Өнгөрөгч баасан гарагт тус улсын Үндэсний авлигатай тэмцэх хорооноос Засгийн газрын 33 сайдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд танилцуулах үеэр, тэдний 25 нь сая ам. долларын хөрөнгөтэй гэдэг нь мэдэгдэж, Төрийн эргэлт хийсний дараа цэргийнхний удирдаж буй Тайландын засгийн газрын гишүүд бүгд үнэхээр чинээлэг болох нь харагдлаа.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Тайланд Улсын улс төр дэх голлох үүргийг авлига болон зүй бус аргаар баян чинээлэг болсон этгээдүүд гүйцэтгэж ирсэн юм. Тус улсын одоогийн засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаа, бодлогод ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа ч зарим шүүмжлэгчдийн үзэж байгаагаар авлигатай тэмцэхэд ашиглаж байгаа уг бодлого нь зөвхөн улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг зэвсэг болгон ашиглаж байгаа хэрэгсэл хэмээн үзсээр байгаа юм.
Цэргийн эргэлтийг удирдсан армийн командлагч, одоогийн Ерөнхий сайд Прают Чан-Оча /Prayuth Chan-ocha/-ийн хөрөнгө нь 128.6 сая батт (3.9 сая ам. доллар), өр төлбөр нь 654745 батт байсан байна. Хөрөнгийн мэдүүлэг гаргахад ашигладаг хууль, тогтоомжийн дагуу мэдүүлэг гаргагч нь өөрийн эхнэр, нөхөр болон 21-ээс доош насны хүүхдийнхээ хөрөнгийг хамт мэдүүлэх ёстой байдаг юм. Түүний мэдүүлснээр гэр бүлийнхээ бусад гишүүдэд 466.5 сая баттыг шилжүүлсэн байна.
Армийн командлагчийнхаа ажлаас өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр тэтгэвэрт гарахаасаа өмнө, армиас цалинд жилд 1.4 сая батт авч байсан юм. Үүнээс гадна түүний хөрөнгөнд “Mercedes Benz S600L”, “BMW 740Li” зэрэг авто машин тус бүр нэг ширхэг, хэд хэдэн төрлийн үнэт, тансаг зэрэглэлийн цаг, бөгж, гар буу байсан байна.
Мөн Шадар сайд Придияторн Дуэкула /Pridiyathorn Devekula/ 1.32 тэрбум баттын өртөг бүхий хөрөнгөөр засгийн газрын хамгийн баян гишүүн болж байгаа юм. Түүний хөрөнгө нь ихэвчлэн үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө оруулалтаас бүрдэж байсан юм. Тэрээр мөн гольфийн таван клубд насан туршийн гишүүнчлэл /lifetime memberships/ эзэмшиж байсан юм.
Гэхдээ одоогийн засгийн газрын хамгийн баян гишүүн гэгдэх, Шадар сайд Придияторн Дуэкулгийн хөрөнгө нь 2001-2006 оны хугацаанд засгийн эрхийг барьж байсан Ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн гурван тэрбум ам. долларын хөрөнгөөс бага байгаа юм.