logo
Б.Золбаярын

Б.Золбаярын "Дааган холбоо"

2012/03/05
Уншихаасаа өмнөхөн...
Түүний номын нэр нь   яагаад ч юм нэг зөөлөн сонсогдоод байдаг юм. Хэлээд үз л дээ. Бүтэн, Бүлээн, Бүгээн, Хүмүүн. Сүүлийн хоёр нь дөнгөж саяхны номууд. Цагаан сарын өмнөхөн л хавтасны зургийг нь сонжиж зогссон санагдана.  Харин одоо хэвлэгдчихэж. Шинийн таванд шинэ номнуудтай боллоо би. Билэгшээлтэй л сайхан байна.., 
Долоо, найман жилийн өмнө дөө, “Бүтэн”, “Бүлээн” номыг нь уншчихаад  нэг л тайван аядуу болчих шиг тухайн үедээ санагдаж байж билээ. Одоо бодохнээ, зохиогчийн зөөлөн эерэвүү бүтээлүүд сэтгэл бүлээцүүлж, мөн талбиун бүлээнээр тархи оюуныг умдаалан,  ахуй төрхийг ч болов  зөөллөсөн юм билээ л.
Уншисны дараахан...
Б.Золбаярын “Бүгээн”, “Хүмүүн” хэмээх хоёр номыг нүд салгалгүй уншиж дуусгалаа, бараг хоёр цагийн дотор.  Яарсандаа ч биш юм. Ерөөс шинэ бас соргог, амтат номыг уншихаараа ингэдэг зантай. Адилхан дадалтай хүмүүс байдаг бол санал нэгдэх биз. Эхний уншсан ном нь “Бүгээн”. Энд олон танил бүтээл багтжээ. Хамт ажилладаг хувь тохиолын нөлөөгөөр ч гэхүү заримдаа Б.Золбаярын уран бүтээлийн дээжээс сонирхон шимтэх нь цөөнгүй. Ийн хэлэгдэх гайхам нэгэн эсээ-өгүүлэл бол “Намар ай” юм. Тэр аяараа адилтгал, зүйрлэлийн уран тансаг илэрхийлэл бүхий энэ бичлэгийн өмнөх нь мөн л дөрвөн жилийн өмнө зохиолчийн яруу төгс үгээр урлагдсан “Хавар ай” билээ. Хэдийвээр өчүүхэн сэтгүүлч би зүгээр л нэг уншигч төдийхөн ч Б.Золбаярын энэхүү холбоо хоёр эсээ-өгүүллэгийг хувьдаа бахдахгүй байж чаддаггүй юм. Та уншаад өөрөө мэдрэнэ л дээ. Яг л хөгжим, аялгуу ч юм шиг  заримдаа бодогдох. Нэгээс нөгөө рүү урсан чөлөөтэй орж, агуулгаас агуулга руу шилжин дамжаад,  ая дан нь яв цав таарсан дуу, найрал мэт мөртөөс  мөрт рүү, хуудаснаас хуудас руу уншигч таныг дагуулах вий. Тэгээд аандаа уншиж буй мөртлөө нүдэнд үзэгдэж, сэтгэлд харагдах шиг болдог. Хөдөө төрж өсөөгүй хотын мань мэтэд ингэж уншигддаг болохоор бусад нь яадгийг таашгүй. Ингээд биччихээр мөнөөх Золоогийн  сэтгэл жаал зовох нь ойлгомжтой л доо. Та намайг арай л хэтрүүлжээ, гээд л хацар нь ягаарах биз. Уг нь номын тухай хэдэн үгтэй, мэдээ бичих санаатай байсан чинь ингээд байгааг яахав дээ.  
Ингэж магтаад баймаар хэдэн сайхан бичлэгүүд бий. “Бундан зүрхний дүмбэн”-г бол дурдахгүй байхын аргагүй. Нэгэнт холбоо гэсэн үг гаргасных ажаад байхнээ түүний энэ номд холбоо гэмээр хэд хэдэн өгүүллэгүүд орсныг дурдах хэрэгтэй. “Уйтан дорнын талст”, “Давалгаа болорших дайд” хоёр бол яах аргагүй холбоо тэмдэглэлүүд мөн. Эдгээрээс улбаалан “Мэлмийн солонго”-ыг уншсан хүнд ер бусын нэг сонин мэдрэмж төрнө гэж бодож байна.  “Усанд явахад” хэмээх өгүүллэг бий. Тэрнийг уншваас аль дээхнэ л шуугиулж асан “10-ын Б-ийн мангар”, “Арван долоотой байхад минь” зэрэг манай хууччуулынхаас ялгарам илүү уран санаа нь илт мэдрэгдэж, ойрны лав ийм зүрх булгилам ариухан хайрын эмзэг, ичингүй хөг эгшгийг хөгшин хөвөөгүй тэмтрээ билүү гэж санагдах.
 Түүний сүүлийн үест туурвисан эдгээр бүтээлүүдийг уншиж байх зуур зохиолч хэдий чинээ их “өссөн нь” мэдрэгдэж байна лээ. Монгол ахуй, төрж өссөн нутаг орон, байгаль, эцэг өвгөдөө яг байгаагаар нь л өгүүлэхдээ үнэхээр  “тагнайд тос амтагдам” наалдацтай сайхан бичлэгээр гаргууд урладаг байсан бол яг энэ ур чадвараа Б.Золбаяр дэлхийн дайдаас бидэнд мэдрүүлснийг хэлэх нь зүй. 
Тэрээр монголчуудын тэр бүр зориод байдаггүй тэртээ холын Этиопиос тээж ирсэн бодлоороо “Жахаранда цэцгийн гэгээ”-г хүргэж, “Америкийн дааган холбоо”-гоороо цуут Панамын сувгийн өвөрмөц нэгэн онцлогийг нээн дуулгажээ, бидэнд. 
“Бүгээн” номд дандаа гэрэлт сайныг бас өгүүлээгүй ээ,  хорвоогийн эрээнтэй барааныг гаргахдаа үлгэр домог, туультай хослуулан учирлан, уучлан хэлсэн байсан.  Тэгэхдээ уншигчийг ер залхаалгүй богинохон, хөнгөхөн өгүүлж байгаа нь зохиолчийн бас нэгэн торгон мэдрэмж гэлтэй.  “Наранзаяа”, “Шаргын тууль” хоёрыг уншаад сэтгэл сэмэрсэн чиг өмнөх, удаах эсээ, өгүүлэл, тэмдэглэлүүд нь эргэн эргэн бодолд уншигдаад дорхноо л цэлмэх жишээний.   
Өдгөө дэлхий даяараа баримтат уран зохиол руу бараг хуйлран ороод буй гэхэд болно. Тэгвэл энэ цаг мөчид эртнээс, анхнаас нь л яг тийм хэлбэр, өнцгөөр амьдралыг харж шинжин, түүнийгээ  уран үгээрээ “дархалж” яваа зохиолч бол Б.Золбаяр мөн. 
Залуухан, идэрмэгхэн хэрнээ зөөлөн аяст тэрээр, өөрийн өвөрмөц, давтагдашгүй чухаг нэгэн орон зайг Монголын  хорин нэгдүгээр зууны уран зохиолын ертөнцөд бий болгосон шигээ сэтгүүл зүйн салбарт мөн л   гайхам,  ганган басхүү налгар сайхан бичлэгүүдээрээ үеийнхнээсээ илт ялгарч байдаг билээ. Чухам тэрнийг нь батлах мэт “Хүмүүн” ном нь “Бүгээн”-тэйгээ ханьсан, өөрийнх нь зохиолдоо өгүүлснээр “дааган холбоо” болж учиглагджээ.
Баруун алс Чандмань нутгийн төрөлх, зохиолч, сэтгүүлч, эрхэм дүү Баастын Золбаярын холбоо хоёр номын уншигч болсондоо талархан, эгшиглэнт-яруу монгол үгсийн тань охь, шим улам чангарах болтугай хэмээн ерөөе.

Сэтгүүлч Надмидцэрэнгийн Тунгалаг         
2012 оны 2 дугаар сарын 27.
 

Сэтгэгдэлүүд

Дээш