logo
Он солигдох мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага болно

Он солигдох мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага болно

2013/12/06
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Нийслэлийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах төсвийг батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсэг байгуулах ажлын хэсгийн дарга Ц.Энхцэнгэл танилцууллаа.
Нийслэлийн шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгээс баярын хөтөлбөрийн дагуу 12 сарын 15-ны өдөр болох төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслолын ажиллагаа  болон 12 сарын 31-ний өдрийн баярын цэнгүүний бэлтгэл ажил хийж байна. Энэ жилийн хувьд шинэ шийдэл бүхий гэрэлтүүлэг, тоглолт, тайз засалт, гэрлэн чимэглэлээр иргэдэд өвөрмөц бэлэг барихаар төлөвлөжээ. Тухайлбал Д.Сүхбаатарын хөшөөг тойрсон 4 ширхэг торшёрт сүлд модны хэлбэртэй бүслүүр хийж цэнхэр гэрлээр, төв талбайн сүлд модыг бүхэлд нь шар гэрлээр, талбайн урд хэсэгт байрлах сэндвич байшингийн хойд талыг туузан гэрлээр чимнэ. Эдгээр гэрлэн чимэглэлийг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК 19,8 сая төгрөгөөр гүйцэтгэхээр төсөвт тусгасан байна. Мөн сүлд модны дэргэд “Улаанбаатар 2013-2014” гэсэн бичиг, өвлийн өвгөний хамт байрлуулахад 5 сая төгрөг төсөвлөж, иргэд баярын зураг авхуулах боломжийг бүрдүүлэх юм. 12 сарын 15,31-ний өдрүүдэд болох үйл ажиллагааны том, жижиг тайзууд, гэрэлтүүлэг, хөгжим, техник, аппаратур, лед дэлгэцийг “Sound of Mongolia” ХХК хариуцаж байгаа бөгөөд 80 сая төгрөгөөр гүйцэтгэхээр болжээ. Баярын цэнгүүний нэгэн оргил хэсэг болох Шинэ жилийн баярын ёслолын буудлагыг Чингис хааны талбай, Сонгионохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Шархад, Сүхбаатар дүүргийн Долоон буудал гэсэн 4 байршилд зохион байгуулахаар төлөвлөж 40.000.000 төгрөг зарцуулах тооцоо гаргасан байна. Шинэ жилийн баярын цэнгүүний Ерөнхий найруулагчаар Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байна. Энэ жилийн үдшийн цэнгүүн урьд жилүүдийнхээс илүү шинэлэг найруулгатай байхаас гадна их хотын залуусдаа зориулж олон сонирхолтой үзүүлбэрийг бэлтгэж байгааг ажлын хэсгийнхэн онцолж байна. Тоглолтод Lumino, A sound, 3 Охин, The Lemons, Ufo, Colors, Rec On хамтлагууд, МУГЖ Сарантуяа, дуучин A Cool, Реппер Gee, Дөлгөөн, Хишигдалай, Чойжоо гээд Монголын рок попын 50 гаруй уран бүтээлч оролцох юм. Харин 12 сарын 15-ны өдрийн үйл ажиллагаанд Монголын хүүхдийн ордоны авъяаслаг уран бүтээл хүүхдүүд ая дуугаа өргөх бөгөөд нийт урлаг, уран сайхны тогтолтод 31,5 сая төгрөгийг төсөвлөжээ. Мөн иргэдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор халуун цай, аарц, түргэн хоолны үйлчилгээнээс гадна тодорхой цэгүүдэд ил галыг зориулалтын төмөр саванд түлнэ. Ингээд нийслэлийн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 187,3 сая төгрөг зарцуулах тооцоог ажлын хэсгээс гаргасан байна.
Дээрх үйл ажиллагаанаас гадна дүүрэг бүрт шинэ жилийн баярыг тэмдэглэх, иргэдрүүгээ чиглэсэн хөтөлбөр гарч байгаа юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд ажлын хэсгээс гаргасан төсвийг баталж, баярын үйл ажиллагааны үеэр гарч болох эрсдэл, иргэдийн аюулгүй байдлыг сайтар ханган ажиллахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш