logo
Хөвсгөл аймгийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Хөвсгөл аймгийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

2021/07/23
“Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дууслаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд есөн аймгийн Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийгдэж байгаа.

Энэхүү төслийн үр дүнд Хөвсгөл аймгийн төвд хоногт 3000 м3 хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдлээ. Мөн төслийн хүрээнд аймгийн төвийн 3 дугаар багийн гэр хороололд шугамд холбогдсон нийтийн ариун цэврийн байгууламжийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан нь амжилттай ажиллаж байна. Эдгээр ажлууд нь орон нутгийн байгаль орчныг сайжруулж, бохирдлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг  маягийн зураг төсөл  болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж ашиглалтанд өгч, амжилттай ашиглалтанд оруулах нь бусад аймгуудын төвд цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болж байна.

Шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн 22 ажилтныг онолын болон танилцуулах сургалтад хамруулж, ажиллуулж байна.

Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд хийгдэнэ.

Цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэгч “Набсан” ХХК болон “Эс Энд Эй Трейд” ХХК нарын түншлэлтэй 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулан, ажлаа төлөвлөсөн хугацаандаа чанартай сайн гүйцэтгэж, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ийнхүү хүлээлгэн өгч байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш