logo
ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үндэсний хорооны хуралдаан болов

ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үндэсний хорооны хуралдаан болов

2021/03/15

Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллах, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Үндэсний хорооны тавдугаар хуралдаан 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр болов.

Хуралдааныг Үндэсний хорооны дэд дарга, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин даргалж, ХХААХҮЯ, ЗТХЯ, ГЕГ, МХЕГ, ҮХГ, СХЗГ, Монголын гаалийн зуучлалын мэргэшсэн холбоо, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо зэрэг гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Хуралдаанаар Үндэсний хорооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Мөн  худалдаатай холбоотой мэдээллийн ил тод байдлыг хангах “Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан”-гийн хэрэглээг өргөжүүлэх, мэдээллийн сангийн тогтвортой ажиллагааг хангах, гадаад худалдааны “Цахим нэг цонхны систем” байгуулах ажлыг идэвхжүүлэх, гадаад худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах асуудлыг хэлэлцэв. Үндэсний хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, хэлэлцээрийн биелэлтийг бүрэн хангах чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.

Монгол Улс ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт 2016 онд нэгдэж, хэлэлцээрийн 99 дэх гишүүн улс болсон. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээр хүлээсэн үүргээ 2026 онд бүрэн хэрэгжүүлсэн байх ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар хэлэлцээрийн биелэлт  56.3%-тай байна. Монгол Улсын “Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо” болон “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн даргаар Гадаад харилцааны сайд ажилладаг.

Сэтгэгдэлүүд

Дээш