logo
Ц.Атаржаргал: 120 орчим томоохон аж ахуй нэгж үүрэг хүлээж ажиллана

Ц.Атаржаргал: 120 орчим томоохон аж ахуй нэгж үүрэг хүлээж ажиллана

2016/09/09

Монгол улс Эрчим хүч хэмнэлтийн тухай хуультай болж, тухайн хуулийг хэрэгжүүлэх журмууд Засгийн газраар батлагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хууль журмын дагуу томоохон аж ахуй нэгжүүд эрчим хэмнэх үүрэг хүлээж ажиллах юм. Бид талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн хэлтсийн дарга Ц.Атаржаргалаас тодрууллаа.

-Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хуулийн талаар товч мэдээлэл өгөөч?

-Монгол Улс өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэж байгаа ч гаднаас өндөр үнээр эрчим худалдаж авдаг улс. Жилээс жилд эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж, нэмэгдэж байгаа хэрэгцээгээ дотооддоо үйлдвэрлэхийн тулд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг шат дараатай хийж байна. Гэхдээ эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэсэн эрчим хүчээ хэмнэж, дотоод нөөц бололцоогоо ашиглах зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс Эрчим хүч хэмнэлтийн тухай хуультай болох талаар олон жилийн өмнөөс ярьж, тооцоо судалгаа хийж, хуулийн төсөл боловсруулж ажилласны үр дүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр УИХ-аар Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хороон дээр Эрчим хүчний хэмнэлтийн хэлтэс байгуулагдаад ажиллаж байна.

-Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх журмуудыг Засгийн газар баталсан. Яг ямар журмууд батлагдсан бэ?

-Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос тодорхой журмуудыг боловсруулж Засгийн газрын тогтоолоор батлуулсан байгаа. Тодруулбал, “Эрчим хүчний аудит хийх”, “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх”, “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох”, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах” гэсэн дөрвөн журмыг Засгийн газар баталсан.

-Дээрх хууль журмуудыг хэрэгжүүлэх ажлын явц хэр байна. Урьдчилсан тооцоогоор хичнээн аж ахуй нэгж үүрэг хүлээж ажиллах вэ?

-Засгийн газраас батлагдсан дээрх журмуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нарийвчилсан заавар, бусад баримт бичиг боловсруулж байна. Журмын дагуу аж ахуй нэгж байгууллагын эрчим хүчний хэрэглээнээс хамаарч үүрэг хүлээх үү, үгүй юу гэдгийг тогтооно. Өөрөөр хэлбэл Засгийн газраас босго хэмжээг тогтоож өгсөн. Жишээлбэл жилдээ 5 сая кВт.ц болон түүнээс дээш хэмжээний эрчим хүч хэрэглэж байгаа уул уурхайн компани, 2 сая кВт.ц болон түүнээс дээш хэрэглээтэй үйлчилгээний газрууд үүрэг хүлээж, эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх төсөл арга хэмжээнүүдийн компани дээрээ хэрэгжүүлж ажиллах юм. Одоогоор 120 орчим томоохон аж ахуй нэгж үүрэг хүлээж ажиллахаар байна.

-Үнэнийг хэлэхэд манайхан ямар нэг хариуцлагаас их айдаг, болгоомжилдог хүмүүс. Үүрэг хүлээсэн хэрэглэгч гэхээр бас л дарамт шахалт үзүүлэх гэж байна гэж зарим хүмүүс ойлгож магадгүй юм?

-Нэг талдаа үүрэг, нөгөө талдаа ашиг гэж харж болно. Тухайн байгууллага үүрэг хүлээж байгаа мэт боловч, эрчим хүчээ хэмнэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр цахилгаан дулаанд төлдөг мөнгөө хэмнэх боломжтой болно. Аж ахуй нэгж байгууллага “Гэрлээ унтраа. Цахилгаан эрчим хүчээ хэмнэцгээе” гэсэн сануулга, уриа лоозон бичиж ханан дээрээ наахаас өөрөөр эрчим хүчийг бодитойгоор хэмнэх ажлууд зохион байгуулдаггүй шүү дээ. Тэгвэл үүрэг хүлээсэн хэрэглэгч бүрээс тодорхой үр дүн гаргахыг энэ хууль маань шаардаж байгаа. Эцсийн үр дүн нь тухайн байгууллагад хэмнэлт болж үлдэнэ. Эрчим хүчний хэмнэлт бол дан ганц мөнгө санхүүтэй холбоотой асуудал биш. Үүний цаана байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, нүүрсний хэрэглээ, нийгмийн хариуцлага гээд олон асуудал бий.

