logo
Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд ОХУ-ын Гадаад хэргийн сайдын мэндчилгээг уламжлав

Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд ОХУ-ын Гадаад хэргийн сайдын мэндчилгээг уламжлав

2020/07/12

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровоос Үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан, мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд  илгээсэн баярын илгээлтийг гардуулав.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров илгээлтдээ Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэх нь хоёр улсын язгуур эрх ашигт нийцэж, Ази тивийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үздэгээ илэрхийлжээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх зэрэг асуудлаар санал солилцов.

Сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, “Сибирийн хүч-2” төсөл, төмөр замын шинэчлэл зэрэг томоохон төслүүдийг урагшлуулахын төлөө цаашид ч ойр дотно хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.

Элчин сайд И.К.Азизов түүнчлэн Улаанбаатар дахь Дипломат корпусын нэрийн өмнөөс Гадаад харилцааны сайд Н.Энхтайван шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Сэтгэгдэлүүд

Дээш