logo
Б.Галаарид: МСНЭ-ийн түүх бол Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн түүх

Б.Галаарид: МСНЭ-ийн түүх бол Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн түүх

2016/01/18

Үндэсний сэтгүүлзүйн 65 жилийн түүх МСНЭ-тэй холбогдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридтай МСНЭ-ийн 65 жилийн ойг тохиолдуулан хийж буй ажил, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МСНЭ-ийн 65 жилийн ой тохиож байна. Ойгоо хэрхэн тэмдэглэж байна вэ?

-МСНЭ анх 1951 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан гэж үзэж ойг нь энэ өдөр тэмдэглэж ирсэн. Бидний тухайд байгууллагынхаа 65 жилийн ойг ганц энэ өдөр дурсаад өнгөрөх биш, оны турш хэд хэдэн цуврал арга хэмжээ зохион байгуулна гэж шийдээд байна. Түүнийхээ эхлэл болгож МСНЭ-ийн үе үеийн дарга удирдлагуудыг өнөөдөр урьж нээлттэй ярилцлага зохион байгуулж байна. Ахмадууд маань юу хийсэн, юу бодож байгаагаа ярьж, бидэнд юу гэж зөвлөх нь маш чухал байна. Монголын аль ч байгууллага, салбарт гурван үеийн залгамж холбоо гэдэг эрхэм чухаг зүйл үнэт чанараа алдчихаад  байна. МСНЭ тэр алдааг давтах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа.

-Та МСНЭ анх үүсэн байгуулагдсан түүхийг тодруулан ярьж өгнө үү?

– Бололгүй яахав.  МСНЭ анх үүсэн байгуулагдсан 1951 он бол МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчоо бүхнийг шийддэг байсан цаг үе. 1951 оны нэгдүгээр сарын 16-нд УТТ тогтоол гаргаж Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн дэргэд “Сэтгүүлч нарын секц байгуулах тухай” шийдвэрлэсэн байдаг. МСНЭ-ийн өмнөх үеийн удирдлагууд энэхүү шийдвэр гаргасан өдрийг үүсэн байгуулагдсан өдөр гэж үзэн ойгоо тэмдэглэж ирсэн юм билээ.  1951 оны зургадугаар сарын 28-ны өдөр МАХН-ын Төв хорооны УТТ “Монголын сэтгүүлчдийн секцийг байгуулах бэлтгэл ажлыг хангах тухай” тогтоол гаргаж уг ажлыг зохион байгуулах  товчоог Жамц, Дашдэндэв, Ц.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, даргаар нь Жамцыг томилсон байдаг.  Жамц гэдэг нь төрийн төв хэвлэл “Ардын үндэсний эрх” сонины орлогч эрхлэгч, “Үнэн” сонины эрхлэгч, орлогч эрхлэгч зэрэг албыг дөчөөд жил хаасан ахмад сэтгүүлч “Авхаа” хэмээх Гомбын Жамц гуай. Төв аймгийн Баянцагаан сумын хүн л дээ.

-Анхны даргаар нь Пунцаг гуай ажиллаж байсан биз дээ?

-БНМАУ-ын Гэгээрлийн ажилтны ҮЭ-ийн Төв хороо 1952 оны аравдугаар сарын 25-нд тогтоол гаргаж дэргэдээ “Монголын сэтгүүлчдийн хороо”-г байгуулж, даргаар нь О.Пунцагийг, нарийн бичгийн даргаар нь С.Дашдэндэвийг, гишүүдээр нь нэр бүхий 5 хүнийг томилсон байдаг. О.Пунцаг гуай манай байгууллагын төлөө 30 гаруй жилийн ажил амьдралаа зориулсан түүхэн гавьяатай хүн. Байгууллага маань өөрийн гэсэн дүрмээ батлаж, хөдөө орон нутагт хөлтэй болж, үйл ажиллагаа нь өнөөгийн хэлбэрээ олсон нь 1956 он юм билээ.

– 65 жилийн ойтой холбоотой дараагийн арга хэмжээ нь юу вэ?

– Байгууллагынхаа 65 жилийн он цагийн хэлхээс буюу түүхэн товчооныг ном болгож хэвлэн гаргахаар бэлтгэж байна. МСНЭ-ийн түүх бол нэг талдаа Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн түүх учраас үүнд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Ялангуяа эрдэмтэн судлаачдын хувьд чухал гарын авлага болох учиртай.

– Би танаас цаг үеийн шинжтэй зарим асуултад хариу авмаар байна. Сүүлийн үед “Херо” студийн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар дүрс хулгайлагдсан асуудал анхаарал татаж байгаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?

