logo
Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ

Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ

2020/03/25

Монгол Ардын Нам ээлжит Бага хурлаа өчигдөр орон даяар цахимаар зохион байгуулж, УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан.   Монгол Ардын Нам эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэм болгодог нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай намын хувьд нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах, нийгмийн хөгжил иргэн бүрт тэгш шударга хүрэх, дундаж давхаргыг дэмжих зорилтуудыг энэхүү мөрийн хөтөлбөрт онцлон тусгажээ.

Мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлахдаа  “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төсөл зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэс болгосон байна. Түүнчлэн 2016-2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, иргэд олон нийтийн өгсөн үнэлэлт, салбарын эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн амжилттай хэрэгжиж буй хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан байна.

 

Мөрийн хөтөлбөрийг боловсруулах явцад иргэд, МАН-ын  гишүүд дэмжигчид, эрдэмтэн судлаачдаас 15 мянга  орчим санал, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээс найман мянга гаруй, УИХ, Засгийн газрын гишүүдээс 501, МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд, аймаг нийслэл, дүүргийн намын хороодоос 3500, намын дэргэдэх ТББ-уудаас 26300, нийтдээ 303,000 саналыг тус тус ирүүлжээ.

Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 20 гаруй хэлэлцүүлэг хийсэн байна гэж Монгол Ардын намын ХМОНХА-аас мэдээллээ.

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUUM.MN сайтын редакц
Дээш