logo
“Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн төслийг өргөн барилаа

“Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн төслийг өргөн барилаа

2012/04/28
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хэд хэдэн хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүлжээ. “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр өнгөрсөн хугацаанд сул хөгжиж буй хөрөнгийн зах зээлийг дэмжихийн зэрэгцээ хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэхээр тусгажээ. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд шинээр хувьцаа гаргах \IPO\ замаар олон нийтээс хөрөнгө татах явдал нэмэгдсэнтэй холбоотойгоор зах зээлийн хэмжээ өсч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2009 оны эцэст 620,7 тэрбум төгрөг байсан бол 2010 оны эцэст 1329,9 тэрбум, 2011 оны хоёрдугаар сард 3219,2 тэрбум, 2011 оны арван нэгдүгээр сарын байдлаар 2100,7 тэрбум төгрөгийн хэмжээтэй байна. Түүнчлэн компаниуд хувьцаагаа давхар бүртгэлтэйгээр дотоод болон гадаадын зах зээлд гаргах эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгаа ч үнэт цаасны давхар бүртгэлийн асуудал одоогийн хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтгүй байгаа зэрэг тулгамдсан асуудлуудыг тусгасан юм байна.
Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа Монгол Улсын үйлдвэржүүлэх хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд дотоодын нөөц боломжид тулгуурласан дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай дэвшилтэт технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн ажиллах хүчинд суурилсан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх талаар олон чухал зорилтууд тусгагдсан байна. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиар ажиллагсадын тоо, борлуулалтын орлогыг харгалзан, явуулж байгаа үйл ажиллагааны чиглэлээр нь үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгч жижиг, дунд үйлдвэрлэл гэж ерөнхий ангилсан байдаг юм байна. 2010 оны байдлаар 71579 аж ахуй нэгж бүртгүүлж, 39764 нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 1-9 хүртэл ажиллагсадтай, 1-50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид 80 гаруй хувь буюу дийлэнх олонхийг эзэлжээ. Иймээс хуулийн төсөлд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж, дэлхийн улс орнуудын жишгийн дагуу үйл ажиллагааны төрлөөс үл хамааран борлуулалтын орлого, ажиллагсадын тоогоор нь жижиг болон дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж ангилжээ. Тухайлбал, ажиллагсдын тоо 50-аас дээшгүй, жилийн нэг тэрбум төгрөг хүртлэх борлуулалтын орлого бүхий иргэн, малчин өрхийг жижиг, ажиллагсдын тоо 50-100 байх, жилийн 1-5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого бүхий худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн ангилалд хамруулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Мөн Засгийн газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Уг төслөөр Монгол Улсын нийт эдийн засгийн болон инфляцийн өсөлттэй уялдуулахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд НӨАТ-ын босгыг тавин сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг боловсруулсан байна. Санал болгож буй тавин сая төгрөгийн босго нь ойролцоогоор 34 мянган ам.долллартай тэнцэж байгаа бөгөөд дэлхийн бусад орнуудтай харьцуулахад дундаж түвшинд байна. Дээрх хуулийн төсөлтэй хамт Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай болон Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Орлогыг тухай бүрт нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхэлсний орлогын албан тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн.
Түүнчлэн “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрт мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, техник технологи, судалгаа, бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг хөгжүүлэхэд зайн сургалтанд ашиглагдах Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, “Хөдөөгийн хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, мөн Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслүүдийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүллээ. 

Сэтгэгдэлүүд

Дээш