logo
Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, зориулалтын байртай болгоход анхаарна

Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, зориулалтын байртай болгоход анхаарна

2020/03/16

Хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд “Нийслэл хотод байгаа 382 тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан 126 иргэнийг гэрт нь хүлээлгэж өгсөн. Харин үлдсэн 238 иргэнийг тусгай төвд хүлээлгэн өгөөд байна” хэмээн нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс хэллээ. Эдгээр иргэдээс 38-аас дээш халуунтай 29 иргэн, сүрьеэтэй 14 иргэнийг тусад нь байрлуулсан байна.

Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Орон гэргүй, тэнэмэл иргэдийн эрүүл мэндийн асуудалд холбогдох байгууллагууд тогтмол анхаар, хяналтаа сулруулж болохгүй. Шат шатандаа хяналт зохион байгуулалтыг сайн хийх хэрэгтэй. Энэ бол зөвхөн коронавирусийн үед халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хийж байгаа ажил биш. Цаашид эдгээр иргэдийг зориулалтын тодорхой байртай болгож нийгэмшүүлэх, тохирох сургалтуудад хамруулах зэрэг ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран эхний ээлжинд хэдэн хүнийг сургалтад хамруулах, орон байрны асуудлыг нь хэрхэн шийдэх гэх мэт бүртгэл, судалгааны ажлыг зохион байгуулах шаардлагатай” хэмээн чиглэл өгөв.

Сэтгэгдэлүүд

Дээш