй баригдах болов уу гэж найдаж байна. Цагдаагийнхан хэргийн газраас хурууны хээ зэргийг авсанаас гадна манай үзмэрийн танхимуудад байрлуулсан хяналтын камерт болсон явдал тэмдэглэгдэн үлдсэн байгаа. Бичлэгээс харахад саравчтай малгайтай, пүүз өмссөн залуу хүн байсан. хаа газрын л хулгайч юм болохоороо камераас аль болох нүүр царайгаа малгайгаараа далдалсан байдалтайгаар гарсан. энэ хэргийн мөрөөр хэвлэл мэдээллийнхэн ч олноороо ирж мэдээлэл авч байна. Маргааш өдөр нь Хүннү гүрний үзэсгэлэн нээгдэх гэж оволзсон байдалтай байсан үеийг гэмтэн сонгон авсан ч байж мэднэ.

С.Энх-Амар

Сэтгэгдэлүүд

Дээш