Иргэдийн эрүүл мэндийг цар тахлын эрсдэлээс хамгаалах нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд хамгийн чухал байгаа учраас халдварын өндөр эрсдэлтэй газруудад хэсэгчилсэн байдлаар хязгаарлалтын арга хэмжээг өнгөрсөн хугацаанд авч ирсэн.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт коронавируст халдвар голомтлон тархах эрсдэл үүссэн тул өчигдрөөс (2021.03.17) эхлэн гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэл 5 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Гэтэл “Дайны хажуугаар дажин” гэгчээр 26 дугаар хороонд хөл хорио тогтоохтой зэрэгцээд хорооны Засаг даргыг сольчихлоо, хөл хорио тогтоосон нь улс төрийн ашиг сонирхолтой холбоотой гэхчлэн мэдээллүүд сошиалаар цацагдлаа. Мөн хорооны дарга асан Г.Отгонбаатарыг “өмөөрсөн” хэсэг бүлэг хүмүүс цар тахлын үеийн халдвар хамгааллыг зөрчин, жагсаал цуглаан хийцгээв.
Үйл явдлын дарааллыг харахаар хөл хорио тогтоох шийдвэр гуравдугаар сарын 17-нд гарч, хэрэгжиж эхэлсэн бол Г.Отгонбаатар нь 26 дугаар хорооны Засаг даргын ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр албан ёсоор гаргасан аж.
Хорооны Засаг даргаар 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажилласан тэрбээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтдээ 6 сарын тэтгэмж олгож өгөхийг хүссэн байгаа нь өөрийнх нь бичсэн дараах хүсэлтээс харагдаж байна.
Хуулиар бол ийнхүү чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, хүлээлгэж өгснөөр уг тэтгэмжийг авах нөхцөл бүрдэж байгаа юм.
Гэтэл Г.Отгонбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг албан ёсоор гаргасан хэрнээ коронавирусний эрсдэлийг бууруулах хөл хориотой зэрэгцэн улстөржсөн байр суурь илэрхийлэн, үүндээ хэсэг бүлэг нөхдийг турхирч байгаа нь үнэндээ тун болчимгүй явдал юм.
Засаг дарга байсан хүн 26 дугаар хорооныхоо 31 мянган иргэний эрүүл мэнд, аюулгүй байдлаар улс төр хийж буй нь үнэхээр харамсалтай.
Өөрийн хүсэлтээр ажлаа өгчихөөд дараа нь “Намайг дарамталдаг байсан” гэхчлэн зүйлс ярьж явааг нь гайхах хүмүүс олон байна. Түүнийг ажлаа хүлээлгэх болсны цаана өөрт нь ашигтай хувилбар, тохироо байсан байх гэж харж буйгаа ч зарим эх сурвалж хэлж байна.
Хамгийн гол нь 31 мянган иргэний эрүүл мэндэд, өндөр эрсдэл үүсчихээд байхад удирдлагын хувиар хариуцлагаас зугтан, ажлаа өгсөн атлаа өөрийгөө л хамгаалж, мэдэгдэл хийгээд яваад нь аль ч талаас харахад зохимжгүй. Хорооны даргын сандал суудал ярин жагсаал цуглаан хийж байх үед нь иргэд халдвар авбал хэн хариуцах вэ. Лав Г.Отгонбаатар гэж хүн хариуцлага хүлээхгүй.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Засаг дарга Н.Баярмөнх үүсээд буй нөхцөл байдлын талаар өчигдөр байр сууриа илэрхийлэхдээ "Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга тав хоногийн өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. 26 дугаар хороо одоогоор Засаг даргагүй байна. Гэхдээ хорооны байранд Мэргэжлийн хяналт, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Түр штаб ажиллан, хөл хорио тогтоох үйл ажиллагааг хэвийн явуулж, иргэдтэй холбоотой ажиллаж байна. Төрийн ажил хэвийн үргэлжилж байгаа" гэсэн тайлбар өгснийг тодотгоё.