logo
Киргизийн ерөнхийлөгч асан өөрийн гэм бурууг хүлээгээгүй байна

Киргизийн ерөнхийлөгч асан өөрийн гэм бурууг хүлээгээгүй байна

2020/09/11

Киргиз Улсын Ерөнхийлөгч асан А.Атамбаевийг авлига, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн толгойлогч Азиз Батукаевийг хууль зөрчин шоронгоос сулласан хэрэгт буруутган 11 жил, 2 сарын хорих ял оногдуулсан бөгөөд тэрээр өөрийн гэм бурууг нотлогдоогүй гэж үзэж байна.

“Эрүүгийн хэргийн материал, гэрчүүдийн мэдүүлэгт авлигын болон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нотолсон баримт байхгүй байсан” гэж А.Атамбаев мэдэгдсэн талаар Интерфакс агентлагийн мэдээнд дурджээ.

Түүнчлэн тэрээр Киргиз улсын өмнөх ерөнхийлөгч асан Курбанбек Бакиевийн төрсөн ах Жаныш Бакиевийг гадаадаас эх оронд нь буцааж авчрах арга хэмжээг 2011 оноос авч байсан тухайгаа мэдэгдсэн байна.

“Эрх баригчдын шийдвэрээр шүүх хурлыг хаалттай зохион байгуулсан, миний нэр төрийг гутах, ард түмнээс үнэнийг нуун дарагдуулах зорилгоор хэргийн материалыг нууцын зэрэгт оруулсан. Улсын үндэсний аюулгүй байдлын хорооны үйл ажиллагааг дэмжин эрүүгийн гэмт хэрэгтнийг эх орондоо авчиран шударга шийтгэл оногдуулахаар явсныхаа төлөө 11 жил хорих ял авлаа” гэж Ерөнхийлөгч асан А.Атамбаев бас хэлжээ.

Энэ оны зургаадугаар сард А.Атамбаевийг шүүхээс буруутай гэж үзэж 11 жил 2 сар хорих ял оногдуулсан юм.

Сэтгэгдэлүүд

Дээш