logo
Гарьдын дэвэлттэй бөхөд арслан, аваргын ч зангараг бий

Гарьдын дэвэлттэй бөхөд арслан, аваргын ч зангараг бий

2011/12/23
Гиннесийн номд бүртгэлтэй Монгол үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээний чимэг, бахархал нь болсон бөх үе үед төрөн гарч байдгийг бөхдөө хайртай монголчууд дэндүү сайн мэднэ. Монгол бөхийн түүхэнд «жинхэнэ монгол бөх»-ийн бие галбир, чац нуруу, гадаад шинж, төрхийг шингээсэн олон сайхан бөх байсаар ирсэн. Дугар аварга, Гэлэгжамц аварга, «Их Монгол» хэмээх Шаравдорж, «Буур» хэмээх даян аварга Н.Жамьян аварга гээд монгол бөхийн бүх шинж төрхийг шингээсэн ханагар биетэй бөхчүүдээ монгол түмэн өдгөө бахархан дурсдаг.
Өнөө цагт ч өндөр чацтай, үлэмж бие хаатай бөхчүүдээс он­цолж нэрлэвэл Монгол Улсын начин Д.Адъяатөмөр, Улсын заан Д.Хишиг­дорж, Улсын начин Ж.Оргилболд, Даян аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Н.Ганбаатар, хамгийн залуу гарьд М.Баяржавхлан нарыг онцлох нь гарцаагүй.
Өндөр чилгэр нуруу, өв тэгш бие галбир, уран хурц барилдаан, уужуу тайван зан чанар, эрч хүчээрээ Монгол бөхийн өнөө цагийн өнгө төрх, чимэг нь болсон бөхөө тэртээ 33 жилийн өмнө Завхан нутгийнхан тосч авсан юм. Тэр хүү нь Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат, Монголын Улсын гарьд Махгалын Баяржавхлан билээ. Тэрбээр Отгонтэнгэр хайрханыхаа хормойд, Бадархундага нуурынхаа ариун усаар угаалгаж, хангайн цэнгэг агаараар амьсгалж өссөн нь түүнийг өсгөлүүн, эрүүл чийрэг, эрэмгий тамирчин болох үндэс суурийг тавьсан нь тодорхой юм.
М.Баяржавхлан гарьд өдгөө цагийн харц булаасан ханагар сайхан бие хаатай Монгол бөхийн чимэг болсон хүчтэн гэвэл хэн ч түүнийг үгүйсгэж чадахгүй. Тэрбээр 19 настай байхдаа бөх болох «Их аян»-д сэтгэл шулуудан «Аварга» клубын тамирчин болсон. Өндөр нуруутай, годгор хүү 1997 оны улсын их баяр наадмын нэгийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харъяат, улсын начин Г.Жалаад өвдөг шороодчихоод гүйж явахад нь түүнийг ирээдүйн их хүчтэн, Монгол Улсын гарьд цолтон бөх болно гэдгийг хэн ч анзаараагүй нь мэдээж. Харин тэр хоёр жилийн дараа Ардын хувьсгалын 78 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар төрийнхөө есөн хөлт цагаан тугийг хоёронтоо тойрч нутаг усныхаа нэрийг төрийн наадмын ногоон дэвжээнээс дуудуулсан нь түүнд бөх болох их урам зориг төрүүлсэн гэдгээ хожим нь дурссан байдаг. Тус наадмын гурвын даваанд Увс аймгийн Хяргас сумын харъяат, тухайн үед улсын начин өнөөгийн Монгол Улсын заан О.Одгэрэлд өвдөг шороодсон тэр үеэс л бөх сонирхогчид түүнийг «Энэ чинь юун хүүхэд билээ?» хэмээн анзаарсан гэж болно.
