logo
П.Цагаан: “Торгон хилээ сахин хамгаалах нь төр улсын оршин тогтнохын үндэс юм”

П.Цагаан: “Торгон хилээ сахин хамгаалах нь төр улсын оршин тогтнохын үндэс юм”

2014/01/07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Халх голын цэргийн ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ нэгдүгээр сарын 5-нд Халх голын 0198 дугаар ангид хүрэлцэн очиж Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулан, ангийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэв.

Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ой, Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын баатар Х.Чойбалсангийн нэрэмжит Дорнод аймгийн Халх гол суман дахь хилийн 0198 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “2013 онд Тулгар төрийн 2222 жилийн тэгш ой, Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ой, Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ой зэрэг олон сайхан баярт үйл явдлууд тохиолоо. Энэ хүндэтгэлт  жил танай хамт олон нэр төртэй шагналын эзэд болж буй нь үнэхээр бахархалт үйлс юм.    

Улс орон оршин тогтнохын үндсийн үндэс нь газар шороо, хил хязгаар байдаг. Та бүхэн бол улс орныхоо торгон хилийг манаж буй түүхэн гавъяатай хүмүүс. Миний аав Луузангийн Пунцаг 1939 оны есдүгээр сард энэ Хамар даваа, Халх гол орчимд болсон дайны дарийн утаа замхарч амжаагүй шахам байхад алс баруун хязгаараас цэрэгт татагдаж 1944 он хүртэл Түмэнцогт, Матад, Халх гол, Булан дэрс зэрэг газруудад цэргийн алба хааж, эх орныхоо дархан хилийг манаж явсан юм. Энэ бол миний хамгийн эрхэм бахархлын нэг. 

Аливаа улсад хилийн цэрэг онцгой үүрэгтэй байдаг. Хилийн дээс сэмрэх юм уу, сэтрэхэд л улс гүрэн ганхаж байдаг бол хэл соёл нь алдрахад тухайн улс, үндэстэн бүдгэрч уусдаг түүхтэй. Эх орныхоо торгон хилийг сахин хамгаалж буй түүхэн үүрэг бол үнэхээр төр улсын оршин тогтнохын үндсийн үндэс. Танай алдарт отрядаас олон гарамгай цэргийн жанжид, олон баатрууд төрөн гарсан. Түүхэн гавъяатай Халх голын хөвөөндөө байгаа Та бүхэн бол хувьтай хүмүүс.

Монголчууд түүхэндээ дэлхийн талыг эзэлж, дэг журам тогтоож явсан боловч түүхэн хувь заяаны эрхээр доройтож гундаж явсан цаг бий. 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал Монголчууд дахин сэргэн мандах түүхийг эхлүүлсэн. Түүнээс хойш өдгөө 102 жил болжээ. Өнгөрсөн зуун шулуун дардан байгаагүй. Коммунист дэглэм, хөрөнгө хураах, хэлмэгдүүлэлт, Халхын гол, эх орны чөлөөлөх дайн, хоршоолох хөдөлгөөн гээд олон сорилт, бэрхшээлийг бид туулсан.

Улмаар 1990 он хүртэл захиргаадалтын үеийг Монголын ард түмэн туулж 1990 оны цагаан морин жилийн хувьсгалтай учирсан.  2013 оны 11 дүгээр сарын16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих түүхэн санаачилга дэвшүүлсэн юм. Өнгөрсөн 20 гаруй жилд бид ардчилал, зах зээлийн нийгэмд амжилттай шилжиж чадсан шигээ ирээдүйн 20-30 жилд хөгжлийн гайхамшгийг бүтээх том зорилготой, түүхэн эгзэгтэй цаг үед амьдарч байна. Ухаалаг төрд ухаалаг төрийн түшээд, ухаалаг төрийн албан хаагчид, ухаалаг технологи хэрэгтэй.

Улс орны хөгжлийн түвшин өнөөгийн эрчмээ алдахгүй эдийн засаг 20-иод хувийн өсөлттэй байж чадвал Монголын ард түмний аж амьдрал, эх орныхоо өмнө тангараг өргөсөн хилчдийн ажиллаж амьдрах, сурч боловсрох, ар гэрийнх нь нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх санхүүгийн чадамжтай болох юм.

Өнөөдөр танай алдарт отрядыг шагнасан явдал бол танай анги, отрядад ажиллаж, амьдарч, амь амьдралаа зориулсан үе үеийн ахмад үеийнхэн, одоо алба хааж буй хүмүүсийн алдар гавъяаг үнэлсэн төрийн дээд шагнал юм. Энэ шагнал бол улс орныхоо ирээдүйг бүтээхэд онцгой үүрэг гүйцэтгэх итгэл хүлээлгэж, урам хайрлаж буй төрийн шагнал юм.

Монгол Улс хөгжин дэвжих сайн цаг ирж байна. Та бүхэнд баярлалаа. Энд хүрэлцэн ирсэн нийт хилчин дайчид, ангийн бие бүрэлдэхүүн, ахмад дайчид, гэр бүлийнхэнд нь баярлалаа. Монгол Улсын дархан хил өнө мөнхөд амгалан байх болтугай гэв.

Домогт Халхын голын цэргийн анги 1937 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Гурванбаян нэртэй газар анх байгуулагдаж байсан бол энэ жил тус ангийн түүхт 75 жилийн ой тохиож байна. Ийнхүү эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудад отрядын бие бүрэлдэхүүн оролцож хүндтэй гавъяа байгуулсан тус анги Цэргийн гавъяаны улаан тугийн эзэн боллоо.

Сэтгэгдэлүүд

Дээш