– Цахим орчинд тарж байгаа аливаа мэдээлэл заавал ул мөр үлдээдэг. Хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа байх. Эдгээр дүрс бичлэг хулгайлагдсан нь үнэн бол манай салбарт ажиллагсад аливаа мэдээлэл, нотлох баримтыг хадгалах хамгаалах тал дээрээ илүү хариуцлагатай байх ёстойг сануулж байна л гэсэн үг. Гэхдээ бидний хувьд асуудлын гол нь дүрс бичлэг хулгайлагдсан, эсвэл санаатайгаар цацсан, тэнд яригдаж байгаа зүйл ийм тийм гэж шүүн хэлэлцэхэд байгаа юм биш. Асуудлын гол нь  ярилцлага өгөгчөөс  зөвшөөрөл авалгүйгээр бичлэг хийсэн үйлдэлд нь байгаа юм. Энэ бол мэргэжлийн болоод  ёсзүйн том алдаа. “Монгол тулгатны 100 эрхэм” бол эрэн сурвалжлах нэвтрүүлэг биш учраас нууцаар бичлэг хийх ямар ч шаардлага байхгүй. Бичлэг эхлэх гэж байгааг ярилцлага өгөгчид анхааруулж, зөвшөөрөл хүсч эхэлдэг алтан дүрэм энэ удаад зөрчигдсөн тухайд хэн ч ярихгүй байгаа нь гайхашрал төрүүлж байна.

Нөгөө нэг асуудал нь Монгол улс цахим аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ гэдэг дээр том бодлого боловсруулах, их ажил хийх хэрэгтэйг энэ үйл явдал сануулж байна.

– Нэрт сэтгүүлч Л.Болормаагийн учир битүүлэг үхлийн талаар МСНЭ ямар байр суурьтай байна вэ?

– Золгүй тохиолдол байж магадгүй гэсэн тайвшрал эхлээд байсан. Ар гэр, ажлынхан нь ч гэсэн хүлээцтэй хандъя гэдэг байр сууриа бидэнд илэрхийлж байсан. Дараа нь ямар дүгнэлт гарсныг бүгд мэдэж байгаа. Маш их цочирдсон. Сэтгүүлч хүн үнэнийг бичих, нийгэмд хор уршигтай буруу муу зүйлийг илчлэх үүрэгтэй. Талийгаач сайн сэтгүүлч байсан. Асуудлыг ултай хөнддөг, шудрага, эр зоригтой сэтгүүлч байсан. Хууль хяналтын байгууллага хэргийн үнэн мөнийг хурдан тогтоогоосой, эргэлзээ хүлээлтийг тайлаасай  гэж хүсч байна. МСНЭ асуудлыг байнга анхаарлын төвдөө байлгаж, үнэн мөнийг хурдан олж тогтоохынг шахаж шаардах болно. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхнээ бас мөшгөн сурвалжлах ажил өрнүүлээч гэж уриалж байна.

– Энэ жил сонгуулийн жил. Сонгуулийн шинэ хуульд хэвлэл мэдээлэлтэй холбоотой тодорхой заалтууд орлоо. Бид яах ёстой вэ, юуг анхаарах вэ?

– Сонгуулийн жилд сэтгүүлч, хэвлэл мэдээлэлтэй холбоотой зарга гомдол байнга ихэсдэг. Зарим нь манайхны буруу байдаг. Гэхдээ бусдын өмнөөс буруутан болох нь ч элбэг.  Тийм болохоор нэг л зүйл анхааруулъя. Төлбөртэй, захиалгатай материалыг “Төлбөртэй” гэсэн тэмдэглэгээтэйгээр түгээдэг болчихъё. Үндэсний аюулгүй байдалд харшлахгүй, хүчирхийлэл, садар самууныг сурталчлаагүй л бол төлбөртэй мэдээлэл түгээж яагаад болохгүй гэж? Харин сэтгүүлч өөрөө нэрээ тавиад бичсэн мэдээллийнхээ хариуцлагыг бол хүлээх ёстой. Редакц ч хуваалцах л ёстой. Тийм болохоор мэдээллийг олон эх сурвалжаас нягталж баталгаажуулж байж  түгээх ёстой гэдэг мэргэжлийн алтан дүрмээ ягштал бариад ажиллахад алдаа гарахгүй.

Харин гүтгэлэг, үндэслэлгүй мэдээлэл цацагдсан тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх асуудал бол огт өөр сэдэв. Гүтгэлэг, мэдээллийн бодит байдал, хариуцлагатай холбоотой асуудлыг хуулиар хэрхэн шийдэх нь  бусад хуулиудад суучихсан л байгаа шүү дээ.  Дээр нь энэ олон жил зүтгэж байж бий болгосон хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын асуудлыг яагаад уландаа гишгээд байна вэ?  Буруу жишиг тогтоох вий, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн дуртай нь хаах гэж дайрдаг, ямар ч хамаагүй хуулинд ийм зүйл заалт суулгах гэж зүтгэдэг болчих вий гэж болгоомжилж байна. Сонгуулийн хуулинд редакц хийх үед энэ бүхэн засагдах байгаа гэж найдаж байна.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

Сэтгэгдэлүүд

Дээш