Харин Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойн улсын баяр наад­­маар Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат залуу бөх М.Баяр­жавхлан гурвын даваанд Увс аймгийн уугуул, Сэлэнгэ аймгийн харъяат аймгийн арслан Ц.Бямбааг, дөрвийн даваанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат улсын начин И.Мөнхбаатарыг тус тус өвдөг шороодуулж, начны даваанд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат, улсын заан Ц.Баярсай­ханыг хаяж, ард олноо тэр дундаа завханчуудаа баярлуулсан билээ. Тэрбээр энэ наадамд Монгол Улсын начин цолоо улам баталгаажуулж зургаагийн даваанд
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат, шинээр улсын начин цолны болзол хангасан, өнөө цагийн улсын харцага Ц.Магалжав­тай тунан барилдаж давж «Өсөх идэр» чимэгтэй начин болсон хүч­тэн бөхийн хорхойтнууд санаж байгаа.
Монгол бөхийн дэвжээнд нэ­гэн шинэ үеийнхэн гарч ирж бай­гааг батлан шинэхэн улсын начин М.Баяржавхлан 2003 оны Үндэсний их баяр наадмаар Өмнөговь айм­гийн Баян-Овоо сумын харъяат, тэр үеийн аймгийн начин, өнөөдрийн улсын начин Т.Энхтуяагаар тав, Ховд аймгийн Мөст сумын харъяат, улсын начин /одоо улсын заан/ Ц.Мягмарсүрэнгээр зургаа давж Монгол Улсын анхны харцага цолтон болсныг монголчууд санаж байгаа.
«Заан» Баяржавхлан хэмээг­дэж олон жил бөх сонирхогчдын тааварт дээгүүрт ордог «Танил бөх» болсон нь бас учиртай. Монгол Улсын «заан» цолоо олон жил хамгаалж байсан болохоор л тэр шүү дээ. Тэрбээр тэгш ойн их баяр наадмуудад цолоо ахиулж ирсэн нь бөх хүний бахархал төдийгүй үүрэг хариуцлагаа ухамсарладаг шилдэг бөхийн шинж гэхээс аргагүй. Тэр түүхт тэгш ойгоор Улсын начин цолыг хүртсэн бол Их Монгол улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмаар үнэхээр энэ цагийн хүчтэн гэдгээ нотолж Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат, улсын начин Д.Пүрэвсүрэнгээр тав, Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат, тэр үеийн аймгийн арс­лан /одоо улсын заан/ М.Өсөх­баяраар зургаа, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат, тухайн үед заан / одоо улсын арслан/ Х.Мөнх­баатараар долоо давж Монгол ул­сын заан цолтон болж билээ. Ийн­хүү завханчууд 12 жилийн дараа шинэхэн Монгол Улсын заан цолтон бөхөө өлгийдөж авсан түүх­тэй. Тиймээ, Завхан аймгийн Цагаан­чулуут сумын харъяат Монгол Ул­сын гарьд Ц.Цэрэнпунцаг 1994 онд заан цолтон болж байсан юм. Начин цолоо харцагын даваагаар баталсан залуу заан М.Баяржавхлан 2007 онд заан цолоо баталж, 2008, 2010 онуудад тав давсан бас түүний зангарагийг илэрхийлнэ.
