logo
Косовын Засгийн газар Авлигатай тэмцэх ажлын хэсгийг татан буулгалаа

Косовын Засгийн газар Авлигатай тэмцэх ажлын хэсгийг татан буулгалаа

2020/10/28

Бүгд Найрамдах Косово Улсын Засгийн газар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10 жилийн турш үйл ажиллагаа явуулсан Авлигатай тэмцэх ажлын хэсгийг татан буулгалаа.

Ажлын хэсэг нь Засгийн газраас хэтэрхий хараат тул үр дүнтэй ажиллах боломжгүй байсан бөгөөд тус ажлын хэсгийг татан буулгах шийдвэр нь эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулах зорилготой талаар Засгийн газар мэдээлэв.

Авлигатай тэмцэх ажлын хэсэг нь нийт 30 албан хаагч болон даргын бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бөгөөд Косовын Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт өөрсдийн үйл ажиллагааг тайлагнадаг байна.

Хууль зүйн сайд Селим Селими тухайн ажлын хэсгийг татан буулгах эсэх талаарх санал хураалтад санал өгөөгүй бөгөөд өөрийн цахим хуудсанд “...Бидэнд илүү сайн төлөвлөгөө хэрэгтэй... Мөн томоохон авлигын хэргийг шалгах ажиллагаанд саад тотгор учруулах эрсдэлтэй.” хэмээн мэдэгджээ.

Косовын Хууль зүйн институт тус шийдвэрийг хяналт шалгалтын эсрэг хийж байгаа улс төрийн үйлдэл хэмээн тодорхойлжээ. Ажлын хэсэг нь 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа хэд хэдэн томоохон авлигын хэргийг шалгаж шийдвэрлэсэн.

Косово Улсад суугаа Европын холбооны Хууль дээдлэх төлөөлөгчийн газар[1] нь тус албыг авлига илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд чухал үүрэгтэй байсан талаар дүгнэжээ. Цаашлаад “Ажлын хэсэг нь улс төрд нөлөө бүхий, нэр хүндтэй хүмүүстэй хамааралтай томоохон авлигын хэргүүдээс гадна төрийн өмчийн хувьчлал, нийтэд зарласан тендер зэрэг нийтийн төсөвт 7 сая гаруй еврогийн хохирол учруулсан санхүүгийн ээдрээтэй хэргүүдийг илрүүлэн, мөрдөн шалгасан” тухай ЕХХДТГ-ын Хууль зүйн хяналт шалгалтын тайланд тусгасан байна.

Мөн тайланд тусгаснаар хэд хэдэн өндөр албан тушаалтнууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан талаар дурджээ. Цаашлаад “Зарим хэргийг мөрдөн шалгах ажиллагааны эхэн үед гацаах хандлага ажиглагдсан байна. Хэрэг нээх ажиллагааг Косовын Тусгай Прокурорын газраас хуульд заасан эцсийн хугацаа хүртэл хойшлуулж байсан нь тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар хүндрэл учруулж хуульд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх 2 жилийн хугацааг өнгөрөөх эсхүл өөр төрлийн дарамт үзүүлэх сэдэлтэй байсан байж болзошгүй.” хэмээн тайланд тусгажээ.

ЕХХДТГ-ын тайланд тусгагдсан зөвлөмжид Косово дахь Цагдаагийн авлигатай тэмцэх ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжих нь авлигыг илрүүлэх, мөрдөн шалгахад онцгой ач холбогдолтой талаар дурдсан байна.

Эх сурвалж: exit.al

Сэтгэгдэлүүд

Дээш