logo
Жилийн хугацаанд 415 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байв

Жилийн хугацаанд 415 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байв

2023/10/04

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр боллоо. Он гарснаас хойш Хотын дарга 28 удаагийн шуурхай зөвлөгөөнөөр нийт 415 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байжээ.

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр л гэхэд 14 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 85 хувьтай байв. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгосон бөгөөд хэрэгжилт 90 хувьтай байна. Сайжруулсан шахмал 120 мянган тонн түлш нөөцлөөд буй.

Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ /RFID TAG/-г суурилуулахтай холбоотой ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суурилуулах бэлтгэл ажил хангагдсан бөгөөд одоогоор тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг суурилуулах түр журмыг  баталж, суурилуулалтын ажил эхлэх үйл ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх,  хөдөлгөөний   аюулгүй   байдлыг  хангахад  туслах  ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, эрчимжүүлж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн 305 сургууль, 712 цэцэрлэгт “Гараас гарт” арга хэмжээг зохион байгуулж, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж буй юм.  

Сэтгэгдэлүүд

Дээш