logo
“Хаан банк”-ны 100 саяын ээлжит луйвар

“Хаан банк”-ны 100 саяын ээлжит луйвар

2011/10/11
-Итгэх эсэхээ бодох л хэрэгтэй-
“Иргэн таны итгэж болох банк” гэсэн уриатай ганцхан байгууллага бол “Хаан банк”. Гэхдээ итгэж болох уу үгүй юу гэдгийг дор дурьдах баримт харуулна.
Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист салбараа нээсэн энэ банк малчдын малыг нь “хариулж” өрөнд унагаасан. Энэ тухай иргэн бүр мэдэж байгаа. Гэхдээ энэ удаад улиг болсон сэдвийг хөндөх гэсэнгүй. Харин хадгаламж эзэмшигчийнхээ эрх ашгийг хөндөж, амьдралаар нь хохироосон “Хаан банк”-ны нийслэл дэх хоёр ч салбарын талаар өгүүлье.
Энэ хэрэг одоогоос гурван жилийн өмнө гарсан. Иргэн Т.Мөнхнаран наймаа хийж олсон хэдэн төгрөгөө “Хаан банк”-нд хадгалуулаад байнгын харилцагч болсон байжээ.  Эзэмшилд байгаа хөрөнгөө эргэж тойрон их хэмжээгээр авч, буцаагаад хийдэг заншилтай байна. Ингээд хадгаламжин дахь мөнгөө авах гэтэл аль хэдийн түүний мөнгө данснаасаа “гараад явчихсан” байж. Нэг ёсоор улайж хоосорсон данс урдаас нь угтсан гэсэн үг. Хадгаламжинда гар ч хүрээгүй Т.Мөнхнаран гайхаж бас сандрахдаа учир байдлаа банкныханд хэлжээ. Хариуд нь “Хаан банк”-ныхны өгсөн тайлбар бол “Та 2008 онд гурван удаагийн үйлдлээр дансаа хоосолсон байна” гэсэн ганцхан өгүүлбэр байлаа.
Б
араг л 100 сая төгрөг өөрийнх нь гарын үсэгтэйгээр хайчсан нь мэдэгдэхгүй алга болоход эзэмшигч ухаанаа алдаж эмнэлэгт хүртэл хэвтэхэд хүрсэн. Хувь хүнийхээ зүгээс, ганцаараа хөөцөлдөөд хана “мөргөж” доромж¬лол гүтгэлгийн үгийг банкны теллер, эдийн засагчдаас хангалттай сонсчээ. Ийм нөхцөлд хуулийн байгууллагад хандахаас өөр арга байхгүй.
Одоо тэрбээр хуульч К.Сультан¬бектэй хамтарч мөнгөнийхөө эрэлд гараад байгаа. Олсон баримт ч их. Алга болсон хөрөнгнийхөө буруутай эзнийг тогтоогоод авчихсан. Ганц­хан “ХААН” банк буруугаа хүлээхгүй, ажилтан руугаа хамаг хэргийг чихчихээд л байгаад учир байна.
Алга болсон 98 сая төгрөгийн араас орвол. Сонсголон дахь “Хаан банк”-ны салбарт ажилладаг теллер Д.Дугаржав 2008 оны есдүгээр сарын 11-ний өдөр иргэн Т.Мөнхнарангийн дансанд байсан 10 сая төгрөгийг Б.Уранчимэг гэх танилынхаа гуйлтаар түүний данс руу шилжүүлчихэж. Хэл ам гарахгүй хэд хоносны дараа есдүгээр сарын 15-нд 55 сая төгрөгийг нь дахин авсан байна. Амташсан хэрээ 13 дахина гэдгийн үлгэрийг ч  харуулж маргааш нь л Т.Мөнхнарангийн дансанд үлдсэн 33 сая төгрөгийг хуу хамаад халаасалж.
Гэхдээ үүнийгээ хийхдээ энд бичсэн шиг аваад л аваад л байсан юм биш. Өөр бусад 3-4 хүний дансыг хоосолж тэдгээрийн мөнгийг Т.Мөнхнарангийн данс руу оруулсан хий гүйлгээгээр бүх ажлаа зохицуулсан байдаг. Ёстой л өнөөх дансны аргаар иднэ гээч нь жинхэнэ утгаараа хэрэгжсэн байна лээ. Энгийн хүнд ойлгуулахад эцсийн дүнд Т.Мөнхнарангийн данс юу ч үгүй хоосорсон нь үнэн.
Хамаг хөрөнгөө алдсандаа галзуурах шахаж явсан Т.Мөнхнаран цагдаагийн байгууллагад хандсаны ачаар “ХААН” банкны теллер Д.Дугаржавыг Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст байцаав. Тэрбээр эхнийхээ мэдүүлэгт “Б.Уранчимэг гэх эмэгтэй мөнгө авдаг өдөр надтай ирж уулзаад “Эгчийнх нь дансанд удахгүй мөнгө орно гэхээр нь урьд нь харилцаж байсан зүс таних хүн болохоор нь итгээд мөнгө шилжүүлсэн. Ингэхдээ Т.Мөнх-нарангаас зөвшөөрөл аваа¬гүй. Хол¬боо ч бариагүй. Б.Уранчимэгт итгэсэндээ л энэ бүхнийг хийчихлээ. Одоо гэмшиж байна” гэжээ. Өнөөх бичиг баримт хөрөнгө мөнгөтэй хол­боотой хэргийг эзэмшигч өөрийн биеэр ирээд өгч авалцана. Үүгээрээ манайх итгэлтэй банк гээд байсан өгүүлбэр энэ үед луйварчдын уланд гишгэгдсэн байж.  Тэгээд болоогүй хувь хүний дансанд байсан хөрөнгийн хэмжээг хаа хамаагүй танилдаа хэлээд зогсохгүй хий гүйлгээ гээч юмаар данснаас мөнгийг нь авсан гэдгээ теллер Д.Дугаржав эхнийхээ мэдүүлэгт л хүлээсэн. Гэхдээ одоо түүний гарын үсэгтэй 88 сая төгрөг ор сураггүй алга болчихсон байгаа. Д.Дугаржав мөнгийг авсан нь баримтаар нотлогдож байхад тэр өөрийгөө аваагүй гээд л гүрийгээд, “ХААН”  банк  Т.Мөнхнаранг 88 сая төгрөгөө авчихсан гээд л байгаа гэсэн.
Тэгээд ч Т.Мөнхнаран “ХААН”   банкны Сонсголон дахь энэ салбараар хэзээ ч үйлчлүүлж байгаагүй. Данснаасаа мөнгө ав гэж гарын үсэг зурах нь битгий хэл утсаар ч яриагүй гэнэ.
Үүнийг нь баталж Шүүхийн шин­жилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтэст теллер Д.Дугаржавын үзэглэсэн гарын үсгийг хуурамчаар үйлдэгдсэн болохыг  нотлох барим­таар тогтоожээ. Хөндлөнгийн хү¬ний данснаас мөнгө зувчуулсан Б.Уранчимэгт ч эрүүгийн хэрэг үүсгэж залилан хийсэн хэргээр шоронд хоёр жил суугаад байгаа. Гэхдээ саяхан батлан даалтаар гарчихсан байна лээ.
Ингэсээр байтал “ХААН”  банк хадгаламж эзэмшигч Т.Мөнхнаранг “Дансан дахь мөнгөө өөрөө л авсан. Манайх эрсдэлийн сангаасаа мөнгийг чинь гаргаж өгч чадахгүй. Хэрэв авмаар байгаа бол энэ хэрэгт буруутай теллер Д.Дугаржаваас шүүхдээд ав” гэсэн ганц хариу өгөөд байгаа. Бүр “ХААН”  банкны гүйцэтгэх захирал Simmon Morris руу болсон явдлын талаар захидал илгээсээр байтал өнөөдрийг хүртэл иргэн Т.Мөнхнаран 98 сая төгрөгөө авч чадаагүй.
Хэрэв “ХААН”   банкинд хадга­ламжтай иргэн бүр өөрийнхөө хөрөнгийг авахдаа шүүхдэх юм бол эхнээс нь энэ банкинд мөнгөө хадгалуулах хэрэг байна уу. Итгэх эсэхээ бодох л хэрэгтэй.  
Дээр дурдсан явдал бол ганцхан жишээ. Яг үүнтэй адилхан хувь хүний хадгаламжийг хоосолсон хэрэг хэд хэд бий. Товчхон дурдвал Хан-Уул дүүрэг, “Мишээл” дэх “ХААН”  банкны теллер Б.Туул мөн л Б.Уранчимэгийн дэмжлэгтэй 100 сая төгрөгийг хувь иргэнээс хулгайлсан. Цагдаа шүүх болж байгаа энэ хэрэг ч шийдэгдээгүй гээд асуудал ч ар араасаа ундарна.
Харин тэд өөрсдийгөө өмөө¬рөөд булхайг нь гарган тавьж байгаа иргэн, хуулийн зөвлөх нарыг “Банкны нэр хүндэд халд¬лаа” гэж шүүх, цагдаа гээд өгөөгүй газар байхгүй. Бүр Монгол Улсын 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг тохиолдуулан гаргах Ерөнхийлөгчийн Өршөөлийн зар­лигт багтчих санаатай нэрээ илгээсэн байсан. Ичдэггүй тэднийг төр түлхэн Өршөөлийн хуульд баг­таахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдчихээд байгаа.
Хувь ч бай, хувьсгалын ч бай гэрээгээр ажилтан авч ажиллуулж байгаа  бол байгууллага бүхэн тухайн ажилтныхаа өмнөөс хариуцлага хүлээх үүрэгтэй. Хуульд ч заагаад өгчихсөн. Гэтэл “ХААН” банкинд энэ хууль хамаагүй гэнэ. Хүний мөнгийг найдвартай  хадгалж байна гэж уран үгийг урсган авчихаад теллерийн гаргасан үйлдлийг өөрсдийнх нь буруу бишээр тайлбарладаг. Хий гүйлгээ гэх нэрээр хичнээн иргэний дансыг хоосолж суугааг хадгаламж эзэмшигчдийн хэн нь ч мэдэхгүй.
Хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэх гэсэн хохирогч Т.Мөнхнаранг өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь хэрхэн боож байгаа талаар түүнд хуулийн зөвөлгөө өгч байгаа К.Султанбекээс авсан ярилцлагаараа үргэлжлүүлэн хүргэх болно.


Б.ӨЛЗИЙДЭЛГЭР  ҮНДЭСНИЙ МЭДЭЭ СОНИН

Сэтгэгдэлүүд

Дээш