-Ямар байгууллагууд үүрэг хүлээсэн хэрэглэгч болох вэ?

-Хамгийн товчхондоо эрчим хүчний хэрэглээ өндөртэй байгууллагууд үүрэг хүлээж ажиллана. Засгийн газраас тогтоосон босго хэмжээг эрчим хүчний хэрэглээтэй нь харьцуулж үзэхэд төр болон хувийн хэвшлийн томоохон үйлдвэрийн газрууд, эрчим хүчний компаниуд, зарим их дээд сургууль, эмнэлгүүд багтаж байгаа.

-Энэ хуулийн дагуу эрчим хүчний аудит, аудитор гэсэн шинэ нэр томьёо гарч ирж байгаа. Ямар хүн, ямар байгууллага эрчим хүчний аудит хийх эрхтэй вэ?

-Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гол хүний нөөц нь эрх, үүрэг бүхий Эрчим хүчний аудиторууд байх юм. Эрчим хүчний аудитор нь бидний мэдэх санхүүгийн аудитороос ялгаатай. Тэд тухайн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээнд дүн шинжилгээ хийж, яагаад их цахилгаан хэрэглэж байна, энэ хэрэглээг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг судалж, зардлын тооцоо судалгаа гаргаж, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгч ажиллана. Өөрөөрхэлбэл эрчим хүчний зардлыг бууруулах арга замыг олж, хэрэглэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллах ёстой. Энэ аудиторуудыг Эрчим хүчний зохицуулах хороо болон бусад мэргэжлийн сургалтын байгууллагууд хамтран сургаж, дадлагажуулж, үнэмлэх олгох юм. Энэ ажил одоо ид дундаа өрнөж байна.

-Үүрэг хүлээсэн хэрэглэгчид эрчим хүчний аудит хийлгээгүй, хууль тогтоомжийг дагаж мөрдөж ажиллаагүй бол ямар хариуцлага хүлээх вэ?

-Журмын хүрээнд үүрэг хүлээсэн хэрэглэгч болсон аж ахуйн нэгж, байгууллага нь 18 сарын дотор өөрийн эрчим хүчний хэрэглээнд эхний аудит хийлгэх үүрэгтэй. Ямар аудитороор аудит хийлгэхээ байгууллага өөрөө сонгож, гэрээ байгуулан ажиллах эрхтэй.Мэдээж хууль, тогтоомжийг мөрдөөгүй тохиолдолд тооцох хариуцлага бий. Энэ хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт тодорхой тусгасан байгаа.

-Эрчим хүчний аудит хийлгэх гэж байгаа аж ахуй нэгж байгууллагууд юуг анхаарах ёстой вэ?

-Эрчим хүчний хэрэглээ их гараад яахаа мэдэхгүй байгууллагууд хэрэглээндээ аудит хийлгэх боломжтой болж байна. Гэхдээ аудитороо сонгохдоо Эрчим хүчний зохицуулах хорооноос эрх авсан эсэхийг нягталж үзэх хэрэгтэй. Учир нь аудитын ажлын чанар, аудиторын хариуцлага хөндөгдөх учир эрх бүхий этгээдээр аудитоо хийлгэх нь тухайн аж ахуйн нэгж байгууллагад ашигтай юм. Хэрэв таны хэрэглээ Засгийн газрын тогтоосон хэмжээнээс давж, үүрэг хүлээсэн хэрэглэгч болсон бол та заавал Эрчим хүчний зохицуулах хорооноос эрх авсан аудитороор аудитаа хийлгэх үүрэгтэйг анхаарах хэрэгтэй.

-Хууль тогтоомж хэрэгжиж эхэллээ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр эдийн засгийн ямар үр дүнд хүрэх вэ?

-Манай улсын эдийн засагт томоохон үүрэгтэй оролцдог уул уурхай, аж үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын компаниуд урсгал зардлынхаа нилээдгүй хувийг эрчим хүчний зардалд зарцуулдаг. Дээр дурдсан 120 орчим томоохон аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь манай улсын нийт хэрэглээний 50 орчим хувийг эзэлж байгаа. Хэрэв тухайн аж ахуйн нэгжүүд үр ашиггүй хэрэглэж буй эрчим хүчнийнхээ 10%-ийг хэмнэж чадвал жилдээ 42.9 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх бололцоотой гэсэн тооцоо гарч байгаа. Энэ хэрээр тухайн компанийн зардал буурч санхүүгийн хувьд давуу талыг бий болгосоноор улс орны эдийн засагт ч чухал нөлөө үзүүлж чадна.

Сэтгэгдэлүүд

Дээш