logo
2,7 сая хүн ам жилдээ долоон сая толгой малыг идшинд хэрэглэдэг

2,7 сая хүн ам жилдээ долоон сая толгой малыг идшинд хэрэглэдэг

2012/05/03
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Махны хангамж, нийлүүлэлтийн одоогийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Н.Баянмөнхийн мэдээллийг сонслоо.
Махны хангамж нийлүүлэлт сайнгүй, үнэ буухгүй байгааг энэ үеэр гишүүд хэлж байсан юм. Монгол Улсын хэмжээнд жилдээ 200 мянга орчим тонн мах бэлтгэдгийн 10 орчим хувийг гадаад зах зээлд нийлүүлж бусдыг дотоод хэрэгцээндээ зарцуулдаг байна. Голдуу ОХУ руу жилд 10-25 мянган тонн мах гаргадаг юм байна. Дэвшилттэй нь гэвэл өртөг шингэсэн, боловсруулсан махан бүтээгдэхүүнийг гадагш гаргадаг болжээ. Шар айрагны даруулга болгох хатаасан мах зэрэг нь гадаад зах зээлд нэлээд эрэлттэй болсон байна. Цаашдаа ч нэмүү өртөг шингэсэн үнэ цэнэтэй бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах бодлого баримталдаг болжээ.
Удахгүй зургадугаар сарын 1-нээс Хөдөө аж ахуйн биржийн хууль үйлчилж эхэлнэ. Ингэснээр  мах, ноос, ноолуурын үнэд шууд өөрчлөлт ороод эхэлнэ гэвэл үгүй гэдгийг дэд сайд хэлж байлаа. Улс орны онцлог, тархай бутархай суурьшилтайгаас үүдэж биржийг ажиллуулахад бэлтгэл хангах хэрэгтэй аж. Үүнд зориулсан үндэсний тогтолцоо байхгүй тул хоршооны үндэсний сүлжээ байгуулах хэрэгтэй гэдгийг дэд сайд Н.Баянмөнх хэллээ. Малчид хоршоондоо бүтээгдэхүүнээ тушаадаг, сумд нэгдсэн хоршоотой болох шаардлагатай гэнэ.
Гишүүн А.Тлейхан Монгол Улс 2,7 сая хүн амтай, 40 гаруй сая толгой малтай, түүнээс жилдээ долоон сая толгой малыг идшинд хэрэглэдэг. Аливаа зүйл хоёр талтай тул мал, махны үнэ өсөх нь малчдад ашигтай, хот суурины иргэдэд хүндрэлтэй. Төрөөс тодорхой татаас өгч байж мах хямдрах боломжтой. Мөн хямд үед нь өрх бүр мах нөөцөлж авч үнийг дараа төлөхөөр зохицуулбал яасан юм бэ гэж байлаа. Төрөөс махны үнэд хяналт тавих ёстой. Малыг бэлчээрээс нь авчирч нядлах бус тодорхой хугацаанд бордож байж нядалдаг тогтолцоонд шилжих ёстой гэсэн юм.
Гишүүн Д.Дамба-Очир “Монгол Улсын мал 50 сая толгойд хүрч энэ жил есөн сая төл хүлээн авах боломж бүрдлээ. Олон ихэр төл гарч байна гэж дэд сайд хэллээ. Гэтэл махны үнэ өндөр байна. Орхон аймагт хонины кг ястай мах 7200, үхрийнх 7800 төгрөг байна. Инфляцийн 68 хувь махны үнэтэй холбоотой. Хөдөөнөөс мах бага орж ирж байгааг ченжүүд хэлж байна. Хүний хөгжлийн мөнгө авдаг, оюутнууд тэтгэлэгтэй болсноор малчид малаа зарахаа больжээ. Махны 90-95 хувь нь ченжийн гараар дамждаг. Үүнийг зохицуулахгүй байж бирж яриад хэрэггүй” гэлээ.
Дэд сайд Н.Баянмөнхийн хэлснээр бага оврын трактор зэрэг хэрэгцээт техникээр мах бартердах санал  тавьж болохоор байгаа ажээ.
Харин гишүүн Г.Батхүү “Бодлогын яам аж ахуйн яам шиг трактороор мах солино гэх зэргээр ярьж таарахгүй. Малчдаас авч байгаа мах, зах дээр зарагдаж байгаа мах хоёрын үнэд ялгаа их байна. Малчдын гараас малын амьдын жингийн нэг кг-ыг 1200-1300 төгрөгөөр аваад Хүчит шонхор зах дээр хонины мах кг нь 6600 төгрөг, үхэр 7200 төгрөг болоод зарагдаж байна. Бөмбөгөр дээр үүнээс арай үнэтэй байна” гээд малчдаас хямдхан авсан мах хэрэглэгчдийн гар дээр дөрөв нугарч өссөн үнээр ирж байгааг анхаарах хэрэгтэй гэж байлаа.
Байнгын хорооны дарга Р.Буд долдугаар сарын 1 гэхэд иргэдийн махны хангамжийг сайжруулж одоогийнхоос дордуулахгүй байх нь чухал гээд мал хямд байхад худалдаж аваад туувраар төв суурин газарт авчирч нядалдаг уламжлалт аргыг түлхүү хэрэглэх ёстойг сануулж байв. Нийслэл, Дархан, Эрдэнэтээс гадна аймаг, сумын төвийн хангамжид анхаарах ёстойг ч хэлсэн юм. Гол махаар стейк зэрэг хоол хийдэг өндөр зэрэглэлийн зоогийн газрууд олширсон, үүний дараа орох сайн махыг сорчилж авдаг хэсэг ч гарсан. Ингэснээр жинхэнэ хэрэглэгчдэд хүрэх мах хомсдоод байгааг  үгүйсгэж болохгүй гэж байлаа.
Ямар боловч долдугаар сарын 1 хүртэл нийслэлийн махны хангамжид анхаарах ёстойг сануулж сүүлийн гурван сарын инфляцийн 90 хувьд махны үнэ нөлөөлснийг байнгын хорооноос анхааруулав. Энэ жил сонгуулийн жил тул махны асуудлыг улс төрийн сэдэв болгохгүй байхыг мөн сануулсан юм.
 

Сэтгэгдэлүүд

Дээш