logo
Б.Батсүрэн: Аяллын турш нэр минь Монгол Улс

Б.Батсүрэн: Аяллын турш нэр минь Монгол Улс

2016/11/21

Хойд туйл руу явах нохойн чаргатай аялалд Монгол улсаасаа төлөөлөн өрсөлдөж буй Б.Батсүрэнтэй ярилцлаа. Энэхүү аяллын санал хураалт энэ сарын 16-наас 12-р сарын 16-ны хооронд явагдах бөгөөд олон санал авсан нь тэмцээнд оролцох боломжтой. Иймээс та бүхэн монгол улсынхаа нэрийг гаргах тамирчиндаа ЭНД дарж саналаа өгөөрэй.

-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчид өөрийгөө танилцуулаач. Таныг хойд туйлд болох нохой чаргатай аялалд өрсөлдөж байгаа гэж сонссон. Өнгөрсөн жилүүдэд цэнхэр үст Цэрэн эгч гээд л сошиал медиагаар нохой чаргатай аяллын тухай нилээн өргөн яриа өрнөсөн, таны аялал мөн ижил аялал уу?

-Сайн, сайн байна уу? Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Батаагийн Батсүрэн гэдэг. Ховд аймгийн Ховд хотод төрсөн. 2005 онд арван жилээ Улаанбаатарын 96-р сургуулийг төгсөөд, Америк улсруу 17 насандаа их сургуульд сурах зорилго өвөртлөн явсан юм. Нэг л мэдэхэд тэнд 11 жил болжээ. Зорьсон зорилгоо биелүүлэхийн хажуугаар тодорхой хэмжээний давхар дадлага туршлага хуримтлуулаад эх орондоо ирсэн.  Тиймээ, миний энэ өрсөлдөж буй Хойд туйл руу явах тэмцээн нь Э.Цэрэн эгчийн явсан аялалтай яг адилхан.

-Энэхүү аялалд хичнээн орны тамирчид өрсөлдөж байгаа вэ?  Тэмцээнд оролцоход ямар нэгэн шалгаруулалт байсан уу? Энэхүү нохой чаргатай аяллынхаа тухай илүү тайлбарлаж өгөхгүй юу? Яагаад заавал нохойгоор, яагаад заавал өрсөлдүүлж, орон орноос төлөөлөл сонгодог нь уншигчдад сонин байх болов уу?

-Энэхүү аялалд дэлхийн ямарч орноос өрсөлдөх боломжтой бөгөөд нэр тусгагдсан 12 улс байгаа. Тухайн 12 улсад дурдагдаагүй бусад улс нь БУСАД орнууд гэсэн хэсгээс өрсөлдөж байгаа юм. Монгол улсаас өрсөлдөж буй өрсөлдөгч нар нь Бусад орнууд гэдэг хэсгээс өрсөлдөх юм. Тиймээс өрсөлдөөн маш их. Шалгаруулалтын хувьд 18 аас дээш насны хүмүүс өрсөлдөх боломжтой бөгөөд нарийн заасан шалгуур байхгүй юм. Мэдээж оролцож байх үед дагах ёстой хууль дүрэм гэж байгаа. Энэхүү тэмцээн нь Fjallraven гээд европын алдарт брэндээс зохион байгуулж байгаа тэмцээн. Fjallraven ний анхдагч Аке Нордин гээд хүний санаачилгаар энэхүү тэмцээн нь эхэлсэн бөгөөд эгэл жирийн хүмүүст ийм гайхалтай аяллаар явах нөхцөл бололцоог гаргаж өгч байгаа юм. Хойд туйлд буюу Скандинавын Арктикт энэ аялал явагдах бөгөөд нохойтой чаргаар туулах нь хамгийн тохиромжтой бөгөөд хамгийн гол зорилго нь хүйтэн, цастай эрс тэс нөхцөлийг мэргэжлийн хүмүүсийн удирдлага доор суралцан давах юм.

-Өмнө нь манай улсаас Э.Цэрэн эгч оролцоод ирсэн. Харин энэ удаа та өрсөлдөж байна. Та Э.Цэрэн эгчтэй уулзав уу? Танд ямар нэг зөвлөгөө өгсөн болов уу?

-Энэ тэмцээнд улс болгоноос нэг л хүн өрсөлдөнө гэсэн зүйл байхгүй бөгөөд надаас өөр ч өрсөлдөж буй Монгол хүн байгаа. Америк улсаас ч өрсөлдөж буй Монгол эмэгтэй байгаа. Цэрэн эгчтэй би уулзаагүй. Э.Цэрэн эгчид би гэхдээ хувиасаа маш их баярладаг. Ийм гайхалтай аялал, уралдаан байдаг гэдгийг Монголчууд бидэнд мэдүүлэхээс гадна эх орноо төлөөлөн амжилттай оролцож чадсан шүү дээ.

