logo
Хөдөөд ядуурал буурч байгаа нь төрөөс малчдын талаар гаргасан том том бодлогын нөлөө гэлээ

Хөдөөд ядуурал буурч байгаа нь төрөөс малчдын талаар гаргасан том том бодлогын нөлөө гэлээ

2012/05/03
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний Статистикийн хороо /ҮСХ/-ны 2011 оны үйл ажиллагааны тайланг сонссон юм. Сар бүр сэтгүүлчдэд мэдээлэл өгснөөр ажлаа хязгаарлаж болохгүй, Засгийн газар статистик мэдээг ажил болгож хэрэглэхгүй байгаад гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байлаа.
ҮСХ-ноос 1911 оноос хойшхи бүх мэдээллийг системчлэн сан байгуулж 2011 оны арванхоёрдугаар сарын 29-нд “Монгол Улс 100 жил” гэсэн хэвлэмэл материал гаргажээ. Одоо мэдээллийн баазыг шинэ зохион байгуулалтад оруулах гэж байгаа юм байна.
Мэдээлэл дотроос Монгол Улсын ядуурлын төвшин ганцхан жилийн дотор 39,9 хувиас 29,8 хувь болж 10 хувиар огцом буурсан нь гишүүдийн анхаарлыг татсан юм. Монголд ядуурлын төвшин 2001-2002 онд 36,1 хувь, 2007-2008 онд 35,2 хувь, 2009 онд 38,7 хувь, 2010 онд 39,2 хувьтай гарч байсан бол 2011 онд огцом буурч 29,8 хувь болсныг гишүүн Л.Гантөмөр “сэжигтэй тоо байна” гэсэн юм.
ҮСХ иргэдэд үнэ зарладаг комисс болчихоод байгааг тэрбээр бас санууллаа. ҮСХ яагаад Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийхгүй байгааг ч асууж байлаа. Инфляцтай холбоотой, түүнийг  зохицуулах ямар ч алхмыг Засгийн газар хийдэггүй, төв банк л анзаарч ашигладаг. Засгийн газар тоон мэдээллийг үргэлж ярьж байх ёстой. Гэтэл зөвхөн сайн тоог л зарладаг болохоос энэ тоог ашиглаад ийм алхам хийлээ гэсэн сайд байдаггүй гэдгийг гишүүд анхааруулж байв.
Л.Гантөмөр гишүүн “Ядуурал 10 хувиар буурсан юм бол жижиг, дунд үйлдвэр хөгжсөн үү. Хүнд суртал, гааль, татварын дарамт алга болсон уу. Энэ бүгд хэвээрээ байгаа бол 29 хувь гэсэн тоог улс төрийн ухуулга гэж үзэхээс аргагүй. Ядуурал гэнэт 10 хувиар буурсныг юу гэж үзэх вэ. Яагаад ядуу байсан хүн ядуу биш болчихов гэдгийг гаргаж өгөх хэрэгтэй. Засгийн газар тоон дээр үндэслэж ажил хийдэг болмоор байна. Их савлагаатай тоон дээр тайлбар хэлдэг болмоор байна гэж байв.
ҮСХ-ны дарга С.Мэндсайханы тайлбарласанаар 2010 он бол их зудын жил. Мал сүргийн 25,3 хувь нь зудад үрэгдсэн. Хорь гаруй мянган малчин өрхийн амьдралд том цохилт болсон. Харин 2011 онд өрхийн орлого 557 мянган төгрөг, мөнгөн орлого нь 505 мянган төгрөг болж урьд өмнөхөөс 28 хувиар нэмэгдсэн. Инфляц бараг нэг оронтой тоонд шилжиж 10,2 хувь болсон. Энэ бүхэн ядуурал буурахад нөлөөлсөн аж. Гишүүн Р.Буд ДНБ-ний өсөлт их байхад иргэдийн амьжиргаа өсөхгүй байна. ДНБ-ний хэдэн хувь гадагш гарч хий статистик болоод байна вэ. Хэдэн хувь нь дотооддоо үлддэг вэ гэсэн асуулт тавьсан ч ҮСХ-ны дарга С.Мэндсайханд бэлэн хариулт байсангүй. Ажилтнууд нь ч хариулсангүй, дараа тайлбар өгөхөөр болов.
Гишүүн А.Тлейханы ярьж буйгаар ялангуяа хөдөөд ядуурлын төвшин буурч байгаа нь мэдрэгдэж байгаа гэнэ. Төрөөс малчдын талаар гаргасан том том бодлого үүнд нөлөөлжээ. Эх орны хувь хишиг, оюутны тэтгэлэг зэрэг ч нөлөөлсөн гэж байв.
Харин эрчим хүчний баланс байхгүй урсгааараа явж буйг тэрбээр шүүмжилсэн юм. Нүүрсний гадаад үнэ дэлхийн жишигт хүрч байгаа эсэхийг бүү мэд. Түүнээс гадна цахилгаан, дулааны эх үүсвэр дутуу ч юм шиг, эсвэл өнөө маргаашгүй цахилгаан дулааны шинэ эх үүсвэр барих гээд ч байгаа юм шиг ойлгомжгүй байна гэсэн юм.
Гишүүн Р.Раш малчид цаг агаарын мэдээг яаж анхаарч сонсдог шиг гол гол газрууд статистик мэдээг тэгж анхаардаг болох ёстой гээд 2009 оны зудаас хойш хоёр жил сайхан зун болсон, энэ зун дахиад сайхан болбол мал хур тарга авч жинхэнэ чөмөг сууж малчдын амьдрал сайжирна гэлээ. Нэг хүнд ногдох ДНБ гэж тоо байдаг. Гэтэл баялаг цөөхөн хүний гар дээр эргэлдэж байгаа. Хүн амын ядуурлын төвшин буурлаа гэдэг нь тогоо шанагаа хангинуулж суугаа айлуудад тийм сайхан сонсогдохгүй л байх гэж байв. Гэхдээ Р.Раш гишүүн ҮСХ-ны ажлыг “зэгсэн” талдаа хэмээн үнэллээ.
 

Сэтгэгдэлүүд

Дээш