logo
МАН-ын бүлэг түмнээ түшиж, баялаг бүтээгчдээ дэмжиж, төрөө хянаж ажиллана

МАН-ын бүлэг түмнээ түшиж, баялаг бүтээгчдээ дэмжиж, төрөө хянаж ажиллана

2014/01/07

С.Бямбацогт: Цагаан сараас өмнө цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэхийг шаардана

УИХ дахь МАН-ын бүлэг шинэ оны анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийлээ. 2014 онд МАН түмнээ түшиж, баялаг бүтээгчдээ дэмжиж, төрөө хянах зарчмаар ажиллахаа оны өмнө зарласан билээ. Мөн эрх баригчдын зөвд ташуур, бурууд хазаар болж ажиллахаа ч мэдэгдсэн. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, импортын улаан буудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх эсэх, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуулга зэрэг таван асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Су.Батболд, Ё.Отгонбаяр нар мэдээлэл хийлээ.

Цагаан сараас өмнө цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг эрх баригчдад тавих болсноо МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ. Учир нь 2012 онд цалин, тэтгэврийг нэмснээс хойш өнөөг хүртэл ганц ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй, ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн, үнэ тогворжуулах нэртэй олон хөтөлбөр хэрэгжсэн ч үр дүнд хүрээгүй, иргэдийн бодит орлого буурч, төгрөгийн худалдан авах чадвар багассан нь цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх бодит шаардлага болж байгааг тэрээр онцлов. Ингэхдээ бага орлого, бага цалин, бага тэтгэвэртэй хүмүүс, төрийн үйлчилгээний албан хаагчид, багш, эмч нарын цалинг илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна.

Нөгөө талаар татварын дарамт, төрийн шахалтад сөгдөж буй баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлогыг цаг алдалгүй явуулах шаардлагатай байгааг ч бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрээр "Томоохон аж ахуйн нэгжийг дэмжсэн хууль эрх зүйн орчныг УИХ богино хугацаанд бүрдүүлж чадаж байгаа боловч жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэхгүй байна. Жижиг, дунд аж ахуйн нэгжээ дэмжихийн тулд жилийн өмнө өргөн барьсан НӨАТ-ын босгыг 200 сая төгрөгөөр тогтоох хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай. Хувийн хэвшлийг дарамталж шахах биш орлого олох, татвараа төлөх боломж бололцоогоор хангахад Засгийн газар санаачилгатай ажиллахыг шаардахаар тохирсон" гэлээ. Тиймээс үйл ажиллагаа явуулахдаа төрийн дарамт шахалтад өртөж байгаа бизнес эрхлэгчдийг МАН-ын бүлэгт хандахыг уриаллаа. МАН-ын бүлэг бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь төр засгийн төвшинд хүргэхэд анхаарч ажиллах юм.

Су.Батболд: ХХАА-н сайдад хариуцлага тооцох ёстой

Засгийн газар энэ оны эхний хагаст багтааж 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэхдээ гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Уг хуулийн төслийн талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг МАН-ын бүлэг Су.Батболд гишүүнээр ахлуулсан юм. Манай улс 1990 он гэхэд улаан буудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ экспортлох хэмжээнд хүрсэн амжилттай байсан. Энэхүү хүрсэн төвшин нэгэн үе бүрэн унасан ч МАН-ын тэргүүлсэн Засгийн газраас улаан буудайн тариалалтад урамшуулал олгож, "Атрын III аян"-ыг зарлах гэх мэт олон талт арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд энэ салбар илт сэргэж, 2012 оны эцсээр дотоодын хэрэгцээнээс 204 мянган тонн илүү улаан буудайг хурааж авчээ. Мөн 2012 онд 100 мянган тонн улаан буудайг гадаадад экспортлох хэмжээний нөөцийг Н.Алтанхуягийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн байна. Гэтэл жил хагасын дараа Засгийн газар энэхүү нөөцийг дуусгасан төдийгүй ургац хураалтын балансаа алдагдуулж, 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэх гэж байгаа нь Засгийн газар, холбогдох мэргэжлийн яамны бодлогын алдаанаас үүдэлтэй гэж МАН-ын бүлэг үзэж байна. Энэ нь салбарын сайдын тухайн салбартаа хандаж байгаа хандлага, улс төрийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Засгийн газрын тухай хуулиар хүлээсэн мал аж ахуй, газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлнэ гэсэн үүргээ биелүүлэхгүй байгаа салбарын сайд Х.Баттулга хариуцлага хүлээх ёстой гэж УИХ-ын гишүүн Су.Батболд мэдээллээ.

