logo
Т.Наран: Уул уурхайн салбарын уналтад төр буруутай

Т.Наран: Уул уурхайн салбарын уналтад төр буруутай

2015/12/02

Нэгэн цагт монголчуудыг тэжээж байсан нүүрс өнөөдөр үнэ цэнэгүй хар чулуу болсон мэт. Хар алт хэмээгдэх нүүрсээ бид мартсан уу. Энэ талаар “Монгол нүүрс ассоциац”-ийн захирал Т.Нарантай ярилцлаа.

-Уул уурхайгаараа аархаж явсанаа монголчууд мартаж уу гэлтэй. Хуучны юм ул болж, шинэ юм зул болно гэдэг нь энэ юм болов уу?

 -Монгол Улсын гадаадад экспортолж байгаа бүтээгдэхүүний 90 хувийг нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэр дотроо 90 хувийг нь нүүрс. Хямралын сүүдэр 2012 он дунд үеэс Хятадын зах зээлээс мэдэгдэхэд эрдэмтэн, судлаачид судалгаандаа үндэслэн нүүрсний үнэ унаж эхлэх нь байна шүү гэдгийг Засгийн газар, төрийн байгууллагуудад гэдгийг анхааруулсан. Гэвч манай төр засгийн хүмүүс түр зуурын бодлогодоо бялуураад урт хугацааныхаа бодлогоо гаргаж чадаагүй. Боловсруулахын төлөө ч яваагүй байх. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний зах зээлийн цикль бусад зах зээлээ бодвол удаан хугацаанд явагддаг. Тийм ч болохоор ингээд зогсчихно гэж бодсон байх. Гэвч  уул уурхайн зах зээлд нэгэнт л том уналт үүсвэл зогсдоггүй. Үүний жишээ нь, өнөөдөр дөрөв эх жилдээ нүүрсний үнэ унаж байгааг зах зээл харуулна. Энэ нь, зах зээлийн судалгаа муу хийсэн, судалгаанд тохирсон бодлого хэрэгжүүлээгүйгээс экспортын хурд нь саарсан хэрэг.

-Юм нэгээрээ байхгүй. Хэзээ нэгэн цагт сэргэж л тараа. Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн нэг тулгуур гэж хөөрцөглөөд хар алтаа мартаагүй л байгаа?

-Өнөөдөр яагаад ярихгүй байна вэ гэхээр мөнгөгүй болсон учраас. Монгол Улс уул уурхайн хүчтэй өрсөлдөөнөөс шахагдсаар хил дээр тулсан байсан бол одоо уурхайн ам дээрээ ирчихлээ. Хүмүүс ч мөнгөгүй болохоор сонирхохоо больж, ярихгүй байгаа хэрэг. Гэхдээ, төрийн бодлого туйлбаргүй, далдагануур зантай хүн шиг байж болохгүй. Манай экспортын гол бүтээгдэхүүн коксжсон нүүрс. Ийм нүүрс гангийн, цемент, хүнд аж үйлдвэрийн үндсэн түүхий эд. Нөгөө талаар, хүн төрөлхтөнд төмөрлөг ган, төмөр, цемент хэрэггүй болтлоо  удна даа. Одоохондоо Хятадын эдийн засгийн хурдтай өсөлт саарсан ч, тодорхой хугацааны дараа байдал өөрчлөгдөнө. Тэд одоохондоо нөөцөлсөн нүүрсээ ашиглан ган төмрөө үйлдвэрлэж байна. Тодорхой хугацааны дараа нүүрсний эрэлт дахиад л өснө шүү дээ.  

-Ийм эрсдэлийг яагаад тооцоогүй юм бэ. Уул уурхайн салбарын өсөлт саарахад өөр нэг салбар нь эдийн засгаа авч явах ёстой байсан юм биш үү. Гэтэл одоо л мэдэж байгаа юм шиг ганцхан уул уурхайд даатгах нь буруу юм байна гэж яриад суугаа түшмэлүүдийг харахаар хэлэх үг олдохгүй юм?

