logo
“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийг баталлаа

“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийг баталлаа

2019/05/29

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 77.1 хувийн саналаар баталлаа.

2018 оны зургадугаар сарын 26-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг өргөн барьсан юм.

Уг хуулийн төслийг дээрх 3 гишүүнээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нар хамтран санаачилсан.

Энэхүү хууль хэрэгжсэнээр сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлж, оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэж, сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжиж, ирээдүйн эрүүл иргэн бий болох боломж нэмэгдэнэ. Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл нь орон нутгийн болон үндэсний хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Хуулийг баталснаар 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн цай үдийн хоол болох юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд нийт 300 гаруй тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай бөгөөд жилд дунджаар 65 орчим тэрбум төгрөг төсөвт суулгахаар төлөвлөсөн талаар хуулийг санаачлагчид хэлж байв.

Сэтгэгдэлүүд

Дээш