logo
Ан Сан Сү Чи юу гэж хэлэв?

Ан Сан Сү Чи юу гэж хэлэв?

2014/11/06
Мьянмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Сү Чи улс оронд нь хийгдэж байсан өөрчлөлт шинэчлэл зогссон хэмээн мэдэгдэж, хэт өөдрөг хүлээлтээс зайлсхийхийг сануулсан байна. Нобелийн Энх Тайвны шагналтан лхагва гарагт Янгон хотод болсон хэвлэлийн хурал дээр хэлсэн үгэндээ Мьянмар улс сүүлийн 2 жилийн хугацаанд гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр далайцтай шинэчлэл хийж чадаагүй хэмээн онцолжээ. Мөн тэрээр нөлөө бүхий улс төрчид болон цэрэг армийн удирдлагуудын хооронд болсон дээд түвшний уулзалтаас гарсан үр дүн тун бага гэдгийг дурдсан байна.

Ирэх долоо хоногт олон улсын удирдагчдын оролцох дээд хэмжээний уулзалтыг Мьянмар улс зохион байгуулах юм. Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тус уулзалтад оролцох ажээ. 2010 оны парламентын сонгуулийн дараа Мьянмарын ерөнхийлөгч Тейн Сейн шинэчлэлийн үйл явцыг эхлүүлсэн ба үүний дүнд ардчиллын төлөө тэмцэгч Сү Чи улс төрд эргэн хөл тавьсан юм. Сү Чи олон жил гэрийн хорионд байсны эцэст 2012 онд парламентын гишүүнээр сонгогдсон боловч Мьянмарын улс төрд цэргийнхэн нөлөө ихтэй хэвээр байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш