logo
УИХ: Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

УИХ: Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

2020/05/01

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02  дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Цэцийн дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Х.Нямбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар тус тус  танилцуулав.

Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Харин Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам ... байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзжээ.  

УИХ-ын Хууль зүйн болон, Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тус тус үзсэн байна. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, хариулт авсны дараа Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02  дугаар дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. 

Сэтгэгдэлүүд

Дээш