logo
Э.Цэрэнбат: Зурагчин тус бүр 5000 гаруй шотноос хоёрхон зураг сонгох бэрхшээлтэй тулгарсан

Э.Цэрэнбат: Зурагчин тус бүр 5000 гаруй шотноос хоёрхон зураг сонгох бэрхшээлтэй тулгарсан

2015/11/25

Эзэн Чингис хааны өлгий нутгаар аялаад ирсэн мэргэжлийн 12 гэрэл зурагчин өчигдөр Blue Mon таверт өөрсдийн сор бүтээлээ дэлгэлээ. Уг бүтээлд байгаль, түүх өв соёлын гэрэл зураг түлхүү тавигдсан бөгөөд энэ сарын 24-30-ны өдрүүдэд олны хүртээл болно.

Уг үзэсгэлэнгийн хувьд өмнө нь БНХАУ-ын Хөх хот, Жинлин мужуудад тавигдаж байсан бөгөөд Улаанбаатар хотод анх удаа дэлгэгдэж байгаагаараа онцлог юм. Ингээд “Монголын зүрх Хэнтий” гэрэл зургийн үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч, Хан Хэнтий аяллыг санаачлагч Э.Цэрэнбаттай ярилцлаа.

-Үзэсгэлэнгээ яагаад заавал Хан Хэнтий нутгаар сэдэвлэсэн юм бэ?

- Намайг Э.Цэрэнбат гэдэг. Хэнтий аймгийн уугуул. Хэнтий аймаг маань өөрөө аялал жуулчлалыг аймгийнхаа тэргүүлэх чиглэл болгож байгаа учраас уг аяллыг зохион байгуулах санааг анх олсон юм.

Ингээд Хэнтий аймгийн гол, гол аялал жуулчлалын бүс нутгуудаар гэрэл зурагчдынхаа багийг гурван удаа авч тойрсны үр дүнд өнөөдрийн энэ үзэсгэлэн зохион байгуулж байна.

Ерөнхийдөө эхний аялал маань 2015 оны хоёрдугаар сард эхэлсэн бол сүүлийн аялал маань өнгөрсөн есдүгээр сард дууслаа.

-Эдгээр гэрэл зургуудыг харахад дийлэнх нь Монгол орны өв соёл, ахуй амьдралтай холбоотой байна. Ер нь үзэсгэлэнгээрээ дамжуулж өгүүлэхийг хүссэн бэ?

-12 зурагчин маань гурван удаа тойрсон аялалынхаа сор бүтээлийг энэ үзэсгэлэнд дэлгэсэн байгаа. Тодруулбал, зурагчдын хувьд аваад үзэхэд бүгд өөр төрөл, жанраар гэрэл сүүдэр татдаг. Тухайлбал,түүх соёл, архелогийн чиглэлийн зургийг Архелогийн хүрээлэнгийн секторын эрхлэгч судлаачид маань, нарийвчилсан деталиудыг макро зураг авдаг зурагчин маань цаашлаад, шөнийн зураг, ахуйн зураг авдаг хүмүүс маань бүгд өөр, өөрийн төрөл жанраар гэрэл зургуудаа буулгасан. Гэхдээ массад чиглэсэн үзэсгэлэн учраас энэ удаагийн үзэсгэлэнд байгалийн зургаа илүү таниулахыг хүссэн юм.

- Байгалийн зураг гэснээс үзэсгэлэнд хэчнээн зураг тавигдаад байна вэ?

- Энэ удаагийн үзэсгэлэнд нийтдээ 52 зураг тавигдсан. Гэхдээ үзэсгэлэнгээ гаргахад бидэнд нэг маш том бэрхшээл тулгарсан юм. Тэр нь юу вэ гэхээр гурван удаагийн аялалаар зурагчин тус бүр маань 5000 гаруй шот дарсан байсан.

Гэтэл дэлгэх газрын маань зай талбай бага учраас үзэсгэлэнд дээд тал нь 52 зураг л тавигдах боломж байлаа. Тиймээс зурагчдын хувьд 5000 гаруй шотноос хоёр, гуравхан л зураг дэлгэх шаардлага гарч ирсэн. Тэр ч утгаараа энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан зурагнууд сор бүтээлүүд болж чадсан гэхэд болно.

Мөн бид үзэсгэлэнгээ зөвхөн дэлгээд орхих биш, орой биш тусгайлсан “Event”-үүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Ялангуяа нутаг орондоо ойрын үед очоогүй, байгалийн үзэсгэлэнд гарч амарч чадаагүй хүмүүст зургаар дамжуулж, сэтгэлээ сэргээх тэр боломжийг бүрдүүлж өгөхөөр олон ажлуудыг төлөвлөж, зохион байгуулсан байна.

-Мэдээж ийм том хэмжээний аяллыг зохион байгуулахад багагүй бэрхшээлтэй тулгарсан байх?

- Aяллын хувьд Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, Грийн фүүдсийн хамт олноос бидэнд маш их дэмжлэг үзүүлсэн. Мөн энэ үзэсгэлэнг зохион байгуулахад тусласан Монголын зүрх Хэнтий ТББ-ынхандаа баярлалаа гэж хэлье. Түүнээс гадна, гурван удаагийн аялалд явж, эх орноо сурталчихад гар бие оролцсон мэргэжлийн зурагчиддаа баярлалаа гэж хэлье. Энэ мундаг хүмүүс маань ямар ч өртөг зардалгүйгээр Хэнтий аймгийн сурталчилахад сэтгэлээрээ явсан юм шүү гэдгийг хэлэх эь зүйтэй болов уу.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Маргад
PHOTONEWS.MN

Сэтгэгдэлүүд

Дээш