-Хүн төрөлхтөн олон жил эдийн засаг олон тулгууртай байх ёстой гэж ярьж байна. Эдийн засгаа уул уурхайд түшиглэж болохгүй гэдгийг бид ч олон жил ярилаа. Улс орнууд энэ салбараас олсон орлогоороо бусад салбартаа босгодог юм байна гэж ярьж, хэлсэн ч,    бид энэ жишгийг дагасангүй. Орж ирсэн мөнгөө зүгээр л цацаад дуусгасан. Хууль ёсны болон хууль бус аргаар... Хууль гаргаж иргэдэд 20 мянган төгрөг тараасан бол хууль бусаар гарынхаа салаагаар үр ашиггүй зүйлд зарцуулсан. Уул уурхайн уналт илт мэдрэгдэхэд нөөцтэй байх ёстой юм байна гээд сангууд байгуулсан ч, мөнгөө хийж, зорилгоо хэрэгжүүлж чадаагүй.Одоо улстөрчдийн яриаг сонсохоор өнөөгийн энэ байдалд уул уурхай буруутай юм шиг ярих юм. Уучлаарай, уул уурхай богино хугацаанд маш их ашиг өгч, хөдөө аж ахуй,газар тариалангийн гэх мэт салбарын суурийг нь тавиад босгох боломж өгсөн юм. Гэвч тэр боломжоо Монгол Улс ашиглаагүй, сангууд байгуулсны зорилгоо ч хэрэгжүүлээгүй шүү. Үүнд, улстөрчид хариуцлага хүлээх юм уу, бүү мэд. Тэдний л буруу..

-Алдаагаа засах боломж ирэх бол уу. Учир нь, сүүлийн үед улс орнууд агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрснээс татгалзах бодлого барьж байна гэх юм?

-Сүүлийн үед хөгжингүй орнууд дэлхий нийтийн тулгамдсан агаарын бохирдлоос үүдэн  нүүрсээр эрчим хүч, дулаан үйлдвэрлэхээс татгалзаж байна. Манай урд хөрш ч богино хугацаанд хурдацтай хөгжсөн ч, хүнд үйлдвэрүүдээс шалтгаалсан агаарын бохирдол нь байгаль экологид нь сөргөөр нөлөөлж эхэлсэн. Хэдий Хятадын үйлдвэрлэлийн хэмжээ ихсэх нь ганц л улсад хамаатай юм шиг боловч, дэлхийд сөргөөр нөлөөлж байна хэмээн олон улсаас шахалт үзүүлсэн хэрэг. Энэ ч үүднээс нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа хүчин чадлыг болон тоог нь нэмэхээс татгалзаж, экологид хор багатай технологи хэрэглэнэ гэж мэдээлээд байгаа. Гэхдээ нүүрснээс бүх улс орон татгалзаж чадахгүй. Яагаад гэвэл, Зүүн өмнөд ази эрчим хүчний асар их дутагдалтай. Үүнээсээ болоод ядуурал, гуйланчлал ихтэйгээс улс орон нь хөгждөггүй. Ийм орнууд хамгийн хямд түүхий эд ашиглаж, улс орноо хөгжүүлнэ гэхээс Америк, Герман шиг өндөр үнэтэй технологи хэрэглэхгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр, атомын цахилгаан станцын үлгэр жишээ болсон Япон улс саяхан болсон ослоос улбаалан нүүрсний цахилгаан станц хэрэглэж байна. Тэгэхээр нүүрс хэзээ ч хэрэггүй болохгүй. Хятад татгалзана гэж ярьсан ч, судлаачид нь төвөөс алслагдсан олон газар эрчим хүчгүй, ард иргэдийн амьдрал дээшлээгүй учраас нүүрснээс татгалзах болоогүй гэж яриад байгаа. Манайд  ч гэсэн Шивээ овоо уурхайг түшиглэн нүүрсний станц барихаар боллоо гэж яриад байна. Энэ юу харуулж байна вэ гэхээр эрчим хүчний зориулалттай нүүрс лав ойрын 100 жилд хэрэглээнээс гарахгүй гэсэн үг.

