logo
Язгуур урлагийн 9 хамтлаг Монгол түмэнтэйгээ цэнгэнэ

Язгуур урлагийн 9 хамтлаг Монгол түмэнтэйгээ цэнгэнэ

2014/02/14
Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулж яваа 9 хамтлагийн нэгдсэн “Монгол Мөхөшгүй” хэмээх тоглолт энэ сарын 21,22,23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох гэж байна. Уг тоглолт 3 дахь жилдээ тайзнаа тавигдаж байгаа бөгөөд анх тэднийг нэгтгэн бүрэн хэмжээний нэгдсэн тоглолт хийх санааг ерөнхий найруулагчаар ажиллаж буй Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам гаргаж байжээ. Тоглолтын найруулгыг хийхдээ уран сайхны удирдагчаар СТА Д.Ариунболдыг,ерөнхий бүжиг дэглээч, туслах найруулагчаар СТА Д.Энхгэрэл нарыг 3 дахь жилдээ урьж ажиллуулав. Энэ жилээс ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч СТА Д.Баярбаатарыг нэмж найруулгын багтаа ажиллахыг урьсан байна.  Дууны найруулагчаараа япон улсын иргэн Ишивата Юүскэг урьсан юм байна.

   Ингээд “Монгол Мөхөшгүй” тоглолтод оролцож буй “Арга билэг”, “Алтан Ураг”, “Алтайн Оргил”,“Домог”, “Жонон”,“Их Монгол”, “Тэнгэр Аялгуу”,  “Хөсөгтөн”,  “Эгшиглэн” зэрэг хамтлагуудын уран бүтээлчидтэй ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна. Дашрамд дуулгахад энэхүү тоглолт ийнхүү 3 дахь жилдээ тоглогдоод дараагийн жилээс завсарлана гэдгээ ч зарлаад байна.

  "Арга билэг" хамтлагийн ахлагч Г.Гантулга: "Манай хамтлаг анх 2009 онд байгуулагдсан. Гурван морин хуурч, нэг ятгачин, төгөлдөр хуур, хоёр цохилуур хөгжимчин гэсэн нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй. Хамтлагийн тоглодог урсгал бол үндэсний хөгжмөө ашиглаж этно жадз хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг. Мэдээж хэрэг цэвэр үндэсний чиглэлээрээ тоглодог. Өнөөг хүртэл манай хамтлаг "Дээлт", "Дэв" гэсэн хоёр цомог гаргасан. Бид Өмнөд Солонгос, Япон, Герман, Орос, Франц, Хятад, АНУ-д тоглож байсан юм. Хамгийн сүүлд Японы Шизүока мужид болсон тоглолт дээр очиж өөрсдийнхөө уран бүтээлийг хүргэж мөн Монголынхоо өвийг сурталчлаад ирсэн. Харин Улаанбаатар хотод өнгөрсөн оны гуравдугаар сард Улсын Филармонид хоёр өдрийн турш тоглолтоо үзэгч олондоо хүргэсэн.

   Үндэснийхээ урлагийн хэв маягийг ерөнхийдөө жадз хөгжимтэй хослуулж шинэ төрлийг гаргаж ирэн үзэгчдийн хүртээл болгож байна. "Монгол Мөхөшгүй" тоглолтод манай хамтлаг гуравдахь жилдээ оролцох гэж байна. Сосорбарам найруулагчийг анх урихад нь бид маш баяртай хүлээж авсан. Энэ жилийн тоглолтод "Монгол Бадарчин", "Талын таван толгой" гэсэн уран бүтээлээрээ үзэгчдэдээ бэлэг барина. Жил болгоны Цагаан сараар уламжлал болдог болчихлоо. Миний бодлоор бол наадмаараа бас тоглож байвал их сайхан санагдаж байна. 

     "Жонон" хамтлагийн ахлагч Д.Мөнх-Оргил: "Манай хамтлаг анх 2006 онд байгуулагдсан. Одоо найман хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж байна. Үндэсний хөгжмөө орчин үеийн хэлбэрлүү оруулж сонсогчдодоо бүтээлээ хүргэхийг зорьж яваа. Ер нь бид эхлээд өөрсдөдөө таалагдсан бүтээлээ тоглож үзэгчдэдээ хүргэдэг л дээ. Тэгээд үндэсний урлагийн онцлог, давуу талуудыг илүү харуулахын тулд тоглодог юм. Бид 7 жилийн хугацаанд маш их хөдөлмөрлөсөн. Саяхан 2012 онд тоглосон "Зөн" тоглолтынхоо DVD-г гаргасан байгаа.

