logo
Газрын тосоо Монголдоо боловсруулж, хэрэгцээгээ бүрэн хангана

Газрын тосоо Монголдоо боловсруулж, хэрэгцээгээ бүрэн хангана

2012/06/15
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Тамсагийн нефтиэр цагаан дээлээ мялааж байснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Монголчууд газрын тостой гэдгээ “мэдсэн”-ээс хойш Монгол Улс газрын тосны олборлогч орон болсноо зарлах хүртэл энэ салбар ахисан гэсэн үг. Өөрсдөө газрын тостой, тэгээд бас түүнийгээ олборлодог орон хэрнээ бид газрын тосны бүтээгдэхүүнээр ганцхан улсаас бараг 100 хувь хараат байсаар ирлээ. ОХУ крантаа хаахад Монголд хомсдол болдог, эсвэл үнэ нь тэнгэрт хаддаг болчихсон нь нуух аргагүй үнэн. Санаж байвал, өнгөрсөн зун литр бензин 2000 төгрөг давж, бүр олдохоо байсан үе ч бий. Ёс юм шиг орос ах нар хадлан тариалан, баяр ёслол, цас зуднаар үнэ нэмдэг гаж тогтолцоо ч бий болчихсон гэмээр үе байдаг. Харин таатай мэдээ дуулгахад, Монгол Улс ирэх дөрвөн жилд өөрсдөө газрын тосоо боловсруулдаг, дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах зорилт тавилаа. Энэ бол эрх баригч Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон шинэ үйлдвэржилтийн бодлогын нэг хэсэг.

Монголд юу үнэтэй байна, юу олдоц муутай байна, түүнийг үйлдвэрлэх зорилтыг МАН дэвшүүлжээ. Шинэ үйлдвэржилтийн бодлогын хүрээнд монгол бензин, монгол төмөр, монгол зэс, монгол алт, монгол жонш, монгол цемент, монгол арматур, монгол ургамлын тос үндэсний хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэдгээ ард түмэндээ амлалаа. Эх орныхоо хэрэгцээг хангана, экспортын бүтээгдэхүүн нэмэгдэнэ, импортыг орлоно гэсэн энэ том зорилт биелэх бүрэн боломж ч байгаа юм.

Яагаад гэвэл, УИХ-д МАН олонхи болж, засгаа барьсан өнгөрсөн дөрвөн жилд багагүй ажлууд хийгджээ. Үүнийгээ л үргэлжлүүлэх бодлогыг баримтлах болсноо тус нам  мөрийн хөтөлбөртөө тусгасан юм байна. Тухайлбал, газрын тосны олборлолт, экспортоос 2009 онд 30 тэрбум, 2010 онд 52.7 тэрбум, 2011 онд 71.36 тэрбум төгрөг улсын төсөвт орсон байна. Тамсагийн сав газар дахь Тосон-Уул талбайд түүхий тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих, буулгах ил байгууламж 2011 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон юм. “Дорнод газрын тос”, Дарханд жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах төрийн өмчийн оролцоотой үйлдвэр байгуулахаар шийдвэрлэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Мөн Зүүнбаян, Сонгинохайрхан дүүргийн Рашаант өртөөнд жилд тус тус 300 мянган тонн, Говьсүмбэрийн Баянталд жилд 1.2 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авч, ажлаа эхлээд байгаа юм байна. Тиймээс МАН-ынхан “Газрын тос, кокс, нүүрсний давхрага дахь байгалийн хийг ашиглаж, шатдаг хий, шингэн түлш, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Газрын тосны олборлолтыг 7.5 сая баррельд хүргэнэ. Монгол орны төв /Дархан/, өмнөд /Сайншанд/, баруун /Ховд/, зүүн /Чойбалсан/ бүсэд газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулж, дотоод хэрэгцээгээ бүрэн хангана. Газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгоно, хөрөнгө оруулах үндэсний компаниудыг дэмжинэ” гэсэн заалт мөрийн хөтөлбөртөө оруулсан байна.

Мөн “Монгол зэс” үндэсний хөтөлбөр ч эхлэлээ тавьсныг дуулгая. Эрдэнэт үйлдвэрийн хаягдал буюу балансын бус хүдрийн овоолгод түшиглэн катодын зэс, цувимал зэс, зэс утас үйлдвэрлэж эхлээд байна.

“Монгол төмөр”-ийн хүрээнд хар төмөрлөгийн цогцолбор барих сонгон шалгаруулалтын техникийн болон санхүүгийн саналыг нээж дүгнээд байна.

Кокс, химийн үйлдвэрүүдийг ч хөгжүүлэхээр хийн түлш гаргаж авах зорилгоор 21 ордын 70 тэрбум метр куб метан хийн тойм нөөцийг тооцон гаргасан юм байна. Улаанбаатар, таван аймагт шингэрүүлсэн шатдаг хийг жижиглэнгээр борлуулж эхэллээ. Шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашин цэнэглэх таван станц ажиллаж эхэллээ. Эхний ээлжинд 156 таксиг хийн түлшинд шилжүүлсэн, том оврын автобусанд суурилуулах хөрөнгө мөнгийг тусгаад байна гээд МАН-ын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг дурдаад байвал олон бий. Ирэх дөрвөн жилд бүтээснээсээ ихийг бүтээх зорилго тавьсныг ч бас онцолъё.

Ц.ХЭРЛЭН
 

Сэтгэгдэлүүд

Дээш