-Ганц зах зээлээс хараат байхаар өөр зах зээлийг бид нээх ёстой гэж ярих юм. Бодвол эрэлхийлсэн л байх?

-Хятад зөвхөн Монголын зах зээл биш. Өнөөдөр уул уурхай бүтээгдэхүүн түүхий эдийн дэлхийн зах зээл нь энэ улс. Цаашдаа ч байх нь ойлгомжтой. Тийм учраас бид тэрийг давж хайгаад их амжилтад хүрэхгүй. Хоёрт, хэрэгцээ байхгүй.  Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч үйлдвэрлэл эрхлэх гэж яагаад зүтгээд байна вэ гэхээр борлуулах зах зээл нь хажууханд байгаа учраас. Монголд хайртайдаа эсвэл баялгийг маань эх орондоо зөөх гээд байгаадаа бус зардалгүй том зах зээлд нийлүүлье л гэсэн хэрэг шүү дээ. Энэ бол манай улсын том давуу тал. Хэрвээ Хятад гаднаас юм авдаггүй нийлүүлэгч байсан бол яах уу. Хятадаас өөр газарт нийлүүлье гэвэл тээвэр, гааль гээд өчнөөн зардал гарна. Тэд ухаантайдаа, маркетингийн мэдлэгтэйдээ бус зэргэлдээ зах зээлийг нь харсан хэрэг.

-Тэгвэл түүхийгээр нь хямдхан зарж байхаар боловсруулаад зарвал яасын гэсэн яриа, судалгаа ч их яригддаг шүү дээ. Бодох л асуудал биз дээ ?

 -Нүүрсээ түшиглээд химийн аж ахуйн цогцолбор барьж болно доо. Германд 1930 онд нүүрс боловсруулах стандарт батлагдчихсан. Тэрийг сонсчихоод тэгье гэж яриад байгаа хэрэг.  Манай эдийн засагчид коксжсон нүүрснийхээ коксийг нь ялгаад аваад зарья гэдэг л дээ. Бид боловсрууллаа гэхэд хэн авах вэ. Хоёрт, боловсруулахын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Анхны  хөрөнгө оруулалт 10 тэрбум доллар байлаа гэхэд тэр мөнгө хаана байна. Гуравт, нэгжийн үнэ хэд байх юм. Хятад манайхаас авсан коксжсон нүүрснээс хийг нь аваад 50 доллараар гарч байхад Монголоос энэ үнээр авах уу. Бас нэг том асуудал нь тэр үйлдвэрээс гарч байгаа хаягдал болон ямар их хортой бодис хөрс, агаарт шингэх эрсдэлтэй вэ. Тэрийг нь бодолцохгүй салгаж хараад л ашгаа хамгийн түрүүнд яриад байх юм.

-Ерөөсөө бид ярьсанаас биш гараа хөдөлгөөгүйгээс энэ салбар уначихлаа шүү дээ. Өнөөдөр ганц уул уурхай бус бүх салбарт л нөлөөлж байгааг бид харах төдийгүй мэдэрч байна?

-Манай салбарын мэргэжилтнүүд судлаачдын дүгнэлтийг хэрэгжүүлээд явсан бол өнөөдөр зах зээлээс шахагдахгүй байсан. Бидэнд хамгаалах боломж байсан. Зах зээл хямарч өрсөлдөөн ширүүсэхээр чадавхи, менежмент муутай өрсөлдөгч, нийлүүлэгч, үйлдвэрлэгчид шахагдаж дампуурдаг. Энэ хүнд үеийг тэвчиж гарч чадсан компани хүчирхэгжиж чаддагийг бид дэлхийн олон компанийн түүхээс харж болно. Тийм учраас компаниуд уламжлалт зах зээлээ алдахгүйн тулд хөрөнгө оруулалт хийж байна. Японууд алдагдалтай ч ажиллуулж байна. Манайх л хямралаа гээд сургаар нь зогсоож байна гэхэд буруудахгүй байх.

