logo
Швейцарь эрдэмтэд

Швейцарь эрдэмтэд "алтан" хувцас хийлээ

2011/12/05
Зул сарын худалдан авалт хийж байгаа бэл бэнчинтэй хүмүүст Швейцарьт үйлдвэрлэсэн 24 каратын алтан хувцас таалагдаж магадгүй юм. Швейцарийн Санкт Галлен хот дахь "EMPA" материалын технологийн институтад явуулсан  олон жилийн судалгааны дүнд ийм материалыг гаргаж авчээ. "EMPA" институтийн эрдэмтэн Мартин Амбергийн хэлж байгаагаар хүмүүс олон зууны турш алтан даавуу хийхээр оролдож, утсыг металаар бүрэх зэрэг туршилтуудыг хийж байсан хэдий ч металтай адилхан материал л гаргаж авч байсан байна.
Мартин ярихдаа "Бид яг энгийн утас шиг шинж чанартай, ширхэг бүрийг нь мэдэрч болохоор, мөн яг утас шиг хэрнээ жинхэнэ алт шиг харагддаг материал гарган авахыг хүссэн" гэжээ.
Гэрлийн туяа ашигладаг процессын явцад плазмын реактор алтны бөөмийг металын гадаргаас атомуудыг салган авдаг аргоны йоноор бөмбөгддөг байна. Тэдгээр алтны атомууд салж, машины дундуур аажмаар оруулдаг нийлэг утсан дээр буудаг. Ингээд эцсийн бүтээгдэхүүн нь хувцас шиг индүүдэж, угааж болдог утас юм.
Мартин Амберг хэлэхдээ "Алт шиг шинж чанартай утас хийх нь бидний хувьд шинжлэх ухааны сорилт байсан, алт шиг харагдахаас гадна утастай сайн барьцалддаг байх хэрэгтэй" гэжээ.
Дизайнерууд шинэ материалаа 2013 оны өвлийн коллекцидоо ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ талаарх ажлуудыг хийгээд эхэлсэн байна.
Гэхдээ энэхүү шинэ материал тийм ч хямд биш. Дөнгөж найман грамм алт агуулсан зангиа 8000 долларын үнэтэй. Харин баярын үдэшлэгт өмсөх даашинз үүнээс арай үнэтэй байх юм байна.
Э.АМАР

Сэтгэгдэлүүд

Дээш