logo
НХХ-ийн Дэд сайд Н.Номтойбаяр Дэлхийн банкныхны элэг доог болжээ

НХХ-ийн Дэд сайд Н.Номтойбаяр Дэлхийн банкныхны элэг доог болжээ

2012/04/02
МАН-ынхан нийгмийн дундаж давхаргыг олонхи болгоно, манайх зүүний нам гэх мэтээр өөрсдийгөө сурталчилдаг. Хэрэв ийм бодлоготой нь үнэн бол МАН-ын хувьд хамгийн чухал яам нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам байх ёстой. Гэвч энэ яамыг үл тоож байгаагаас харвал МАН-ын нийгмийн дундаж давхаргыг олонх болгоно гэх мэт үлгэр нь худлаа байх нь. Учир нь МАН-ынхан нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг зөнд нь орхиж байна. Үүний илрэл нь Т.Ганди сайд яамаа орхиж элчин сайд болох гэж байгаа явдал.   Хэрэв МАН нийгмийн хамгаалалын асуудалд анхаардаг байсан бол яамныхаа сайдыг элчин болгохгүй байх байв. Бас баян айлын юу ч мэдэхгүй нялх хүүхдийг дэд сайдаар тавихгүй байх байсан. Бүх аймгийн халамжийн хэлтсийн дарга нарыг АН-ын хүмүүсээр тавьж байхад эсэргүүцэл илэрхийлэх байсан юм. Тэгэхээр л худлаа болж байгаа юм.

Сүүлийн үеийн мэдээллээр Т.Ганди сайд намынхандаа гомдож тунирхасанаа ойр дотны хүмүүстээ зарлаж, яамныхаа ажлыг зөнд нь орхисон сурагтай. Ингэснээр нийгмийн хамгаалалын бодлого нь ч алдагдаж байгаа аж. Эх орны хишиг, цалин тэтгэврийн нэмэгдэл, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа нэг сая төгрөгийн талаар олигтой бодлогоо гаргаад ярьчих хүн алга. Энэ яамны өмнөөс хааяа Сангийн яамныхан бодлого тайлбарлах нь гутамшигтай. Үүний зэрэгцээ дэд сайд Н.Номтойбаяр нь яамны гол ажлыг нугалах гэж зүтгээд онигоо болж дуусч байгаа сурагтай. Н.Номтойбаяр нийгмийн хамгааллын бодлогыг мэдэхгүй байх нь аргагүй. Дэд сайд болоод удаагүй тул түүнийг буруутгах үндэсгүй. Тэгээд ч баян айлын мөнгөөр тоглож өссөн эрх хүүхэд нийгмийн хамгаалалт, хөдөлмөр эрхлэлт гэж юу байдгийг ч төсөөлөхгүй. Амьдралдаа энэ хүн хөдөлмөр эрхлэх, ажилд орох гэж хичээх ямар хэцүү байдгийг амсаагүй. Мөнгөөр ч дутагдаж үзээгүй. Тиймээс л “амьд АТМ” гэж цоллуулж яваа нэгэн. Ийм хүнийг нийгмийн хамгаалалын дэд сайд болгоно гэдэг зарим хүмүүсээр тохуурхаж байгаагийн илрэл. Үр дүн нь эхнээсээ гарч яамныхан нь Н.Номтойбаярыг юу ч мэддэггүй, бодлогогүйг гайхдаг болжээ. Тэр ч бүү хэл олон улсын байгууллагынхан ийм хүнийг сайд болгосонд эргэлзэж эхэлжээ. Хэнийгээ сайд болгох нь манай улсын дотоод хэрэг ч гэсэн бас гадаад нэр хүнд, бусдад ойлгогдох байдлаа бодолцох ёстой.

Саяхан тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар дэлхийн банкнаас зохион байгуулсан хуралд дэд сайд Н.Номтойбаяр оролцож үг хэлээд гадныханы элэг доог болсон тухай хэвлэлүүд шуугиж байна. Түүний уншиж танилцуулсан бодлогогүй, тодорхойгүй, ямар ч логикгүй зүйлсээс дэлхийн банкныхан юу ч ойлгоогүй гэжээ. Юу ярьж байгаагаа өөрөө ч мэдээгүй биз. Тэр ч бүү хэл Монгол улс ийм хүнээр дэд сайд хийлгэх гэж халаглажээ. Ийнхүү баян айлын хүү ядуу ардын халамж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлтийн талаар юу ч мэдэхгүй байгаад түүний буруу гэж байхгүй. Харин баян айлын хүүхдийг ядуу ардын амьдралыг дээшлүүлэх бодлого тодорхойлдог яамны сайд болгосон МАН-ын л буруу. Ингэснээр Нямтайширын хүү хохирохгүй. МАН л нэр хүндээрээ хохирно. Манай сайт удахгүй Н.Номтойбаяр дэд сайдын гадныханы элэг доог болсон үгийг олон нийтэд хүргэх талаар анхаарах болно.

С.Дархан

Сэтгэгдэлүүд

Дээш