logo
Хорин гишүүн “Улам тод дуугарна” гэв

Хорин гишүүн “Улам тод дуугарна” гэв

2011/10/08
Төрийн гурван өндөрлөг Оюутолгойн талаар байр сууриа илэрхийлж, Засгийн газар Рио Тинто, Айвенхоу  Майнзтай хамтарсан мэдэгдэл гаргасантай холбогдуулан Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцүүлэх шаардлага тавиад буй 20 гишүүнийг төлөөлж эрхэм гишүүн Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Ц.Шинэбаяр, Н.Батбаяр, Ц.Батбаяр, З.Энхболд, Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцүүлэх гэсэн гишүүдээс болж Монголын нэр төр гадаадад унасан гэснийг эсэргүүцэж, Засгийн газар гадаадын компаниудтай хамтран мэдэгдэл гаргасан нь Монголын эрх ашгийг зөрчиж, ард байгаа эздээ ил гаргаж харуулсан хэрэг боллоо хэмээж байв. Гишүүн Д.Балдан-Очир Төрийн гурван өндөрлөгийн үйлдэл нь УИХ-ын 57 дугаар тогтоолыг Монголын эрх ашигт нийцэхгүй тогтоол гаргажээ гэсэн логик руу түлхэж байна гэсэн юм. Гишүүн Н.Батбаяр Оюутолгойн гэрээг гаднынханд таалагдуулахын тулд хүүхдийн мөнгөний эх үүсвэр болсон 68 хувийн татварыг цуцалсан гэв.
Тэд Монголын эрх ашгийг гаднын компаниуд бус зөвхөн Монголын ард иргэд хамгаална гээд 20 гишүүн олон нийттэй нийлж улам тод дуугарах болно гэдгээ илэрхийлллээ.Төрийн гурван өндөрлөгийн мэдэгдэл Монголд хамгийн аюултай цаг ирснийг харууллаа гэсэн юм.
Д.ОЮУН

 

Сэтгэгдэлүүд

Дээш