   Үндэсний хөгжмийн хөгжлийг тодорхойлсон тоглолт гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Есөн өөр характер, бүгд дэлхийд тамгалагдсан хамтлагуудын уран бүтээл нэг дор эгшиглэнэ. Манай хамтлаг гурав дахь удаагаа “Монгол Мөхөшгүй” тоглолтод уригдан оролцох гэж байгаадаа маш их баяртай байна. Со ахын найруулга үнэхээр өвөрмөц сэтгэл хөдөлгөм болдог. Үндэсний хөгжмөө сурсан уран бүтээлч бидний аархал яг энэ тоглолтын үеэр гарч чаддаг тул манай хамтлагийн хувьд эртнээс энэ тоглолтдоо бэлтгэж өндөр түвшинд тоглохыг зорьдог доо. Энэ сарын 21,22,23-нд хүрэлцэн ирж бидний язгуур хөгжмийн аархалыг, тоглолтын онцлогыг хараарай гэж үзэгч түмэндээ хэлье.

   "Домог" хамтлагийн ахлагч Б.Бат-Орших: "Юуны өмнө энэ өдрийн мэндийг нийт Монголчууддаа хүргье. “Домог” хамтлаг 2006 онд буюу Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор  байгуулагдсан. Мэргэжлийн цохивор хөгжим дээр 5 хүний бүрэлдэхүүнтэй 8 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. "Монгол мөхөшгүй" тоглолт тун удахгүй шинэ найруулгаар тоглогдох гэж байна. Энэ бол Монгол түмний маань өвлөгдөж ирсэн өв уламжлалыг орчин үеийн хэмнэлээр тоглож байгаа 9 хамтлагаас бүрдсэн тоглолт юм. Тоглолтод оролцож байгаа хамтлаг болгон өөрийн өнгө аястай. "Монгол мөхөшгүй" тоглолтын гол онцлог нь зөвхөн Монголд төдийгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа хамтлагууд урилгаар ирж тоглолтод оролцож байгаагаараа онцлог байгаа. Урьд нь "Монгол", "Монгол Төгсөшгүй" гэсэн тоглолтоо хийж байсан юм. Эхний тоглолтод таван хамтлаг оролцож байсан бол хоёр дахь тоглолтод долоон хамтлаг оролцсон. Харин энэ жил бол есөн хамтлаг оролцоно. Энэ удаагийн тоглолтыг ч мөн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ивээлдээ авахаа бидэнд дуулгахад сэтгэлд сайхан байсан шүү.  

     "Тэнгэр аялгуу" хамтлагийн ахлагч Бадарч: "Уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Хамтлагийнхаа тухай товч өгүүлэхэд анх 1997 онд байгуулагдсан. Одоо 17 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Байгуулагдсан цагаасаа хойш зөвхөн ардынхаа уламжлалт урлагийг алтан үеийн багш нарынхаа тавьсан арга барилаар хөгжүүлж уран бүтээлээ сонсогч, үзэгч олондоо хүргэдэг. Хамтлагийн амжилт гэвэл, 2002 онд анх зохион байгуулагдсан Үндэсний цөөхүүл хөгжимчдийн анхдугаар уралдаанд гуравдугаар байр, Хойд Солонгосын хаврын баяраас Мөнгөн цом, 2006 онд Азийн шилдэг хамтлаг болсон гээд гаргасан амжилтууд нилээдгүй бий. Мөн 2008 онд зохион байгуулагдсан Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн анхдугаар уралдаанаас Мөнхсүрэн, Жигмэддорж нар тэргүүн байрыг эзэлсэн. Морин хуурчдын улсын уралдаанаас морин хуурч Тэмүүжин тэргүүн байрын шагналтай хөгжимчид ажиллаж байна даа".

   "Монгол Мөхөшгүй" тоглолтод орох болсондоо сэтгэл хангалуун байгаа. Одоо энэ тоглолтод 2 дахь жилдээ оролцох гэж байна. Сосорбарам найруулагчийн бидний хэдэн хамтлагуудийг нэгтгэх тэр торгон мэдрэмж нь гайхалтай санагдсан. Яг л Чингис хаан ингэж л тархай бутархай байсан овог аймгийг нэгтгэсэн болуу гэж бодохоор бидний энэ нэгтгэл манай хамтлагт бахархал төрүүлдэг. Цаашид ч  ардын урлагийг хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэнэ. Бүх хамтлагийнхан холбоо үүсгэчихсэн учраас цаашаа үргэлжлээд явах байх явах ч ёстой гэж ойлгож байгаа. Манай хамтлагийн хувьд энэ удаагийн тоглолтод хоёр бүтээлээ тавина. Нэг нь сонгодог бүтээл байх болно. Хоёрдахь нь хөгжмийн зохиолч Шарав гуайн бүтээлийг толиулах гээд бэлтгэлээ хийж байна".

