logo
Токио хотын иргэдийг ирэх амралтын өдрүүдэд гэртээ байхыг уриалжээ

Токио хотын иргэдийг ирэх амралтын өдрүүдэд гэртээ байхыг уриалжээ

2020/07/25

Токио хотод халдвар авсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж сүүлийн 2 өдрийн байдлаар 300-г давсантай холбогдуулан тус хотын захиргаанаас 23-ны өдрөөс эхэлж буй дараалсан 4 өдрийн урт амралтаар аль болох гэрээсээ гарахгүй өнжихийг  иргэддээ уриалаад байна.

Токиогийн албаны хүмүүс халдварт өвчний мэргэжилтнүүдтэй уулзан, сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд хадгалж үлдээхээр шийдвэрлээд байгаа бөгөөд тус хотод энэ сарын 22-ны өдөр 295, 23-ны өдөр 366 халдварын тохиолдол илэрсэн бол өнөөдөр 260 тохиолдол илэрчээ.

Токио хотын захирагч Ю.Коикэ "Хэрэв та гадагшаа гарах бол халдвар авахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу. Мөн оршин суугчдыг аль болох гэртээ байхыг хүсч байна” хэмээн анхааруулсан байна. Мөн Осака мужид уржигдар 121, өчигдөр 104 тохиолдол бүртгэгдэж, баруун бүс нутагт 3 оронтой тоогоор халдварын тохиолдол илэрч байгаа нь анхны удаа болж байгаа юм.

Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед Ерөнхий сайд Абэ Шинзо томоохон арга хэмжээнүүд зохион байгуулахыг 8 дугаар сарын эцэс хүртэл хойшлуулна гэж мэдэгдээд байгаа аж.

Сэтгэгдэлүүд

Дээш