-Тэгэхээр өнөөх л улс төрийн алдаатай бодлого буруутай юм биш үү. Зарим хүний хэлдгээр мэргэжлийн хүнээр салбарыг удирдуулсан бол өөр байх байсан юм болов уу?

-Өөр мэргэжилтэй ч мэргэжлийн хүмүүсээр судалгааг нь хийлгээд зөв бодлого л гаргаад өгөх хэрэгтэй. Манайхан яамны сайдыг мэргэжлийн хүн байх ёстой гэж ярьдаг. Тэр хүн аж ахуйн ажил биш бодлогоо л хэрэгжүүлэх ёстой байхгүй юу. Засгийн газар, төрийн байгууллага захиалагч  байж нүүрсний зах зээлээ алдахгүйн тулд яаж ажиллах ёстой судалгааг мэргэжлийн хүмүүсээр хийлгэвэл бид дахиж алдахгүй.

-Яг өнөөдөр хаалга үүдээ барьсан хэдэн компани байна. Танд мэдээлэл байна уу?

-Дийлэнх нь экспорт байхгүй зогссон. Нарийн сухайтаас гэхэд 3-4 компани л бүтээгдэхүүнээ экспортолж байна. Нийт 14 компаниас одоо 4-5 нь яг зогсчихгүй алдаг оног ажиллаж байна даа. Уул уурхайн салбарын ажлын байр байхгүй болж байна. Уул уурхайн компаниуд үйлчилж байсан компаниудын үйл ажиллагаа ч дагаад зогсч байна. Ер нь, уул уурхай цөөхөн ажлын байр бий болгодог гэж ярьдаг ч, эсрэгээрээ. Өнөөдөр таван хүн ажиллаж байлаа гэхэд тэрийг дагаад 5000 хүн ажилтай байдаг. Цалин өндөр байна гэдэг төр засаг, тэр айлыг нийгмийн олон асуудлаас хөнгөлж өгдөг. Улсын төсөвт татвар хураамж төлдөг. Уул уурхай салбар хүндэрлээ гэхэд компани үүдээ барьснаар эзэн нь бус ажилчид л хохирдог. Наад зах нь, компанийн ашиг нэмэгдэхийн хэрээр нийгмийн үйлчилгээ болох сургууль, цэцэрлэгт нээгдэж, өндөр хөлсөөр англи, математикийн багш ажиллуулдаг байлаа гэхэд үйл ажиллагаа нь зогсонгуут тэд ч хөрөнгө оруулалтгүйгээс хаалга барьдаг нь нийгэм, эдийн засагт асар их хөнөөлтэй юм.

-Эдийн засаг хямралаа гэж яригдахаас илүүтэй боловсон хүчний хямрал энэ салбарт давхар явагдсан юм шиг. Хамгийн чадамжтай, мэдлэгтэй боловсролтой залуусыг цуглуулж чадсан уул уурхайн салбар тэднийгээ алдчихлаа?

