logo
Агаарын санаа бодит хөрсөнд буужээ

Агаарын санаа бодит хөрсөнд буужээ

2012/03/23
Алтан гартай инженерүүд “нүдний гэм” болсон энэ үед  залуусын уран сэтгэлгээг хөгжүүлэх нэгэн төслийг хоёр дахь жилдээ эхлүүлээд байна. Энэ бол “Залуу зохион бүтээгч” төслийн уралдаан  бөгөөд орой болгон МҮОНТ-ээр гарч, хүүхэд залуус төдийгүй бүх насныхны үзэх дуртай нэвтрүүлэг хэдийнээ болжээ. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр тус төслийн уралдааны гуравдугаар шатанд тэнцсэн 31  бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Гар утас, комьпютерээс өөр зүйлд анхаарлаа хандуулах нь багассан өнөөгийн монгол залуусд энэ төслийн уралдаан нэлээн өгөөжөө өгч байгааг зохион байгуулагчид  дурьдаж байв. Тэднийг жаахан дэмжээд өгөхөд л монгол хүүхэд залуусын төрөлхийн авьяас, чадвар нь гарч ирж байгаа гэх урмын үг ч сонсогдож байлаа. Монгол улсын ирээдүйн иргэдийг техник сэтгэхүйтэй болгон төлөвшүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа “Залуу зохион бүтээгч “ төслийн энэ жилийн уралдаанд нэлээн их дэвшлүүд гарчээ.

Баруун, зүүн, төвийн гэсэн үндсэн гурван маршрутаар нэгдүгээр шатаа зохион байгуулсны зэрэгцээ ӨМӨЗО-ны Хөх хот, ОХУ-ын Буриад улсын Улаан-үд хотуудад мөн явагдаж, нийтдээ 350 гаруй залуус 700 гаруй санаа бүтээлээрээ уралдаанд идэвхтэй оролцжээ. Агаарт байсан санаанууд энэ жилийн хувьд бодит хөрсөнд бууж ирсэн нь их амжилт байлаа гэж уралдааны зохион байгуулагчид ярьж байна. Орон нутгаас идэвхтэй оролцох болж, ялангуяа Увс, Сэлэнгэ аймгаас ирсэн багууд зохион байгуулалттайгаар сайн оролцож байгааг тэд онцоллоо.

Хөрш зэргэлдээ 3 орны хүүхэд залуусын оюун сэтгэлгээгээр бүтсэн хараагүй иргэдэд зориулсан мэдрэгчтэй таяг, зөөврийн ариун цэврийн өрөө, нисэгчгүй онгоц, ухаалаг хүлэмжүүд, төгөлдөр хуур заагч, модыг 100 хувь хаягдалгүй боловсруулах олон үйлдэлт хөрөө рам, өөрөө явагч ногоо хураагч, монгол гэрийг суурин ахуй нөхцөлд зориулан өөрчилсөн гэр, бохир усыг 00-д ашиглаж болох шийдэл гээд олон шилдэг санаанууд эндээс төрөн гарсан байна. Монгол Улс цаашид хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болоход энэ төсөл үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхий сайд  ч мөн онцлон тэмдэглэж байлаа. Мөн энэ жилийн бүтээлүүд эко тал руу нэлээн чиглэсэн , багш нар хүүхдүүдтэйгээ нэлээн идэвхтэй оролцож байгааг, үндэсний компаниуд ирээдүйн боловсон хүчнүүдээ нэлээн сонирхож байгаа гээд олон онцлогуудыг зохион байгуулагчид нэрлэлээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш