logo
Тэнгэрт болсон гайхалтай явдал

Тэнгэрт болсон гайхалтай явдал

2021/03/19

Дэлхий ертөнцийн нууц нь үл тайлагдах гайхамшгууд үргэлжилсээр... 1961 онд Охаёо мужид Америкийн нисгэгч нислэг үйлдэж байжээ. Тэр үед цаг агаар их таагүй, үүлэн завсраар туссан нарны гэрэл нисгэгчийн нүдийг сохлох шахаж байж. Нисгэгч гэнэт маш ойрхон өөр нэгэн онгоц нисч явахыг олж харсан байна. Гайхамшгийн хүчээр мөргөлдөхгүй өнгөрч чадсан ч онгоцныхоо далавчаар нөгөө онгоцны их биеийг шүргэж орхижээ. Газардсаныхаа дараа нисгэгч рапортондоо дэлхийн II дайны үеийнхтэй адил нисэх аппараттай мөргөлдөх шахсан тухайгаа бичжээ.

Түүний дүрсэлснээр мөргөлдөх шахсан онгоц нь дайны үеийн онгоцтой адил, нэг хүний суудалтай, том далавчтай, онгорхой кабинд нь савхин хүрэм, том шил зүүсэн нисгэгч байсан аж. Энэ явдлыг сонссон нислэгийн аюулгүй байдлыг хариуцсан офицерууд тухайн онгоц нь түүхэн кино авахад зориулан хуулбарлан бүтээсэн онгоц байсан гэж үзжээ. Гэтэл хэдэн сарын дараа нэгэн нислэгийн буудал дээрээс рапортонд дурдсан онгоцтой маш адилхан онгоц олдсон байна. Шинжээчид энэ онгоцыг маш хуучных, нисэх боломжгүй, тийм учраас өнгөрөгч зуны хэрэг явдалд огтхон ч хамаагүй гэсэн дүгнэлтийг гаргаж. Эл явдал үүгээр дууссангүй. Олдсон онгоцны сэгээс хуучин бүртгэлийн дэвтэр олджээ.

Дэвтэр дээр 1911 онд бичигдсэн тэмдэглэгээ байсан байна. Сүүлийн нислэгийнхээ үеэр уг онгоц маш хурдтай нисч байсан “Сонин хийцтэй мөнгөлөг онгоцтой арай л мөргөлдчихөөгүй, далавчаараа шүргээд өнгөрсөн” хэмээн бичсэн байжээ. Үнэхээр онгоцны бүхээг дээр далавчаар шүргэсний ул мөр болсон зураас, будаг ховхорсон байхыг илрүүлсэн, түүнчлэн тэндээс хөнгөн цагааны үлдэц олсон нь орчин үеийн онгоцны хийцэд ордог найрлагатай яв цав таарч байсан гэнэ.  Тэгэхээр дайны үеийн нисгэгч 50 жилийн дараах үед очин нислэг хийсэн үү, эсвэл 60-аад оны нисгэгч өнгөрсөн үед очсон уу гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдэж байна.  Дээр өгүүлсэнд итгэх эсэх нь уншигч таны л хэрэг юм шүү.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш