logo
Панамын баримтаас хойш 4 жил: Нууцлаг компаниуд ба дэлхийн баялаг

Панамын баримтаас хойш 4 жил: Нууцлаг компаниуд ба дэлхийн баялаг

2020/04/17

Эх сурвалж: https://www.transparency.org

Компанийн нууцад салхи оруулсан Панамын баримт дэлгэгдсэнээс хойш энэ долоо хоногт дөрөв дэх жил нь тохиож байна. Тэгш бус байдлыг дэвэргэсэн, авлигыг өөгшүүлсэн дэлхийн санхүүгийн систем дэх сул талын талаар 2016 онд олон нийт мэдэх болсон юм. Энэ дөрвөн жилийн хугацаанд тоймгүй олон дуулиант явдал, Холивудын кино хүртэл гарч ихээхэн дэвшил бий болж байгаа ч татварын шударга байдал, компанийн нууц тулгамдсан асуудал хэвээр байна.

Нууцлаг халхавч компаниудыг зүй бусаар ашиглах нь “Ковид-19” цар тахалтай нүүр тулж буй олон улс орнуудад өнөөдрийн томоохон бэрхшээлийн нэг шалтгаан болж байна. Олон жилийн хугацаанд эдгээр компаниудаар дамжуулан авлига, луйвар, татвараас зайлсхийх боломжийг олгосон юм. Энэ нь эрүүл мэндийн системийг бэхжүүлэхэд зарцуулах ёстой байсан татвар, төсвийн хөрөнгө зорилтод хэсэгтээ очоогүй, эсхүл нийтийн хөрөнгөөс завшсан гэсэн үг болж байна.

Жишээлбэл нөөц арвин Африк бол эдийн засгийн өсөлтийн хувьд дэлхийн хоёр дахь хамгийн хурдтай өсч буй бүс нутаг боловч жил бүр үндэсний хөрөнгөөс 50 тэрбум ам. доллар гадагшлахад оффшор бүс нутгууд түлхэц болж байна. Панамын баримтаас хойш нууцлаг компаниудын жинхэнэ эзэмшигчийн талаарх мэдээллийг цуглуулах улс орнуудын хүсэл улам бүр эрчимжиж байна. Улмаар энэ талаар зарим ахиц дэвшил гарч байгаа боловч энэхүү тулгамдсан асуудлын хувьд шинэчлэлийн хурдац хэтэрхий удаан байна.

Энэ бүхэн панамын хуулийн фирм Моссак Фонсекагаас авсан 11.5 сая баримтыг германы хэвлэл мэдээллийн байгууллага “Süddeutsche Zeitung”-д илчилснээс эхэлсэн юм. Уг баримт дахь гэрээний хуулбар, банкны гүйлгээ болон И-мэйлүүд нь хэрхэн дээрх фирм дэлхийн дахинд буй нууцлаг оффшор компаниудад үйлчилж байсныг илэрхийлдэг. Улмаар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ)-аас дэлхийн 80 гаруй улсын 400 сэтгүүлчтэй хамтран дээрх мэдээлэлд шинжилгээ хийх асар том ажиллагааг зохион байгуулсан.

Уг шинжилгээний үр дүн цочирдохуйц байсан бөгөөд дэлхийн санхүүгийн нууцын харанхуй торон дахь 12 улсын удирдагч, алдартан болон бусад олон нийтийн зүтгэлтнүүдийг ил болгож, олон нийтийн эсэргүүцэл, албан ёсны шалгалтыг эхлүүлэхэд хүргэсэн билээ.

Жишээлбэл хүүхдүүд нь Лондонд тансаг зэрэглэлийн орон сууц эзэмшдэг оффшор компанитай холбоотой болох нь илчлэгдсэний дараа буюу 2018 онд авлигын хэргээр Пакистаны Ерөнхий сайд асан Наваз Шариф 10 жил хорих, 10.6 сая ам. долларын торгох ялаар шийтгүүлсэн.

Мөн тухайн онд дээрх баримтаар “Петроэкуадор”-ын хээл хахуулийн схемд Эквадор Улсад өндөр түвшний албан тушаалтнууд холбоотой болохыг илчилсний дараагаар тэднийг баривчилж байсан юм.

2019 оны байдлаар компанийн жинхэнэ эздийн талаарх Панамын баримтын мэдээлэл нь Засгийн газрууд хөрөнгө хураах, торгууль оногдуулах, аудит хийх замаар 1.2 тэрбум гаруй ам.долларыг олж авахад дэмжлэг болсон байна.

Хэдийгээр энэ чиглэлд дэлхийн түвшинд томоохон эерэг өөрчлөлт гарч байгаа ч компанийн ашиг хүртэгч жинхэнэ эзнийг бүртгэх үйл ажиллагаа жигд бус, олон улс орон амлалтдаа хүрч чадахгүй байна. Үүний шалтгаан нь холбогдох бизнесүүдийн хүчтэй лобби, улс төрийн хүсэл зориг дутах, техникийн чадавх бүрдээгүй зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй байна.

Европын холбооны хэмжээнд Мөнгө угаахтай тэмцэх 5 дугаар удирдамжид 2020 оны 1 дүгээр сар гэхэд бүх гишүүн улс орнууддаа жинхэнэ ашиг хүртэгч эздийн бүртгэлийг бий болгохыг үүрэг болгосон юм. Харин “Global Witness” байгууллагаас хийсэн судалгаагаар ихэнх улс орнууд дээрх үүргийг биелүүлээгүй байна. Ялангуяа, оффшор бүс нутгууд компанийн эздийн талаарх мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд ихээхэн хойрго хандаж байна. Хэдийгээр Их Британи энэ хүрээнд идэвхтэй ажиллаж байгаа боловч түүний харьяаны оффшор бүс нутгууд туйлын хангалтгүй байна. Зөвхөн Жерси, Гернси, Мэн арлууд дээрх бүртгэлийг бий болгосон ч 2023 оноос олон нийтэд ил тод болгохоор төлөвлөж байна.

Одоогоор Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ нь гэмт хэрэгтэн, авлигач нарт хууль бус орлогоо нуух, угаах боломж олгосон улс орнуудад хориг тавих эрх бүхий дэлхийн хэмжээний цор ганц байгууллага юм. Иймд иргэний нийгмийн түншүүдтэйгээ хамтран бид ФАТФ-ыг дэлхийн стандартад яаралтай шинэчлэлт хийх, ашиг хүртэгч эздийн талаарх нэгдсэн мэдээллийг баталгаажуулсан, төв бүртгэлтэй болохыг шаардаж байна. Энэ бүртгэл нь олон нийтэд ил тод, онлайн, нээлттэй өгөгдөл хэлбэртэй байх ёстой юм.

Сэтгэгдэлүүд

Дээш