-Үнэн. Уул уурхайн салбарт ажиллах хүчний хямрал асар хүчтэй явж байна. Богино хугацаанд  эрчимтэй хөгжсөн учраас гадаадад сурсан болон өөр салбараас мэдлэгтэй, чадвартай залуус энэ салбарт урваж ажилласан. Бодлогоор ажиллах хүчин бэлтгэхээсээ илүүтэй амьдралаа сайжруулах, үнэтэй мэргэжилтэн болохын тулд өөрсдөө хүсч ажилласан. Гэтэл үүнийг төр засаг бас л тооцоогүй. Уул уурхайн бүтээгдэхүүний биет тоон хэмжээг ярихаас биш ямар мэдлэг чадвартай боловсролтой хэчнээн залуус байсан бэ гэдгийг ярьдаггүй. Гэтэл одоо цэргүүдээр төмөр зам бариулна гэх юм. Энэ хүний баялаг нөөц төр засгийн тэтгэлэггүйгээр бий болсон юм шүү дээ. Зангидаж байсан салбарынх нь хурд саарсанаас залуус эргээд Солонгос руугаа, өөр ажлын байранд шилжиж, үлдсэн нь  гудамжинд жагсах уу яах уу гээд л. Энэ бол том эмгэнэл. Тэр их мөнгөөр сураад уул уурхайн компанидаа мэдлэгээ үнэлүүлэн өндөр цалин авч байсан хүүгээ элгээ тэврээд гэртээ суухыг хараад ээж, аав нь юу бодох уу. Тэр айлд төдийгүй эргээд улсад нийгэм, эдийн засгийн дарамт болно биз дээ.

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн нь ямар их хор уршигтайг та нар мэдэж байна уу хэмээн уул уурхайн нэгэн компанийн захирал учирлаж байсныг саналаа?

-Тэр чинь л шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулагчдын тухай хууль гэж гаргаад бүх хөрөнгө оруулагчдаа үргээсэн. Хууль сахидаг хөрөнгө оруулагчид хөнгөлөлт гэхээсээ илүүтэй бизнесийн нөхцөл энэ хэвээрээ юү, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан хууль хэвээр үйлчлэх үү, тогтвортой урт хугацааны байх уу гэдгийг мэдэхийг хүсдэг. Харамсалтай нь манайх гадаадын хөрөнгө оруулагчдын талаарх бодлого дээрээ алддаг. Жишээ нь, хөрөнгө оруулагчдыг шууд шоронд хийчихнэ. Зүгээр байснаа гэнэт нүүрсний үнэ нэмнэ. Тэрнээс биш татвар өндөр, гадныхныг шоовдорлодог үндэсний үзэл аль ч улс оронд байдаг л зүйл. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулаад хохирсоноо яриад явж байгаа.  Монголд хөрөнгө оруулаад дэмий, цаадуул чинь барьцгүй шүү дээ гээд л.  Гэтэл одоохондоо Монголд уул уурхайгаас өөр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах салбар байдаггүй. Уул уурхай бүтээгдэхүүний зах зээл унаж боссон ч гэлээ Монголын бодлого найдвартай, тогтвортой байсан бол хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа хийнэ шүү дээ. Дахиад нүүрс, зэс, төмрийн хүдэр хэрэггүй болохгүй гэдгийг тэд мэднэ.  

-Монголчууд их өөдрөг үзэлтэй хүмүүс. Тиймээс ч хөрөнгө оруулагчид Монголыг орхиогүй л байх гэж найдаж байна?

- Хөрөнгө оруулагч судалж л байгаа. Мөнгөө оруулж байгаа хүн чинь бүх талаас нь судалж үзнэ. Гол нь, тэднийг сонсохгүй байна. Хоёрт, төр засаг мөнгө зориулж судлаачдыг ажиллуулахгүй байна. Төр засаг бодлогоор л асар сайн судалгаа хийгээд ирээдүйн 10-50 жилийн хөгжлийн бодлого тодорхойлох ёстой. Гэтэл хийж байгаа шинж алга. Манай эдийн засгийн уналт ямар ч судалгаа байхгүй, урьдчилсан бодитой үнэн мэдээлэл авах ажлыг зохион байгуулахгүй байна. Хүний амьдрал мэдээлэлд тогтдог. Чи өөрөө мэдэхгүй байгаа ч,  зориуд биш ч судалгаа хийчихдэг.  Тэгж байж чи өөрийнхөө төсөвлөсөн мөнгөндөө тааруулж бараа авна биз дээ. Судалгаа гэхээр манайхан өдөр шөнөгүй суугаад эрдэм шинжилгээний ажил мэт ойлгоод байх юм.

-Бид Эрдэнэт үйлдвэр шиг бүхэл бүтэн хот байгуулахыг уул уурхайн томоохон компаниудаас шаарддаг. Өнөөдөр маргалдаж буй мөнхийн сэдвийн нэг?

-Дэлхийд ийм практик маш ховор. Хот байгуулахаас татгалздаг. Учир нь, уул уурхайн бүтээгдэхүүн хэмжээ, хязгаартай. Нэг бол нөөц нь шавхагддаг эсвэл үнийн уналтад ордог. Нөөц нь дууслаа гэхэд эзэнгүй хотоос гадна амьдралгүй хүмүүс хоцордог. Та нар Шарын гол, Налайх дүүргийг хар. Нэгэнт цагт хөдөлмөр оволзож байсан газар өнөөдөр ямар уйтай харагдаж байна. Цэцэрлэгийн хүүхдээс эхлээд тэтгэврийн хүмүүсийн амьдрал унадаг байхгүй юу. Хамгийн эрсдэлтэй болгож байгаа зүйл чинь нөөц нь шавхагддаг уул уурхай юм.  Уул уурхайг дагасан хот байгуулдаг жишиг орос, манай хоёрт л байна.

-Таван толгойн асуудал яаж шийдэгдэх бол оо. Танд дуулсан юм байна уу?

-Тавантолгойн тендер зарлаад сонгон шалгаруулалт нь явж байхад улстөрийн шалтгаанаар зогсоосон. Тэр хооронд Монгол Улс нүүрсний зах зээлгүй болсон. Монголын уул уурхайн салбарт дэлхийн эдийн засгийн чадамж сайтай, найдвартай, шударга, хууль сахидаг  том хөрөнгө оруулагчид орж ирэхэд хүнд боллоо. Харин эдийн засгийн хүнд байдлыг ашиглан түр зуурын ашиг, мөнгө олох  нөхдүүд шургахыг үгүйсгэхгүй. Ер нь, хууль эрх зүйн болон бизнесийн орчин таатай биш тохиолдолд хууль бус үйл ажиллагаа явуулах сонирхолтой хөрөнгө оруулагчид л шургахыг хүсдэг.

-Тэгвэл энэ амсхийх чөлөө олгосон хямралыг ашиглаад алдаа оноогоо дэнслээд бодлогоо боловсруулаад явбал. Хямралыг боломж гэж хар гэдэг биз дээ?

-Ер нь, хямрал нүүрлэхэд уул уурхайн бүтээгдэхүүн зарагдахгүй нь гээд хойш суудаг бидний туйлшрамтгай зан байна шүү. Барьцгүй зантай хүн шиг нэг бол уул уурхай шиг сайхан зүйл үгүй мэт байснаа маргааш нь  тэрэн шиг дэмий зүйл үгүй гэж яриад л.  Бидэнд мөн чанарыг нь таних хугацаа хангалттай олголоо шүү дээ. Энэ сул зогсолтын үед Монгол Улс үйлдвэрлэл эрхлэдэггүй юм аа гэхэд бодлогоо боловсруулаад суумаар байна. Зах зээл эргээд сэргэнгүүт бид юу ч амжуулаагүй,бахь байдгаараа байвал шууд өрсөлдөөнөөс хасагдана. Өнөөдөр тиймэрхүү л шинжтэй байна. Бидэнд бодож эргэцүүлж эрүүл саруулаар төлөвлөх, уул уурхайн бүтээгдэхүүнээ өсөөд ирэхийн цагт яаж ашиглах уу, ямар ашиг орлого олох уу, бодож эргэцүүлж хоорондоо ярилцах хэрэгтэй байна. Одоо л ярихгүй бол орлого нэмэгдээд ирэхээр эрүүл саруулаар ярихгүй. Ашгаа хөөгөөд учраа олохгүй.

Т.ОЮУН
Эх сурвалж: newscom.mn

Сэтгэгдэлүүд

Дээш