-Хойд туйл мэдээж хүйтэн. Энэ хүнд нөхцөлд чаргаар аялна гэдэг бэрх шүү дээ, ийм байхад яагаад энэ аяллыг сонгов? Бэлтгэлээ хэрхэн базаав?

-Мэдээж энэ бол тийм амар аялал байхгүй нь тодорхой. Би иймэрхүү төрлийн аялал болон өөрийгөө сорьсон зүйлд илүү сонирхолтой. Өөрийгөө даван дийлэх гэдэг гайхалтай зүйл шүү дээ. Бэлтгэл сайн хангасан.

-Нохойн чаргаар хичээллээд хэдэн жил болж байна вэ танд дасгалжуулагч байдаг уу өөрийн гаргаж байсан амжилтаас дурдаач...

-Fjallraven Polar гээд энэ аялал нь хэдий нохойн чаргаар явах боловч мэргэжлийн хүмүүсийн хооронд болдог уралдаан биш юм. Тийм болохоор заавал нохойн чаргаар хичээллэдэг байх албагүй юм. Би өөрөө сагсан бөмбөг болон ууланд аялах дуртай.

-Нохойн чаргаар аялж байв уу.

-Нохойн чаргаар бол аялж үзээгүй. Харин хэд хэдэн удаа уул руу аялж үзэж байсан. Тэдний нэг нь Америк улсын Невада болон Калипорниа мужийн зааг дээр байдаг Mount Whitney гээд уул байдаг бөгөөд нийт 4421м өндөр юм. Америкийн эх газартаа хамгийн өндөрт ордог уул юм. Аяллын дунд агаарын дутагдалд орж толгой эргэх мэтийн зүйлс тохиолдож байсан. Эцэст нь Эх орныхоо далбааг мандуулаад гарсандаа баяртай байдаг.

-Монгол улсдаа энэ спортыг хөгжүүлэх боломж байгаа юу?

-Би тэр талаар яг одоогоор явж үзээгүй байгаа болохоор хэлж мэдэхгүй байна. Хэрвээ надад явах боломж минь гараад яваад ирвэл тэр үед илүү ихийг мэдэх юм болов уу. Миний сонссоноор Монголд тийм төрлийн спортыг дэмждэг хүмүүс байдаг гэж сонссон.

-Нохой чарга хөлөглөж явахад нохдынхоо бэлтгэл, хоол хүнсийг мөн анхаарах ёстой байх, энэ тухай сонирхуулаач.

-Тэр бүгдийг өөрсдөө хийж сурах бөгөөд дан ганц нохойгоо арчлахаас гадна өөрсдийн хоол унд, майхан барих гээд л давж туулах, суралцах зөндөө зүйлс бий. Энэхүү гайхалтай аялалд явах мөрөөдлийг минь биелүүлэхэд уншигч та бүхний туслалцаа дэмжлэг маш их хэрэгтэй байна аа.  Энэ хаяг руу ороод саналаа өгөхөөс гадна бусдад түгээж олонд хүргэхийг та бүхнээсээ сэтгэлээсээ хүсэж байна. Баярлалаа.

http://polar.fjallraven.com/contestant/?id=186

-Монгол Улсаас олон улсын тэмцээнд явахад тань ямар нэгэн байгууллага,  ивээн тэтгэгчид туслалцаа үзүүлдэг үү? Байнгын ивээн тэтгэгч байдаг уу? Хэр дэмжлэгтэй спортын төрөл вэ?

-Хэрвээ та хэдийнхээ дэмжлэгтэйгээр олон санал авч явах эрхээ авах юм бол энэ бүх аяллын зардлыг Fjallraven аас гаргах юм. Аяллын турш нэр минь Монгол улс.

-Ярилцлагын сүүлийн асуултаа танд үлдээе...

-Надтай ярилцаж, миний оролцож буй тэмцээнд тус нэмэр болсон танай хамт олонд маш их баярлалаа. Мөн надтай хамт өрсөлдөж буй өрсөлдөгч нартаа амжилт хүсье.

-Цаг заваа гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.


Ингээд та бүхэндээ Хойд туйл руу явах нохойн чаргатай аялалд өрсөлдөж буй Б.Батсүрэнгийн видео танилцуулгыг хүргэж байна.

Д.ЖАНСЭНМ

Сэтгэгдэлүүд

Дээш