     "Алтан ураг" хамтлагийн хөгжимчин Гангаа: "Алтан ураг хамтлаг анх 2004 онд байгуулагдсан. Өнөөг хүртэл туурвисан уран бүтээл гэвэл, 7 CD гаргасан амжилттай. Хамгийн сүүлд "BEST OF ALTAN URAG" тоглолтоо СТӨ-нд тоглосон. Тун удахгүй Тайван, Мексик, Франц улсад тоглох маршруттай байна. Энэ жил манай хамтлагийн 10 жилийн ой тохиож байна. Ойгоо тохиолдуулан Монголын түүхэн сэдэвтэй бүтээл хийх санаа бий.

   Манай хамтлаг өмнөх хоёр тоглолтод оролцож байсан. Энэ жилийн есөн хамтлагийн тоглолт дээрээ "Сархад", "Хавцал" гэсэн хоёр зохиол шинээр хийж "Монгол Мөхөшгүй" тоглолтоо эгшиглүүлэх юм. Арай жоохон хүндрүүлж металь талруу нь оруулж тоглоно. Энэхүү тоглолтоо оролцоход сэтгэгдэл маш өндөр байдаг. Монголын ард түмний урлагийг дэлхий дахинд сурталчилж байгаа. Тэр дундаа Монголынхоо залуучуудад хүргэх гэж байгаа энэ тоглолтуудыг бид дэмжсээр ирсэн. Анх таван хамтлагийн тоглолт болж байсан юм. Үүнээс эхлээд л сэтгэл хөдлөл маш дээд цэгтээ хүрч оролцсоор байгаа одоо ч тийм байна. Бид уран бүтээлээ рок чиглэлээр тоглодог. Одоо харин стиль жанр нь полк рок, металь жанр руугаа орж байгаа. Гэхдээ бидний нийгэмд өгмөөр байгаа санаа нь ардын урлагаар ямар ч хөгжмийг тоглож болно гэдгийг үзүүлэхийг зорьсон. Энэ санаагаараа одоог хүртэл уран бүтээлээ хүргэж байна.

   "Хөсөгтөн" хамтлагийн хөөмэйч, морин хуурч О.Чулуунбаатар "Сайн байцгаана уу? Хөсөгтөн хамтлаг албан ёсоор 2009 онд байгуулагдаж уран бүтээлээ өнөөг хүртэл туурвиж байна. Одоогийн байдлаар хоёрдахь CD-ийнхээ ажилд орсон. Бид гадаадын улс орнуудад ихэвчлэн бие даасан уран бүтээлээ хийдэг. Жишээлбэл, Английн алдарт Роял Холл буюу Английн хатан хааны театрт тоглолтоо хийж байсан. Мөн Малайзад болдог Олон улын хөгжмийн фестивальд анх бүрэн хэмжээний тайлан тоглолтоо хийсэн. Түүнчлэн Тайван, Бээжин, Швэд зэрэг олон орнуудаар аялан тоглолтоо хүргэж байлаа. Одоогоос 2012 онд анх МУГЖ Д.Сосорбарам ахын санаачлагаар таван хамтлаг тайзан дээр хамтарсан тоглолтоо хийсэн. Түүний дараа жил долоон хамтлаг болсон юм. Энэ жилийн тоглолтод есөн хамтлаг болж өргөжсөнд маш их баяртай байна. Жишээлбэл, Германаас "Эгшиглэн" гээд алдартай хамтлаг урилгаар оролцоно. Мөн шинэ залуу хамтлагууд гарч ирсэн. Тухайлбал, Улаанбаатар чуулгын "Их Монгол" хамтлаг. Жил болгоны тоглолтод дээр шинэ уран бүтээл хүргэхийг зорьдог. Энэ удаагийн тоглолтод их том хэмжээний мөн хөгжим, хөөмэй ардын язгуур гэсэн бүхий л хөгжмөөс бүрдсэн аялгууг багтаасан том хэмжээний уран бүтээлийг хийгээд явж байна.

   Бидний баримталдаг бодлого бол Монголынхоо Ардын язгуур өв уламжлал болсон зөндөө сайхан хөгжмийн зэмсэг, ардын дуугаа мартагдуулахгүйн тулд сэргээж одоогийн залуучуудад  орчин цагийн өнгө аясаар уран бүтээлээ хүргэхийг зорьж ажиллаж байгаа. Манай хамтлаг шинэ хоёр зүйлийг гаргаж ирсэн. Энэ нь юу гэвэл, хөөмэйгөөр олон хоолойн дуугаралт, төмөр хуурын ансамблийг анх гаргаж ирлээ. Үүндээ бид нар их сэтгэл хангалуун байна даа.

