logo
Америкт 1986 онд ДОХ-ын халдвар авсан эмэгтэй амьдарч байна

Америкт 1986 онд ДОХ-ын халдвар авсан эмэгтэй амьдарч байна

2011/12/05
Тереза Ноулин: ДОХ –той байх нь цаазын ял биш
Одоо 49 настай Тереза Ноулин гэдэг энэ эмэгтэй 1986 онд ДОХ-ын халдвар авчээ. Тэрээр Бостонд жил бүр халдвар авсан бусад хүмүүс болон тэдний гэр бүлийнхэнтэй уулздаг байна. Тереза аймшигт өвчний халдварыг авснаас хойш 25 жил өнгөрчээ. Гэхдээ тэрээр өөртэй нь адил өвчин туссан бусад олон сая хүн бүтээлч байж, аз жаргалтай амьдарч болно гэдгийг хэлж байна.
Тереза ярихдаа "ДОХ-той байх нь цаазын ял биш ээ, бид аз жаргалтай сайхан амьдарч болно, тухайн үед халдвар авсан маань анх тогтоогдоход би яах учраа олохоо больсон, би айсан, би амьдрах үхэхээ мэдэхгүй байсан" гэжээ.
Хар тамхинд донтож байсан тэрээр халдвартай тариураар мансууруулах бодис тариулснаас болж, эсвэл хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос болж ДОХ-ын халдвар авсан байж магадгүй гэдгээ хэлсэн байна. Тереза Бостонд байдаг Дох туссан өвчтөнүүдийг эмчилдэг төвд ирэхээсээ өмнө гудамжинд амьдардаг байсан гэнэ.
Төвийнхөн Тереза болон бусад гишүүддээ илчлэг хоол хүнс өгч, эмчилгээ хийдгээс гадна урлаг болон гар урлалын хичээл заадаг.  Мөн өвчтөнүүдэд шинэ эмийн талаар боловсрол олгожээ.
Тереза ярихдаа "30 жилийн хугацаанд бид эмний талаар их зүйлийг мэдэж авсан, тэдгээр эмүүд биднийг илүү урт удаан, эрүүл амьдрахад тусалдаг, эрдэмтэд одоогийнхоосоо илүү амжилт, ахиц дэвшил гаргах хэрэгтэй, зөв хооллож, эмээ ууж, эмчид байнга үзүүлж, биеэ сайн эмчилж байвал бид урт удаан амьдрах болно" гэсэн байна.
Онош нь тогтоогдсоноос хойш 25 жилийн дараа Тереза эмийн туршилтуудад оролцжээ. Тэрээр ДОХ туссан өвчтөнүүдийг эмчилдэг төвд хүлээн авагчаар ажилладаг байна. Мөн тэрээр жил бүр ДОХ-той бусад өвчтөнүүдтэй уулзаж, амьдрахын төлөө тэмцэж байгаад амь үрэгдсэн нөхдөө дурсдаг аж.  ДОХ –ын халдвар авсан ч амьдралын зөв хэмнэлтэй байж, эмчилгээ сайн хийлгэснээр урт удаан амьдарч болдог жишээг Тереза Ноулин харуулж байна.
Э.АМАР

Сэтгэгдэлүүд

Дээш