logo
Р.Амаржаргал: Өгөгдсөн өгөгдлийн хүрээнд намын дарга ч, Ерөнхий сайд ч чадлынхаа хэрээр зүтгэж байна

Р.Амаржаргал: Өгөгдсөн өгөгдлийн хүрээнд намын дарга ч, Ерөнхий сайд ч чадлынхаа хэрээр зүтгэж байна

2015/12/15
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн  “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурсан. Үүнийг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хариуцлага тооцохоо мэдэгдэж, "Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина.  Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулна" гэж зарласан. Түүний санаачилгыг дэмжиж УИХ-ын найман гишүүн огцруулах бичигт гарын үсгээ зураад байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Р.Амаржаргал нар гарын үсэг зурж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн байр суурь ганхаж магадгүй болоод байлаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Р.Амаржаргал энэ удаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналаасаа татгалзаж, Засгийн газрыг огцруулах бус харин Ардчилсан намын үйл ажиллагааг цаашид шинэ шатанд гаргаж, идэвхжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Тэрээр сэтгүүлч нарт дараах тодруулгыг өгчээ.

-Та намын нөхөддөө хандан ил захидал бичсэн байсан. Захиандаа АН шинэчлэгдэх ёстой гэх үзэл шингээсэн байна лээ. Таван намыг эмхлэн байгуулж, даргаар нь ажиллаж байсан таны үг одоо ч жин дарах ёстой гэж бодож байна. Энэ захидлын талаар тодруулж болох уу?

 -Үүн дээр 2-3 зүйл байгаа. Намын үйл ажиллагааг цаашид шинэ шатанд гаргаж, идэвхжүүлэх шаардлага байна. Энэ хүрээнд ямар ажил хийж болох талаар хэд хэдэн санаа хэлсэн юм. Нэгдүгээрт, биднийг нэгтгэж байгаа зүйл нь юу вэ гэдгээ цэгцлэх, хоёрдугаарт намынхаа үйл ажиллагаанд ардчиллын шинэ элемэнтүүдийг оруулах ёстой. Тухайлбал, намын их хурлыг жил бүр хийдэг болъё. Ингэхдээ намын даргын асуудлыг заавал хэлэлцдэг байя гэсэн санаа дэвшүүлсэн юм. Гуравдугаарт, намынхаа нэр хүндийг унагаж, итгэлийг нь хөсөрдүүлж байгаа хүмүүс намдаа хайртай юм бол намын гишүүнчлэлээс түдгэлзээд холбогдох байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэсний дараа буцаад намдаа ирж болно. Дээрх зүйлүүдийн аль нь хэрэгжих эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч намын ажлыг идэвхжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ҮЗХ-ны үйл ажиллагааг эрс шинэчилж, салхи оруулах хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд тэнд нутгархсан, хамаатан садангаараа орсон байх тохиолдол бий. Ядаж ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгийг нэн яаралтай шинэчлэх шаардлага байна. Шинэчлэх, хэрэгжүүлэх эрхийг намын даргад олгох ёстой. Би хэтэрхий  хатуурхаад байж магадгүй. Өгөгдсөн өгөгдлийн хүрээнд намын дарга чадлынхаа хэрээр зүтгэж байгаа. Ерөнхий сайд ч мөн адил. Би л хатуурхаад илүү зүйл шаардаад байгаа юм.

-Хэтэрхий хатуурхаад байж магадгүй...гэсэн таны үг анхаарал татаж байна. Та Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байж, байнга шүүмжилдаг. Анх удаа л “Өгөгдсөн өгөгдлийн хүрээнд намын дарга чадлынхаа хэрээр зүтгэж байгаа. Ерөнхий сайд ч мөн адил гэж мэдэгдэж байна”?


-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сая тайлангаа тавьсан. Энэ тайланг харж байхад хийсэн ажлууд байна. Гарц олох гэж бүхий л талаар хичээж, ажиллаж байгаа нь харагдсан. Ч.Сайханбилэг юм хийгээгүй биш хийсэн байна гэсэн ойлголт авсан. Нийгэм эдийн засгийн хүндрэлээс гарах, бүтээн байгуулалтын том төслүүдийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллаж байгаа. Миний хувьд Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дутуу байсан юм гэсэн ойлголтод хүрээд байгаа.

- Та Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын цорын ганц гишүүн. Хэтэрхий хатуурхаж байна гэхээр энэ саналаасаа татгалзах юм байна гэж ойлгож болох уу?


-Аливаа юмыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Юм хийж байгаа, хийх гэж гарц хайж байгаа энэ үед заавал харлуулах, татаж унагах гэж зүтгэх шаардлагагүй. Өөрөөрхэлбэл огцруулах бус дэмжиж ажиллах цаг хугацаа бидэнд үлдээд байна.

Сэтгэгдэлүүд

Дээш