   “Эгшиглэн” хамтлагийн ахлагч М.Түмэнбаяр: “1991 онд хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн хүүхдүүд нийлж хамтлагаа анх байгуулж байсан. Эхлээд “Монгол залуу” нийгэмлэг, “Морин эрдэнэ” чуулга гэж байсан. Дараа нь үйлдвэрчний соёлын төв ордонд 1992 онд орж ажилласан юм. Тэгээд 1993 онд морин хуурын дөрвөлөөрөө Европын 12 орноор аялан тоглолт хийсэн. ЮНЕСКО-гийн Олон улсын баярын наадамд оролцсон. Үүнээс хойш Герман улсад ажиллаж өнөөдрийг хүртэл 20 жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж байна.

   Монголынхоо ардын урлагийг дэлхийн улс орнуудаар сурталчилж явна. Манай хамтлаг нь хоёр морин хуурч, ёочин, нэг эх хуур, бөмбөрчин, хөөмэйч, бүжигчин гэсэн нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй. Бие даасан “Цацал”, “Гэрэг”, “Говь”, “Монгол ардын аялгуунууд”, “Эгшиглэн” гэсэн таван CD гаргасан. Мөн бусад хамтлагтай хамтарсан таван CD гаргасан даа. Саяхан хамтлагийнхан маань Франц, Итали улсуудад тоглолтоо хийсэн. Би түрүүлээд Монголдоо ирчихсэн байгаа юм. Манай хамтлагийнхан энэ сарын 17-нд Монголдоо ирнэ.

   “Монгол Мөхөшгүй” тоглолтод урилгаар тоглохоор болсондоо маш их баяртай байна. Ардын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад том ажил хийж байгаа Сосорбарам гавьяатдаа маш их баярлаж байгаагаа энэ дашрамд хэлье. Бидний зардлыг даана эх орондоо ирж тоголно уу гэсэн урилгыг анх сонсоод сэтгэлд дулаахан сайхан байсан.

Хэдийгээр эх орондоо байлгүй олон жил өнгөрсөн ч биднийг дуудах эх оронтой юм байна гэж бодохоос цээжний угаас баярлаж байлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэхүү тоглолт маань зохион байгуулагдаж байгаа гэсэн. Үнэхээр үндэсний урлагаа дээдэлдэг ардчилсан ерөнхийлөгчтэй, энэ цаг үед уран бүтээл туурвиж буйдаа маш их баяртай байна. Мөн зохион байгуулж буй ар талын хүмүүст талархаж байгаагаа илэрхийлж байна. Хамтарч тоглох гэж байгаа дүү нартаа амжилт хүсье. Залуу хамтлагууд маань бидний дүү нар л гэсэн үг шүү дээ. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд монгол түмнийгээ уръя даа.  

    "Их Монгол" хамтлагийн ахлагч Эрхэмбаяр: "Манай хамтлаг 2012 онд анх байгуулагдаад хоёр дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Өнгөрсөн онд анхны бие даасан CD-ийгээ гаргасан. "Монгол Мөхөшгүй" тоглолтод ес дэхь хамтлаг болж орж байгаадаа баяртай байна. Язгуур урлагаа Монголдоо төдийгүй гадаадын улс орнуудад сурталчлан таниулах эрхэм зорилготой. Энэ тоглолтод оролцож байгаа есөн хамтлаг бүгдээрээ гадаадын улс орнуудаар явж бие даасан уран бүтээлээ тоглолтоо хийсэн хамтлагууд юм. Манай хамтлагийн хувьд Хятад, Солонгос зэрэг орнуудад тоглож Монголынхоо язгуур урлагийнхаа нүүр царайг авч явж байгаа. Ингээд эрхэм үзэгчдийгээ хүрэлцэн ирж ардын урлагийнхаа гайхамшгийг мэдрэхийг урьж байна.

   "Алтайн Оргил" хамтлагийн ахлагч Б.Давааням: "Манай хамтлаг 1993 оноос эхлэн Монголынхоо болон гадаадын улс орнуудад таниулан сурталчлах зорилготой. Байгуулагдсан цагаасаа хойш гадаадын улс орнуудаар аялан тоглолтоо хийсээр байгаа. Аливаа ардын язгуур урлаг гэдэг бол тухайн улс үндэстний агуу сайхан баялаг, өв уламжлал. Тэр тусмаа Монголын ардын язгуур урлаг бол агуу уран бүтээл юм. Тэгээд энэ сайхан залуучуудтай хамтарч тоглох гэж байгаадаа баяртай байна. Биднийг энэ жил нэгдэх урилга ирүүлсэн найруулагчийн багт баярлалаа гэж хэлье.

Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш, Х.Даваадэмбэрэл

Сэтгэгдэлүүд

Дээш