Олон түүхт тэгш ойнууд давхц­сан өнгөрсөн жилийн наадам өр­гөн дэлгэр, онцгой содон, сонин сайх­наар дүүрэн болсныг мартахын аргагүй. Энэ түүхт ойн үндэсний бөхийн барилдаанд 1024 хүчтэн уран мэх, хүч бяраа сорин барилдсан. Тавын даваанаас эхлээд наадам­чин олон түмнийг шуугиулсан олон сонирхолтой барилдаанууд болсон. Наадмын даваа бүр л чухал, даваа бүхний цаана итгэл найдвар, хариуцлага байдаг. Тус наадмаар М.Баяржавхлан зааны хувьд тавын даваанд Дундговь айм­гийн Мандах сумын харъяат, аймгийн арслан Ё.Эрдэнэжар­галыг өвдөг шороодуулж, начин цолны босго амаргүй гэдгийг түүнд мэдрүүлээд авсан. Улсан харцага цолны буюу зургаагийн даваанд шинээр улсын начин цолны болзол хангасан Өмнөговь аймгийн харъяат Ц.Одбаярыг давсан. Харин Завхан нутгийн хүү М.Баяржавхлан заан цолоо батлах барилдаанд өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, улсын арслан Б.Ганбаттай барилдаж, бөхөө дээдэлдэг монгол түмнийхээ өмнө үнэн хүчит заан болохоо нотолж арсланг өвдөг шороодуулахад, наадамчин олон цэнгэлдэх хүрээлэнд «Завхан гол» урсаад байна уу гэлтэй шаагин шуу­гиж, уухайлан алга нижигнүүлэн хүлээн авсан билээ.
Наймын даваа буюу Улсын гарьд цолны төлөөх барилдаанд шинээр улсын заан цолны болзол хангасан Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат, улсын харцага Д.Баасандоржтой хүч үзсэн. Тэр хоёр өмнө нь олон ч удаа таарч барилдаж байсан болохоор тэднийг наадамчид хэн нь ч давж болох хүчтэнгүүд хэмээн тогтуухан ажиж байв. Үнэхээр энэ хоёр яах аргагүй л Монгол бөхийн чимэг, өнгө төрхийг илэрхийлж байдаг бөхчүүд. Харин хэн илүү хөдөлмөрлөж, бэлтгэлээ сайн базаасан, хэн нь өрсөж авхаалж самбаа гаргасан, бас хэнийх нь аз хийморь илүү байгаа гэдгээс л бүх юм шийдэгддэг жамтайг манай бөх сонирхогчид андахгүй. Наадмын одтой бөх ч гэж ярьдаг. Наадмын нээлтийн ёслолд завхан нутгийн 999 морин хуурч хөг аялгууг эгшиглүүлсэн нь нутгийн бөхдөө урам зориг, шинэ цол хайрласан байж ч болох юм. Харцага Д.Баасандоржийг давснаар заан М.Баяржавхлан Монгол Улсын найм дах Гарьд цолтон болж завханчуудаа хөлгүй ихээр баярлуулсан билээ.
Есийн даваанд улсын начин /одоо улсын арслан/ Г.Эрхэмбаярыг амлаж аван хүч үзсэн. Энэ барилдаанд начны тохой түрүүлж хүрсэн гэж тухайн үед олон хүн хэлж харамсдаг юм. Ийм маргаантай байхад гарьд М.Баяржавхлан Отгонтэнгэр хайрхан шигээ ноён нуруутай ухаалаг шийдвэр гарган Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээгээ хүндлэж байгаагаа түмэн олондоо харуулж тахимаа өгсөн юм.
Гарьдын дэвэлттэй М.Баяржавх­лан үндэсний бөхөөр хотол олноо баясгадаг хүчит бөхөөс гадна жү­до, самбо бөхийн спортын мас­тер тамирчин хүн. «Бээжин 2008» зуны олимпийн XXIX их наа­дамд Монголын баг тамирчдын бүрэл­дэхүүнд багтсан юм. Түүний Отгонтэнгэр хайрхан шигээ сүрлэг ханагар том бие бялдар нь Монгол Улсынхаа төрийн далбаат тугийг барьж явсан хүн эрхэм үүргийг хүлээлгэж байсан түүх бий. Бээ­жингийн олимпоос Монголын анх­­ны олимпийн аваргууд төрж олим­пийн хос алт, мөнгөн медальтай ирсэн нь Улсын гарьд, олимпийн тугч М.Баяржавхлангийн хийморь лундаа, бахархалт амжилтын нэг нь гарцаагүй мөн.
 

Сэтгэгдэлүүд

Дээш