Түүнчлэн салбар хариуцсан сайд, яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн газраас гаргасан тоо нь зөрүүтэй байгааг ч тэрээр хэллээ. Нөөцөд хүлээлгэж өгсөн 204 мянган тонн улаан буудайг хэрхэн зарцуулсан тайланг ХХААЯ-наас шаардсан ч гаргаж өгөөгүй аж. Тэрээр "2014 онд Засгийн газрын тэргүүн экспортоо дэмжиж, импортыг багасгах зорилт дэвшүүлнэ гэж мэдэгдсэн. Гэтэл Засгийн газар импортыг дэмжсэн хэвээр байна. Хэрвээ Засгийн газраас зөв бодлого явуулбал Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, гурилын үйлдвэрүүдэд нөөцөлсөн буудайгаар дараагийн ургац хураалт хүртэл дотоодын гурилын хэрэгцээг хангах боломжтой гэж үзэж байгаа. Улаан буудай импортлох гэж байгаа нь нэр бүхий ашиг сонирхлын зөрчилтэй гурилын үйлдвэрүүдийг дэмжих зорилготой байна. Өнгөрсөн онд эрх баригчид Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 48 тэрбум төгрөгийн дэмжлэгийг гурилын үйлдвэрүүдэд өгсөн. Гэтэл үүний 31 тэрбум төгрөгийг ганцхан гурилын үйлдвэр авсан байдаг. Тэр ч бүү хэл нэр нь дуулдаж байгаагүй олон гурилын үйлдвэр авсан. Энэ асуудлаар холбогдох байнгын хороонд санал тавьж, ямар компаниудад хэдэн төгрөг хуваарилсан, хэрхэн яаж зарцуулсан талаар хяналт шалгалт явуулахаар болсон. Гурил, гурилан бүтээгдэхүүн бол улсын стратегийн бүтээгдэхүүн. Салбарын яам энэ талаар бодлого явуулж чадаагүйн улмаас "Атрын III аян"-ы хүрээнд хүрсэн үр дүнгээ алдлаа. Газар тариалангийн талаар МАН-ын Засгийн газрын үед хүрсэн төвшинг нэг жил хагасын дотор унагасан Засгийн газар, ажил хариуцсан сайдтай хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа" гэлээ.

Ер нь ирэх чуулганаар хөдөө аж ахуйн салбарын талаар тодорхой бодлого боловсруулж эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзэж байна. Улаан буудайн тариалангийн талбайг хамгаалах эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байгааг ч Су.Батболд гишүүн хэллээ.

Сү.Батболд: Оюутолгойг шүүмжилж байсан сайд нар шүүмжлэлээ ажил хэрэг болгох хэрэгтэй

Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатын Ерөнхий сайдад тавьсан "Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ, тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуулга"-ын хариуг сонсоно. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Сү.Батболд мэдээлэл хийлээ.

Оюутолгойн гэрээг өмнөх парламентын үед шүүмжилж байсан АН-ын харьяалалтай гишүүд өнөөдөр сайд, даргаар ажиллаж байна. Тухайлбал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын дарга З.Энхболд нарыг онцолж болох юм. Тиймээс гэрээг шүүмжилж байсан хүмүүс өнөөдөр шүүмжлэлээ ажил хэрэг болгож чадаж байна уу гэдгийг эргэн харах цаг болсныг УИХ-ын гишүүн Сү.Батболд санууллаа. Тэрээр "Төслийг ямар нэг хэмжээнд удаашруулж зогсоох, саатуулах ёсгүй. Тэр утгаараа бид засгийн эрх барьж байхдаа УИХ-ын гишүүдийн шүүмжлэлийг ажил хэрэгчээр хүлээж аваад хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хийсэн. Бид шүүмжлэлийг ажил хэрэгчээр хүлээж авах зарчмаар асуудалд хандаж ирсэн. Гэтэл өнөөдөр шүүмжилж байсан хүмүүс сайд дарга болоод төслийг улам эрчимжүүлэх, урагшлуулах, шүүмжлэлээ ажил хэрэг болгох талаар бодитой өөрчлөлт гаргаж ажилласангүй.

Харин сүүлийн үед Оюутолгойтой холбоотой сөрөг мэдээлэл давамгайлж байна. "Оюутолгой төсөл удааширч байна", "Гүний уурхайн үйл ажиллагаа хойшлох нь", "Хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй нь", "Талуудын яриа хэлцэл мухардалд орлоо" гэх мэт мэдээлэл давамгайлж байна. Бид Оюутолгойн гэрээнд Монгол Улсын эрх ашигт нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийлгэхийн төлөө, ажлыг нь үр дүнд хүргэхийн төлөө байр суурьтай байгаа. Гэрээг шүүмжилж байсан нэр бүхий хүмүүс засгийн эрх барьж байх үедээ Оюутолгойн гэрээний талаар ямар алхам хийхийг ард түмэн харж байна. Оюутолгойтой холбоотой талуудын яриа хэлцэл, мэдээлэл бидэнд нээлттэй биш байна. Улсын хөгжлийн эрх ашгийн үүднээс яриа хэлцлийг  ил тод, нээлттэй болгох ёстой" гэж үзэж буйгаа илэрхийллээ. 

МАН-ын бүлгийн гишүүдэрүүл мэндийн салбарынхантай уулзана

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд маргааш Тусгаар тогтнолын ордонд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлаар салбарын ажилтнуудтай уулзаж санал бодлыг нь сонсохоор төлөвлөжээ. Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг Эх үрсийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан билээ. Тиймээс МАН-ын бүлгээс уг салбарынхантай уулзаж, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг нь сонсох нь зүйтэй гэж үзсэн гэж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр мэдээллээ. Тэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын томилгоотой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай хамтран Эрүүл мэндийн сайдад хандан асуулга тавиад байгаа юм.

Эрүүл мэндийн салбарынхантай уулзахдаа энэ салбарын боловсон хүчний сургалт, судалгаа, ямар хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар хэлэлцэх бөгөөд холбогдох хуулийн төслийг боловсруулах юм байна. 

Сэтгэгдэлүүд

Дээш