logo
"Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолыг баталлаа

"Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолыг баталлаа

2021/12/31
УИХ-ын чуулганы 2021 оны 12  дугаар сарын 30-ны үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.    Засгийн газраас 2021 оны арван хоёрдугаар сарын 27-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.



    Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
    Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Шинэ сэргэлтийн бодлогын нэг үндсэн асуудал нь боомтыг хөгжүүлэх юм. Энэ хүрээнд хатуу хучилттай авто замаар холбогдоогүй байгаа боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажил хийгдэх бөгөөд үүнтэй зэрэгцүүлэн хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийх,  боомт даган үүссэн суурьшлын бүсийн статусыг тодорхой болгох, улмаар төрийн анхан шатны үйлчилгээг хүргэхэд анхаарах шаардлагатай байгааг хэлсэн юм. Ийнхүү гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлж, асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн.


    Иймд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Үргэлжлүүлэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 84 хувь нь дэмжсэн.


    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн,  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан.


Хуралдааны эцэст Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны чуулганы нэгдсэн хуралдаан ийнхүү өндөрлөж байгааг дуулгаад, ард түмэндээ шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш