logo
Хүн хэдийд хөгширдөг вэ?

Хүн хэдийд хөгширдөг вэ?

2011/12/23
-Яанаа 30 нас хүрлээ, хөгширч байна шүү?
-40 хүрлээ, хөгширсөн намайг одоо хэн ч тоох билээ?
-Үгүй ер, хөгширч үхэх гэж байж?
-Тэр нэг хөгшин царайтай юм чинь
-Хөгширч байна шүү, одоо залуу байгаа дээрээ юм юм үзэж, зугаацаж амжих хэрэгтэй.
...Жил жилд төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байгаа олон хүмүүс гэнэт өөрийгөө анзаарч, сэтгэлээ зовоон шаналж эхэлнэ. Ажил амьдрал, хайр дурлал, эрх мэдэл, өнгө мөнгөний төлөөх урсгал дунд юу ч анзаарах сөхөөгүй явж байснаа, нүүрэн дэхь нэгэн үрчлээс санчиган дахь нэгэн хярууг анзаарах дор гэнэт «хөгширч» байгаагаа анзаарна. Туулж өнгөруулсэн амьдралын нугачаанд өөртөө бий болсон сэтгэлийн их бядаа анзаарахгүй хэрнээ нүүрэнд гарч буй өөрчлөлтөө л их анзаарах аж. Юу юунаас илүүтэй «хөгширч хэнд ч хэрэггүй» болох нь гэсэн айдсандаа л дарагдаж эхлэх.
Мөнхөд залуу явах юм шиг хөөрүү омголон насандаа, хэзээ ч «хөгшрөх» тухай бодож явсангүй болохоороо гэнэт цочирдоно. Дурлалдаа шатаж, дуу хуур, инээд баясалдаа цэнгэж явах тэр үед нь тааралдах настай хүмүүсийг мөнхөд л «хөгшин» байсан юм шиг санан «хөөрхий дөө энэ хөгшин» хэмээн өрөвдсөн хэрнээ, жаргалдаа мансууран мартаж орхисон тэр л цагийг гэнэт эргэн дурсах. Өөрсдийн өвөө эмээгээ хүртэл «төрөхөөсөө л ийм байсан» юм шиг санадаг байсан төсөөллөө эргэн нэгэн санах.
Сэтгэлийн гүнд бус мухарт хадгалагдан үлдсэн тэр л ахмад настангуудын төрх өнөө өөрт нь айсаж явааг мэдрэхдээ сэтгэлд нь айдас шаналал хургах аж. ХҮН ХЭЗЭЭ ХӨГШИРДӨГ ЮМ БОЛ?

НАСНЫ ДОРОЙТОЛ
...Хүний бие организм маш гайхалтай бүтэц, ид шидтэй ч цаг хугацааны урсгал дор элэгдэж мууддаг. Яг л бидний унаж яваа машин, эдэлж хэрэглэж байгаа бүх юмс, өмсөж зүүж яваа хувцасны нэгэн адил. Бидний унаж яваа машин хуучрах тусмаа эвдрэл нь ихдэж, бензин тос ихээр хэрэглэж, тохь тух нь муудах хэрээр «голж» солих хэрэгтэй болдог. Туун лугаа адил хүмүүүний бие организм цаг хугацааны урсгал дунд бас элэгдэж «эмтэрнэ».
Жил жил өнгөрөх тусам нүү­рэнд нь үрчлээ сууж, нүдний нь гал сүүмийж, санчиганд нь буу­рал хяруу бууж, шүд нь ширхэг ширхэгээр цөөрөх нь хорвоогийн жам, насны элэгдэл. Хичнээн ихээр хүсч мөрөөдөөд ч хэн ч юу ч үүнийг зогсоож үл чадна. Хурц ирмэгтэй хатуу хэрнээ үзэсгэлэнт чулуу, голын хүчит урсгал дунд аажим аажмаар элэгдэж, бөөрөнхий болон хувирдагтай агаар нэгэн адил. Энэ бол цаг хугацааны л элэгдэл. Гагц үүнийг хэн ч юу ч өөрчилж үл чадна.
Хүн болгон эхээс төрөхдөө нял­­хаараа байж, хүүхэд насандаа бүхний хайр өхөөрдлийг татаж, өсвөр насандаа ээж ааваа заримдаа баярлуулж, заримдаа бухимдуулж, идэр залуу насандаа өөрийгөө “тоож”, мөнхөд залуу байх юм шиг томоогүй аашилж, өтөл насандаа “ ухаан суун” томоожиж, алив зүйлд хянуур хандан, хөгшин насандаа буцаад л хүүхэд шиг “гомдомхой” хэрнээ “цагаахан” болон хувирдаг нь хорвоогийн жам гэнэм. Хүн болж төрсөн хэн боловч энэ л жамыг дагах.
Баян байлаа гээд, ухаантай авьяастай байлаа гээд, бусдаас илүү гоо сайхан хөөрхөн байлаа гээд, хааяа бусдаас “зөрүүдлэн” хамаг л алдаа оноог өөр дээрээ үүрч явлаа гээд, бас “тэнэгтэж” бусдыг гомдоон цөхрөнгийг нь барж байлаа гээд ч энэ л жамыг хэн ч сөрөхгүй. Насан өндөр болсон буурай “санаа байвч сачий хүрэхгүй” тавиландаа анхандаа гутран гунивч аажим аажмаар дасч, цаг цагийн урсгал дахь хорвоогийн жамтай “эвлэрдэг”. Нэгэн цэгээс эхэлж нэгэн цэгт дуусдаг амьдрал бүхэн өөрийн тавилантай. Бас эхлэл төгсгөлтэй.
Өдгөө хажуугаар нь гарахдаа өрөвдөн хайрлах тэр өтөл буурлууд, яг л чиний залуу насан дээр чамаас ч илүү эрэмгий, тэгш сайхан мөртэй, нүүр дүүрэн баясалтай, шүд дүүрэн инээмсэглэлтэй, хажуугаар нь зөрөөд өнгөрөх хэн боловч эргэж харан шүүрс алдам сайхан залуус байсан байж болох. Тэр л үрчлээтэж нулимс гүйсэн нүүр болон харц нь залуу цагтаа ямархан булбарай энхрий арьстай нүүр, харсан бүхэн зогтусан анзаармаар тормогор хархан хэрнээ аалигүйдүү нүд байсныг хэн мэдэх.
Таяг тулсан хөл нь, бөгтийж дарсан нуруу нь цагтаа ямархан гоо үзэсгэлэнгийн дээд, гунхаж сунаж алхах нь талын цэцэгсийг ханаруулам “бардам” омголон байсныг хэн үгүй гэх. Харин тэд өдгөө өөрийгөө л “тоож”, бусдыг “голон” алхах залуус та нарыг харахдаа тэртээ нэгэн цагт яг л чам шиг омголон бардам явсан залуу насаа дурсаж, алдаа онооны дэнсээ эргэн харж, чам руу өрөвдөж хайрласан харцаар хардаг юм. Ороо морь шиг омголон залуу нас, цаг хугацааны урсгал дундах их ухаан, ухаарлын өтөл насны ялгаа энд л оршдог аж.

СЭТГЭЛИЙН ДОРОЙТОЛ
...Монголчууд бид залуу на­сан­даа суралцаж ажиллаж, хөгжиж дэвжиж, хийж бүтээж явсаар нэгэн цагт хуулийн дагуу ТЭТГЭВЭР-т гардаг.
Нэг ёсондоо “та их зүйл хийжээ, одоо амарч жарган суу даа” хэмээн ТӨР нь халамжилж байгаа хэрэг юм уу даа. Харин тэр халамжинд нь хамаг учир байгаа юм. Хамаг л залуу насны ааг омог, хүч чадал, хичээл зүтгэлийнх нь хариуд, хөгширч доройтон ядрах цаг дор хоногийн хоолонд хүрэхтэй үгүйтэй “тэтгэврийн мөнгө, “эх оронч” үгтэй хөөргөн магтаал, төрийн “төмөр” шагнал болон цаасан “талархал”-аар сэтгэлийг нь аргадна. Хоосон магтаал, элдэв шагналаар ходоод болон сэтгэл нь “цадахгүй” болохоор, залуу насны хамаг хүч хөдөлмөр зүтгэлийг нь дэндүү “хямдхан” үнэлдэг болохоор Монголын минь өндөр настангууд нэг зутруухан бас гундуухан аж төрцгөөнө. Залуу насандаа ДААТГАЛД төлсөн мөнгө нь хэзээ юуны “нөхөөсөнд” шингэж одсоныг үл мэдэх болохоор өндөр хөгжилтэй орнуудын өндөр настангууд шиг “тансаглаж” үл чадна.
Юу юунаас илүү нэгэн цагт хамтдаа ажиллаж ээнэгшин дассан хамт олноос нь гэнэт хүчээр “салгаж” орхихоор нэгэн хэсэгтээ л “ хэнд ч хэрэггүй болсон” гэх бодолдоо бүдчин шаналж, энэ хэрээрээ улам л “хөгширч” орхих мэт. “Ядаж байхад яр” гэдэгчлэн үр хүүхэд ач зээ нар нь “үрчлээ суугаагүй сэтгэл”, “хөгшрөөгүй хүсэл мөрөөдөл”ийг нь мэдрэхгүй болохоор тэдний хүссэнээр нь, хоолыг нь хийж, хүүхдийг асрахаас өөр сонголт үгүй.Өөрөө мэдээд зарцуулах мөнгөгүй, “тэтгэврийн хэд” нь “аманд ч үгүй хамарт ч үгүй” болохоор бусдын аяыг аялахаас өөр зам үгүй. Амарч “жаргах” бус хүссэнээрээ амьдрах боломжийг ойлгож дэмжих хэн ч үгүй болохоор нэг л мэдэх дор өөрийгөө “хөгшин” гэдэг нэршилтэй цагаасаа өмнө эвлэрэхээс өөр арга үгүй. Дутуу дундуур байхын зовлон, “хэнд ч хэрэггүй болсон” гэх сэтгэлийн дарамт,, хүссэнээрээ аялаж хүсэл мөрөөдлийнхөө дутууг гүйцээж чадахгүйн шаналгаа бүхэн нэг л мэдэх дор “хөгширч үрчлээтээгүй” сэтгэлийг нь жинхэнээр нь “хөгшрүүлж” орхих аж.
Хөөргөн ойворгон нэг биш залуус насны нар хэвийж яваа хэн нэгнийг “хөгшин төгцөг” гэж дуудаж байхыг сонсч л байсан. Насан өндөр болсон ээж аавынхаа үглэж дуулахыг төвөгшөөж, үл тоон хямсалзаж гомдоож байхыг харж л байсан. Тээж төрүүлж, тэвэрч энхрийлэн өсгөсөн ээж аавыгаа тээршаан орхиж, холын холд нэгэн биеийн амрыг сонгон тухлахдаа “араг савраа зөрүүлэн байж, аргал чулууг андууран байж санах” сэтгэлийг мэдрэхгүй л явах нь зөндөө л байгаа. Заримдаа бид “цэл залуугаараа” сэтгэлийг нь, “үрчлээтэж амжаагүй” зүрхийг нь, “дэндүү дэврүүн” мөрөөдлийг нь анзаардаггүй. Бид биеийг нь хараад “хөгширч дээ” гэхээс сэтгэл рүү нь өнгийж ойлгож чаддаггүй, заримдаа биднээс ч “залуухан” сэтгэлийг нь мэдэрдэггүй. Зовлон мэдэхгүй “балчиртаа”, сэтгэл мэдэхгүй “томоогүйдээ”, амьдрал мэдэхгүй “тэнэгтээ” бид тэдний залуухан сэтгэлийг хөгшрөхөд нь нэмэр болж л байгаа. “Хэрэв чи өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал, ирээдүй үе чинь чам руу их буугаар буудна” гэж үг бий. Бие хөгшрөхөөс сэтгэл хөгширдөггүй гэдгийг бид өнөө мэдэж байвал хожим бидний үр хүүхдүүд биднийг ойлгож бас мэдрэх л болно.

ЗАЛУУГААРАА ХӨГШИРӨХҮЙ
Хүний амьдралд бүх л зүйл болох ёстой цаг хугацаандаа л болно. 30 нас бол ид залуу нас. 40 нас бол амьдралд өөрийн өнгөөр цэцэглэх нас. 50 нас бол ухаан сууж тэгшрэх нас. Өндөр хөгжилтэй орны иргэд ид залуу насан дээрээ өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө таньж, бас нээж хэнээс ч хамааралгүйгээр өөрийн амьдралаа авч явж чадах насан дээрээ гэр бүлийн амьдралаа зохиодог. Энэ нь ихэвчлэн 30-40 түүнээс ч дээш нас байх нь элбэг. Тэгэхээр монголчууд бид ийм насан дээр “тэвдэх” хэрэг юун. Бидний ийм араншинд алив зүйлийг гаднах “өнгөнөөс нь харж дүгнэдэг” базаахгүй зан нөлөөлдөг. Бид бие биенийхээ нүүрэн дээрх нэгэн үрчлээс, санчиганд буусан нэгэн хяруугаар гоочлох хэрэг юун. Сэтгэл рүү нь өнгийж хар.
Бид бие биенийхээ сэтгэл рүү өнгийж чадахгүй хэрнээ нүүр рүү нь харж элдвээр өөчлөн “хөгшрүүлэх” хэрэг юун. Сэтгэл гэдэг эмзэг. Ид залуугаараа “би ч хөгширч байна даа “ гэж бодох дор шууд л хөгширч эхэлнэ. Эргэн тойрноо уйтгарлаж шаналсан харцаар харж эхлэх дор нүүрэнд тань мянган үрлээс “тодорч” эхлэх болно. Үгээ зөөж, бодлоо “албадаж” эхлэх дор олон залуус таныг “ та” гэж гуйалах болно. Алхаагаа хянаж, алдаандаа шаналж гутрах дор нэг мэдэхэд” таяг тулах” хэрэгтэй болно. Өглөө болгон толины өмнө өөрийгөө сонжиж, өрөөл бусадтай харьцуулан шаналах хэрэг юун. Сэтгэлээ чагна.
Сэтгэлээ үргэлж залуугаараа байлгж чадвал чи хэзээ ч хөгшрөхгүй. Үрчлээтэх вий гэж нүүрээ шинжихээс сэтгэлдээ сууж буй “бяд” аа шинж. Ухаанаа ямагт сэлбэ. Уншиж, үзэж, амьдралын гэрэл гэгээг ямагт мэдэрч сэтгэлээ цэнэглэх аваас чиний сэтгэл ямагт өөдрөг залуу байж чадах болно. Амьдралын сүүдрийг мэдэрч, айдас шаналгаанд автах аваас чи хурдан хөгшрөх болно. Чи толинд өөрийгөө хар даа. Ямар залуухан өнгөлөг харгадаж байна гээч. Амьдрал ямар их сайхан зүйл болохыг, нарны илч гэрэл ямар дулаахан болохыг, сайхан сэтгэл хүнд ямар их баяр баясгалан авчирдагийг мэдэрч байхдаа чи хэзээ ч хөгшрөхгүй. Амьдралд учрах зовлон шаналлыг “тавилан” гэж хүлээж авахдаа, хэн нэгэнд гомдсон сэтгэлдээ “уучилж чадна” гэж хэлж байхдаа, сайхан бүхэн өмнө минь бий гэж бодож байхдаа чи хэзээ ч хөгшрөхгүй. Хайр гэдгийг аз жаргал гэж мэдрэхдээ, хагацал гэдгийг түр зуурынх гэж ойлгохдоо, хүсэл гэдгийг зорилгогэж төсөөлөхдөө чи хэзээ ч хөгшрөхгүй. Мөнхийн мөнхөд залуугаараа байх болно.
ТЭГЭЭД ХЭЗЭЭ ХӨГШИРДӨГ ЮМ БЭ? гэж үү? Чи өөрийгөө “БИ Ч ХӨГШИРЧ БАЙНА ДАА” гэж бодож эхлэх тэр цагаасаа л эхэлж хөгширдөг юм даа.
Г.Галбадрах (АНУ)
 

Сэтгэгдэлүүд

Дээш