logo
Хойд Солонгост хоригдож байсан 2 Америк эр суллагдав

Хойд Солонгост хоригдож байсан 2 Америк эр суллагдав

2014/11/10

Хойд Солонгост хоригдож байсан АНУ-ын иргэд болох Мэтью Тод Миллер, Кеннет Бэй нар суллагдаж, эх орондоо хөл тавилаа. АНУ-ын тагнуулын асуудал эрхэлсэн албан тушаалтан Жэймс Клаппер тэднийг Пхеньянаас очиж авсан талаар BBC мэдээлж байна. Үүнээс өмнө буюу 10-р сард Америкийн иргэн Жеффри Фоулийг Умард Солонгосын эрх баригчид суллаад байсан юм.
Кеннет Бэй Вашингтон мужийн Такома хотын ойролцоох цэргийн баазад газардсаныхаа дараа дэмжигчиддээ хандан талархлын үг хэлж, шоронд хоригдсон 2 жилийн хугацаанд ихийг сурсны зэрэгцээ "гайхалтай" байсан хэмээн ярьжээ.

Мөн өөрийг нь сулласан Хойд Солонгосын эрх баригчдад талархахаа ч мартаагүй байна. Харин ерөнхийлөгч Барак Обама тэднийг эх орондоо эсэн мэнд эргэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын эрх баригчид иргэдийг нь дипломат тоглолтдоо ашиглаж байна хэмээн Хойд Солонгосын талыг буруутгаж байсан ч Пхеньян үүнийг эрс үгүйсгэсэн аж.

Хойд Солонгосын шүүх 24 настай Миллерийг өнгөрсөн 9-р сард "дайсагнасан үйлдэл" хийсэн хэмээн буруутгаж, түүнд 6 жил хүнд хүчир хөдөлмөр хийлгэх ял оноосон. Харин 42 настай Бэйг 2012 онд баривчилсан ба түүнийг засгийн газрын түлхэн унагах төлөвлөгөөндөө өөрийн аялал жуулчлалын бизнесийг ашиглан, бүлэглэл үүсгэхийг завдсан хэмээн буруутгаж, 2013 оны 5-р сард 15 жилийн ял оноогоод байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш